Г.Эрхэмбаяр: Элгээр бялуу хийдэг гэж амьдралдаа сонсож байсангүй

Мэргэшсэн хоёр ахлах тогооч, мэргэжлийн гал тогоонд хөл тавьж байгаагүй хоёр туслах тогооч нарын өрсөлдөөн. Мэргэшсэн ахлах тогооч бүхээг дотроос чихэвч, микрофон ашиглан оролцогч буюу туслах тогоочдоо хоол хийхийг зааварлана. Энэ бол "Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлэг юм. 

Нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаарт "Blue Fin" рестораны үүсгэн байгуулагч, ахлах тогооч П.Ганбат, жүжигчин Г.Эрхэмбаяр нар нэг баг болсон бол тэдний эсрэг “Номадс турс Экспедишнс” ХХК-ийн ахлах тогооч Б.Ариунбилэг, Sweetymotion хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа нар өрсөлдлөө. 

Оролцогч хоёр болох жүжигчин Г.Эрхэмбаяр, дуучин Г.Сүндэрмаа нар энэ дугаарт, өөрсдийн ахлах тогооч нарын заавраар элгэн бялуу хийв. Нэг цагийн дотор оролцогчид хэрхэн элгэн бялуу-ны жорыг энд-ээс хүлээн авч үзээрэй.  

Элгэн бялуу бол Оросын бүх баярын ширээнд заавал байдаг хоол гэдэг. Харин оролцогч хоёрын хувьд элгэн бялууг огт хийж үзээгүй, Эрхэмээгийн хувьд “Элгээр бялуу хийдэг гэж огт сонсож байгаагүй” хэмээсэн юм.

Ингээд хоёр оролцогч маань ахлах тогооч нарынхаа заавраар хоолны орц болох 20 орчим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдээс сонгож, бэлтгэлийн ширээнийхээ ард ирлээ. Хоолоо бэлтгэж эхлэхэд ахлах тогооч П.Ганбат өөрийн туслах тогооч болох оролцогч Эрхэмээг эхнээсээ яаруулж байв. Харин ахлах тогооч Б.Ариунбилэгийн хувьд Сүндэрээгээс “Ам бүл хэдүүлээ вэ, танай гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй вэ” хэмээн хоол хийх зааварчилгааны цагаас үрж байгаа гэдгээ, нэвтрүүлгийн эхний 10 минутын хугацаа өнгөрсний дараа ойлгож, гэнэт яарлаа. Мөн Сүндэрээ “Манай гэрийн гал тогоо биш болохоор хаана, юу байгаа нь мэдэгдэхгүй...” хэмээн хэлсэн юм.

Маш давчуу цаг, яарсан хоёр оролцогч тогоочоос ядаж байхад хөтлөгч Миеэгомбо “Уран бүтээлийн сонин сайхан” асууж, оролцогч түнд нь нэг хоёрхон үгээр хариулна. Нэвтрүүлгийн хөтлөгч хэрвээ хүсвэл оролцогчийн хийж буй хоолыг ч нууж хорлох эрхтэй. 

Энэ зуур Сүндэрээгийн блиндр ажиллахгүй байсан тул Эрхэмээгийн ширээн дээрх блиндрийг хэрэглээд амжив. 

Зөвхөн хоолны зааварчилгаа ярина гэж юу байхав, ахлах тогооч П.Ганбат өөрийн туслах тогооч Эрхэмээгээс “Чи ер нь барилдаж байсан уу, чих нь хулгар биш болохоос барилддаг шинжтэй байна” хэмээв. Үнэхээр ч оролцогч жүжигчин Эрхэмээ хүүхэд ахуйдаа сонгомол бөхийн төрлөөр хичээллэж байжээ.

Хагас цаг өнгөрлөө. Сүндэрээ блинчикээ түлснийг эс тооцвол оролцогчид тун амжилттай элгэн бялуугаа хийж байв. 

Эцэст нь “5 минутын хугацаа үлдлээ, ахлахууд аа” гэж хөтлөгч зарлахад ахлахууд улам яарч, “Хий, хий, зоригтой хий. Тагла” хэмээв. Харин оролцогч Эрхэмээ хийсэн хоолоо асгахаа шахав. Ингээд цаг дуусахад хоёр ахлах тогооч чихэвчээ тайлан туслахуудтайгаа уулзав. 

Оролцогч П.Ганбат, “Үнэнийг хэлэхэд өшиглөөд авмаар л байлаа” хэмээн хоолоо хийж дууссны дараа ярьсан нь нэвтрүүлгийн хэсэгт үлджээ. Гэсэн ч тогооч Ганбат туслах тогоочоо найрсгаар тэвэрлээ.  Тэдний хийсэн хоолыг ахлах тогооч Г.Мөнгөндолгио амталж, ялагчийг тодруулах ёстой. 

Ингээд шүүгчийн шийдвэрээр “Хөх баг” буюу ахлах тогооч П.Ганбат, туслах тогооч жүжигчин Г.Эрхэмбаяр нар яллаа. "Хоолоо амсаж үзэхэд яах аргагүй манайх илүү байлаа” хэмээн Эрхэмээ хэлсэн юм. 

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх: