Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 12 дугаар сарын 5, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
8 өдрийн өмнө

1. Монголд ажиллаж буй Хойд солонгосчууд нутаг буцна

Хойд Солонгосын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт тив алгасагч балластик пуужин туршсаны дараа олон улсын хамтын нийгэмлэг, томоохон улс гүрнүүд тус улстай харилцаа холбоогоо таслахыг уриалж эхлээд байна. НҮБ-ын зүгээс Хойд Солонгост хатуу хориг арга хэмжээ авч байгаа тул Монголд ажиллаж буй тус улсын ажилчид нутаг буцах шаардлагатай болж байна гэж “digitaljournal.com” сайтад бичсэн байна. Тэнд өгүүлснээр Монгол Улсад тус улсын 1200 орчим хүн ажилладаг. 2013 онд 2123 хүн ажилладаг байжээ. Энэ тухай Монголын Гадаад харилцааны яамны эрх бүхий ажилтан Ш.Одонбаатар “НҮБ-ын тогтоолын улмаас манай байгууллагууд Хойд Солонгосын ажилчдад шинэ гэрээ санал болгох эрхгүй. Монгол Улс тогтоолын хэсэг бүрийг дагаж мөрдөнө” гэжээ. [Time.mn]

2. Нийслэлийн 2018 оны төсвийг баталлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар  “Нийслэлийн  2018 оны төсөв”-ийг баталлаа. Ирэх 2018 онд Нийслэлийн төсөвт  800 тэрбум  356  сая  төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 81.4 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар,  хүлээгдэж буй гүйцэтгэлээс 108.0 тэрбум төгрөгөөр буюу 15.6 хувиар, 2016 оны гүйцэтгэлээс 44.5 хувиар тус тус нэмэгдүүлсэн дүнтэй байна. Төсвийн урсгал зардлын талаар мэдээлэхэд, 100.5 мянган оюутан, ахмад настан, цагдаагийн албан хаагчид,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардалд 35.9 тэрбум төгрөг, нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд 78.9, нийгмийн халамжийн сангийн зардалд 107,1 тэрбум төгрөг,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 5.2 тэрбум, нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих хөтөлбөр арга хэмжээнд 16.1 тэрбум төгрөг, бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 14.4 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөөд байна. [Ulaanbaatar.mn]

3. АТГ оффшорын асуудлаар шалгалт явуулж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “оффшор”-ын асуудлаар УИХ-ын гишүүд саналаа хэлсэн байна. Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргал, “Хуулийн дагуу 2018 оны хоёрдугаар сарын 3-ны дотор оффшор бүсээс хөрөнгөө татаж эцсийн байдлаар мэдээллээ ирүүлэх ёстой. Гэхдээ оффшор бүсээс хөрөнгө татах хугацааг Засгийн газраас өөрчилж магадгүй гэсэн мэдээлэл байгаа. Тэгвэл энэ хугацаа хойшилно гэсэн үг. Офшорын тодорхой бүсүүдийг УИХ-аас зарласан. С.Баярцогтын асуудлыг мөн Ж.Оюунгэрэл, Б.Дэлгэрсайхан нарыг шалгаж байгаа. Офшорт байгаа хөрөнгөө татвараас нуусан уу гэдгийг тогтоох хэрэгтэй.” гэжээ. [News.mn]

4. 517 дотуур байранд 35 мянга гаруй хүүхэд амьдарч байна

БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг ивээх сан, Норвегийн тусламжийн байгууллага хамтран анх удаа “Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Үндэсний зөвлөгөөн энэ сарын өчигдөр өнөөдөр хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ЕБС-ийн дотуур байрны багш, нийгмийн ажилтан, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 170 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Энэ жил улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянга гаруй хүүхэд амьдарч байгаа аж. 6-18 насны хүүхдүүд жилийн 224-245 хоног буюу есөн сар эцэг эх, гэр бүлээсээ хол дотуур байранд амьдардаг байна. [Medee.mn]

5. М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхны ДАШТ-ий медальтан болов

АНУ-ын Калифорни муж улсын Анахайм хотноо зохиогдож байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д огцом өргөлтийн төрөлд 107 кг-ыг өргөсөн амжилтаар Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхны ДАШТ-ий медальтан болов. Тэмцээний үеэр М.Анхцэцэгийн гэмтэл сэдэрсэн тул дасгалжуулагч Ц.Хосбаярын шийдвэрээр түлхэлттэй өргөлтийн тэмцээнээс нэрийг нь татсан байна. [Montsame.mn] 

6. Москвад дулааны шугам задарснаас 600 мянган хүний орон байр халаалтгүй болжээ

ОХУ-ын нийслэл Москва хотноо "Мосэнерго" компанийн ТЭЦ-23 цахилгаан станцийн дулааны шугам задарснаас найман хүн түлэгдэж бэртжээ. Тус хотын Гольяново дүүрэгт лхагва гарагийн шөнө шугам задарснаас  шөнийн хоёр цагт 600 мянган хүний орон байр, 30 цэцэрлэг, 40 сургуулийн халаалт муудсан байна. Ослын улмаас 900 гаруй орон сууцыг нөөцийн дулаанаар хангаж эхэлжээ. [Gogo.mn]

7. Барак Обама Си Зиньпинтэй уулзсаныхаа дараа Далай ламтай уулзав

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрсөн долоо хоногт Бээжин хотод Хятадын удирдагч Си Зиньпинтэй уулзалт хийсэн юм. Тэрбээр үүний дараа баасан гарагт Энэтхэгт Түвдийн Гадаад дахь засгийн газрын байранд Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтай уулзалт хийжээ. Барак Обама, Далай ламын уулзалтын гол сэдэв нь дэлхийд энх тайвныг хэрхэн тогтоох асуудал байсан гэж Дээрхийн гэгээнтний хэвлэлийн төлөөлөгч Касур Тэмпа Цэрэн мэдэгдсэн байна. [Time.mn]

8. Хятадын 1.8 сая хөгжүүлэгч “App Store”-оос $17 тэрбумыг олжээ

Өнгөрсөн өдрүүдэд Хятадын Вужень хотод олон улсын кибер орчны зохицуулалтын хурал болж өнгөрлөө. Хятадын засгийн газраас зохион байгуулсан энэ арга хэмжээнд дэлхийн технологийн ертөнцийн томчууд биечлэн оролцсон байна. Тэдгээрийн нэг, Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өчигдөр буюу Ням гарагт илтгэл тавьжээ. Тэр хэлсэн үгэндээ Хятадын аппликэшн хөгжүүлэгчдийн талаар зарим тоо баримт дурдсан байна. [Ikon.mn]

9. Йемений иргэд гэрээсээ ч гарч чадахгүй байна

Йемений нийслэл Сана хотод мөргөлдөөн газар авч, хөл хөдөлгөөнийг хязгаарлажээ. Зэвсэгт мөргөлдөөний улмаас бэртэж шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхэд ч бэрх байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ гаднаас авдаг энэ улсад гурван жилийн өмнө эхэлсэн мөргөлдөөн хурцдаж, ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгджээ. Хүнсний хомсдлын улмаас өлсгөлөн, элдэв өвчин газар авч, олон мянган хүүхдийн амь нас эрсдэж байгааг НҮБ-аас мэдээлэв. [Zindaa.mn]

10. АНУ-д сав шилжүүлэн суулгуулсан эмэгтэй нярайлжээ

АНУ-д сав шилжүүлэн суулгуулсан эмэгтэй нярайлсан тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ. АНУ-ын Техас муж улсын Даллас хотын “The Baylor Scott & White Medical Center“ эмнэлгийн эмч нар  2016 оны есдүгээр сард Шведийн эмч нарын тусламжтайгаар дөрвөн эмэгтэйд сав шилжүүлэн суулгах мэс засал хийж байжээ. Энэ дөрвөн эмэгтэйн нэг нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нярайлсан байна. [Montsame.mn]