Гашуун сухайт боомт руу нүүрс тээвэрлэдэг замыг хаажээ

Орон нутаг / Admin
2017 оны 12 сарын 03

“Тавантолгой” уурхайгаас Гашуун сухайт боомт руу нүүрс тээвэрлэх хатуу хучилттай замаас шороон зам руу буух хэсгүүдийг хаажээ.

Зориулалтын бус замаар тээвэр хийсний улмаас Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрийг талхалж, малын бэлчээрийг устган, нутгийн иргэд амьдрах боломжгүй болсон тул зарим шороон замыг хааснаа орон нутгийн эх сурвалж мэдээлэв. Шороон замаар нүүрс тээвэрлэхийг таслан зогсоохын тулд тус сумын удирдлага, албан хаагчид, малчид, иргэд, цагдаа хамтран ээлж ээлжээр эргүүлд гарах болжээ.

Энэ долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар уртын урт буюу уурхайн амнаас шууд тээвэрлэн хилээр гардаг тээврийг цуцалж, урт-богинын тээвэрт шилжих шийдвэр гаргасан. Ханбогд сумын Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр 'Оюутолгой” компанид хүсэлт тавин, техник хэрэгслийн тусламж авч, малчидтай зөвлөлдөн нүүрс тээврийн зам дагуу гарц, малын гармуудыг хаахаар болжээ. Улмаар гарц, гармуудыг нүүрс тээврийн машин зорчихгүй байхаар хааж, шуудуу татан эргүүлийн пост ажиллуулж эхэлсэн байна.