Хүндийг өргөлтийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин М.Анхцэцэг боллоо

Спорт / Time Admin
8 өдрийн өмнө

АНУ-ын Анахайм хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд 68 орны 328 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад гурван эмэгтэй тамирчин хүч үзэж байгаа билээ.

Эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Анхцэцэг огцом өргөлтөөр хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин жингийнхээ “А” хэсэгт өрсөлдсөн бөгөөд огцом өргөлтөөр 101 кг-ыг захиалаад байсан бөгөөд 107 кг-ыг өргөж, медалийн болзол хангалаа. Тэрбээр эхний оролдлогоор 101 кг-ыг өргөж, удаах 106 кг-ыг алдаатай өргөсөн ч сүүлийн гурав дахь оролдлого 107 кг-ыг амжилттай өргөлөө.

Ийнхүү М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхлан Дэлхийн аваргын медальтан боллоо.