Яндангүй сууцанд дулаан, тохьтой амьдарч байна

Нийгэм / Time Admin
9 өдрийн өмнө

Энэ бүсгүйг н.Сэлэнгэ гэдэг. Чингэлтэй дүүргийн VIII хороо, бидний ярьж дадсанаар МҮОНРТ-ийн орчимд ам бүл долуулаа амьдардаг. Агаарын бохирдол, утаа хамгийн ихтэй гэх хэсэгт амьдардаг ч тэднийх утаагүй. Учир нь тэдний байшин яндангүй, гал түлдэггүй.

“Яндангүй байшин”-г “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийнхөн барьжээ. Ингэхдээ төсөв, төслөөс нэг ч төгрөг зарцуулалгүй, дан хандивлагчдын хөрөнгөөр буюу нийт 35 сая төгрөгөөр 64 метр квадрат бүхий хоёр давхар амины орон сууц босгосон байна. Байшинд нарны эрчмийг хангалттай ашиглахын тулд гурван давхар шил бүхий том цонхнуудыг байрлуулжээ. Байшингийн нүүрэн тал нь тэр чигтээ том цонхноос бүтсэн нь байгалийн илчийг шууд нэвтрүүлэхээс гадна байшинг загварлаг, орчин үеийн шийдэлтэй харагдуулж байв. Өдрийн туршид дулаан хэмжигч 20 хэмийг заадаг бөгөөд нар буух үеэс цахилгааны зарцуулалт багатай хүрмэн чулуун халаагчийг ажиллуулан дулаанаа хадгалдаг байна. Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифийг хөнгөлсөн учраас цахилгаан халаагчийг залгаснаар төлбөрийн дарамт үүсэхгүй аж.

“Яндангүй сууц” баригдаж эхлэхэд “Дэлгэр Онон Партнерс” ХХК хүрмэн чулуун халаалтаа хандивласан бөгөөд уг чулуун халаалтыг хүссэн хэмжээ, загвараар захиалан авах боломжтой юм байна. н.Сэлэнгээгийн байшинд хэмжээ загвар өөр дөрвөн чулууун халаагчийг байрлуулсан бөгөөд цахилгааны зардалд нэг сард 40-60 мянган төгрөг зарцуулдаг байна. Уран зураг мэт харагдах уг халаагчийг байшингийнхаа дурын цэгт хүссэн загвараар байршуулж болох бөгөөд байгалийн чулуу тул бага насны хүүхэд хүрсэн ч түлэгдэхгүй байх давуу талтай аж. 

Түүнчлэн боловсон бие засах газар бүхий ариун цэврийн өрөөг ч тохижуулжээ. Учир нь гурван метр гүн бетонон хийц бүхий бохирын худгийг шийдсэн бөгөөд бохир дүүрэх үед соруулан авах учир хөрсний бохирдол үүсэх аюулгүй юм байна.

“Яндангүй сууц” ийнхүү н.Сэлэнгэ гэх азтай бүсгүйн гэр бүлийн амьдралд ашиглагдан, яндангүй ч дулаахан тохьтой амьдарч болохыг батлан туршигдаж байна.