Сэтгүүлчийг хөнөөсөн байж болзошгүй сэжигтнүүдийг баривчлав

Дэлхий / Time Admin
8 өдрийн өмнө


Мальта улсын сэтгүүлч Дафне Караунагийн амийг хөнөөсөн байж болзошгүй 8 сэжигтнийг тус улсын цагдаа нар баривчилсан тухай Ерөнхий сайд Жосеф Мускат мэдэгджээ. Өмнө нь тэд хоёр сэжигтнийг баривчилсан юм.

Нэрт сэтгүүлч нь Олон улсын сэтгүүлчдийн консурциумд нэгдэж улсынхаа бизнес, улстөрийн нэр бүхий хүмүүстэй холбоотой Панамын баримт бичгүүдийг ил болгож, энэ талаарх авлига, албан тушаалын гэмт хэргийн томоохон судалгаа явуулж байв.

Дафне Караунаг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр Мальтагийн цагдаагаас гадна АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Европын цагдаагийн байгууллага, Интерпол, Финландын тусгай хороо, Германы үндэсний аюулгүй байдлын байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байгаа аж.

Мальтагийн хууль сахиулагчид сэтгүүлчийн амийг хөнөөсөн гэмт хэрэгтэй холбоотой баталгаатай мэдээллийг өгсөн хүнд 1 сая евро амлажээ.Дафне Карауна энэ оны аравдугаар сарын 16-нд автомашинтайгаа дэлбэрч амиа алдсан. Цагдаа нар уг хэргийг зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байгаа юм.