Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 12 дугаар сарын 4, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
9 өдрийн өмнө

1. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд газар хөдөлжээ

Өнөөдөр буюу энэ сарын 2-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас найман км зайд, Бор толгой нэртэй газар  11.04 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлт 3.9 магнитуд байсан бөгөөд ноцтой аюул учраагүй байна хэмээн албаныхан мэдээллэв. Түүнчлэн тус суманд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд 0,2-3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт хэд, хэдэн удаа болж, өндөржүүлсэн байдалд шилжиж байжээ. [Medee.mn]

2. Б.Янжиндулам ой тогтоолтын дэлхийн рекордыг шинжилжээ

Ой тогтоолтын олон улсын уралдаануудад өндөр амжилт үзүүлж, олон улсад гайхагдаж буй монгол охин Б.Янжиндулам Индонез улсад зохион байгуулагдсан ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 15 минутад 212 хүний нэр, нүүр тогтоосноор дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Б.Янжиндулам буюу Янжаа нь дөрвөн настайдаа ээжийнхээ хамт Шведийг зорьсон бөгөөд 14 орны хэлээр чөлөөтэй ярьдаг юм. Мөн тэрбээр хамгийн сүүлд алдарт Стив Харвигийн шоунд оролцсон анхны Монгол хүнээр тодорчээ. [News.mn]

3. Токиогийн “Их дуулга”-д анх удаа монголын эрэгтэй жүдоч аваргаллаа

Японы Токио хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар аваргын алтан медалийг хүртлээ. Тэрбээр финалын барилдаанд БНСУ-ын Ли Сун Хог хоёр минутанд цэвэр ялсан юм. Мөн энэ жинд барилдсан Н.Давгасүрэн хүрэл медалийн барилдаанд Португалын Э.Анриг нэмэлт цагт торгуулиар ялж, медалийн тавцанд зогслоо. Манай жүдочид 1999 оноос хойш уг тэмцээнд оролцож байсан ч эрэгтэй жүдоч нар алтан медаль хүртэж байгаагүй юм. Харин МУГТ М.Уранцэцэг өнгөрсөн онд энэхүү тэмцээнээс алтан медаль хүртэж байв. [Gogo.mn]

4. Сонсголгүй хүүхдүүдэд зориулсан дохионы хэлний зурагт толь хэвлэгджээ

НҮБ-ын Хүүхдийн сан, “Сонсголгүйн боловсрол” ТББ, БСШУСЯ-тай  хамтран сонсголын бэрхшээлтэй сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан дохионы хэлний толь бичгийг хэвллүүллээ. Энэхүү толь бичигт сургуулийн өмнөх насны сонсголгүй хүүхдүүдэд зориулсан анхан шатны 1000 үгийг багтаажээ. Эрүүл хүн  өдөр тутмынхаа харилцааг 3000 үгэнд багтаан ярьдаг. Энэ 1000 үг бол сургуулийн өмнөх насны хүүхэд мэдэж байх ёстой үг юм. Эдгээр дохиог хүүхэд хэдийчинээ сайн сурна төдийчинээ тухайн хүүхдийн танин мэдэхүйн хөгжил нь сайжирч сургуульд амжилттай суралцах бэлтгэл болно гэж яамны мэргэжилтнүүд үзэж байна. [Montsoma.mn]

5. Гашуун сухайт руу нүүрс тээвэрлэх замуудыг хаажээ

“Тавантолгой” уурхайгаас Гашуун сухайт боомт руу нүүрс тээвэрлэх хатуу хучилттай замаас шороон зам руу буух хэсгүүдийг хаажээ. Зориулалтын бус замаар тээвэр хийсний улмаас Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрийг талхалж, малын бэлчээрийг устган, нутгийн иргэд амьдрах боломжгүй болсон тул зарим шороон замыг хааснаа орон нутгийн эх сурвалж мэдээлэв. Шороон замаар нүүрс тээвэрлэхийг таслан зогсоохын тулд тус сумын удирдлага, албан хаагчид, малчид, иргэд, цагдаа хамтран ээлж ээлжээр эргүүлд гарах болжээ. [Time.mn]

6.  Сав шилжүүлэн суулгах мэс заслын дараа эрүүл хүүхэд төржээ

АНУ-ын Даллас хотын оршин суугч, 36 настай Тайлор Силер сав шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсний дараа жирэмсэн болж, хүүхдээ амжилттай төрүүлж чаджээ. Тэрбээр улсынхаа хэмжээнд ийм ховор мэс засалд орж, эрүүл саруул хүүхэд төрүүлж чадсан анхны эмэгтэй болж байгаа аж. Тайлор Силер өмнө нь хоёр хүүхэд төрүүлсэн байна. Тэд эрүүл саруул өсч торниж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн ноцтой шалтгааны улмаас бүсгүйн савыг яаралтай сольж, шилжүүлэн суулгах ёстой гэж эмч нар 2016 онд анхааруулж, мэс засал хийлгэжээ. [Time.mn]

7. Өмнөд Солонгост хөлөг онгоцууд мөргөлдсөний улмаас 13 хүн амиа алджээ

Өмнөд Солонгосын баруун эрэгт өнөө өглөө загас агнуурын хөлөг онгоц нефть тээвэрлэгч хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас 13 хүн амиа алдсан тухай тус улсын Эргийн харуулын алба мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав. Эх сурвалжийн мэдээлснээр, Сөүл хотоос баруун зүгт орших Йонхун арлын усанд орон нутгийн цагаар ням гарагийн буюу өнөө өглөөний 6:12 цагт хөлгийн багийн хоёр гишүүнээс гадна 20 хүн тээвэрлэж явсан 9.77 тонн жинтэй загас агнуурын хөлөг онгоц болон 336 тонн жинтэй нефть тээвэрлэгч хөлөг мөргөлдсөнөөр загас агнуурын хөлөг онгоц хөмөрсөн байна. [Montsame.mn]

8. Цөмийн туршилтын орчимд газар хөдөлжээ

Хойд Солонгосын дэглэм зургаа дахь удаагийн цөмийн туршилт явуулсан газрын ойролцоо өнөөдөр өглөө /2017.12.02/ газар хөдөлсөн гэж Өмнөд Солонгосын цаг уурын агентлаг мэдээллээ. БНАСАУ-ын умард Хамгён мужийн Килжү хотод өнөөдөр 07.45 цагт 2.5 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. Энэ нь өнгөрсөн есдүгээр сарын 3-нд цөмийн туршилт хийсэн газраас ердөө 2.7 км зайтай юм байна. Өмнөд Солонгосын Цаг уур судлалын газрын мэдэгдсэнээр энэхүү газар хөдлөлт байгалийн үзэгдэл, гэхдээ өмнөх цөмийн туршилтаар сэдээгдсэн байж болзошгүй гэнэ. [News.mn]

9. Хакухогоос уучлал гуйлгахын тулд Харумафүжи Таканойваг зодсон гэжээ

Сүмогийн холбооны захирлуудын хурал өнгөрсөн Пүрэв гарагт болж, тус холбооны хямралын үеийн удирдах хорооноос ирүүлсэн урьдчилсан тайлантай танилцсан байна. Хакухог ярьж байх зуур Таканойва гар утсаараа оролдож суусан байна. Үүнийг харсан Харумафүжи түүнд Хакухогийн үгийг сонсохыг шаардахад Таканойва “Би найз охиноосоо ирсэн имэйлийг уншиж байна” хэмээн хайхрамжгүй хэлжээ. Үүнд уурссан Харумафүжи Такаонойваг алгадаж, Хакухогоос уучлал гуйхыг шаардахад залуу бөх өөдөөс нь муухай харж, эсэргүүцэл үзүүлсэн гэнэ. [Ikon.mn]  

10. Анжелина Жолитой адилхан болох гээд 50 мэс засал хийлгэжээ

Ираны Сахар Табар (Sahar Tabar) хэмээх 19 настай бүсгүй өөрийн шүтээн жүжигчин Анжелина Жолитой адилхан болох гэж 50 удаа гоо сайхны хагалгаанд оржээ. Тэрбээр Анжелина Жолиг үнэн сэтгэлээсээ шүтэн биширдэг гэж ярьдаг ч гэрбүлийнхэн нь түүнийг шүтсэнээсээ болоод арай л хэтэрлээ гэж үздэг байна. Сахар уруулаа томсгож, хамраа янзлуулж, нүүрээ засуулсан ч цахим ертөнцөд түүнийг Жолитой биш зомбитой адилхан гэж үзжээ. Шүтээнтэйгээ адил болох гэж тэр жин барьсаар одоо 40 кг жинтэй гэнэ. [ub.life]