Чингис хааны шүтээн хөрөг ном боллоо

Чингис хааны төрсөн өдрийг хуульчлан тогтоож, тэр өдрөө Үндэсний бахархлын өдөр болгосныг өөлөн шүүмжилсэн гашуун үгс мартагдаж, энэ өдрийн утга агуулга, мөн чанар он удах тусам улам бүр тодорсоор байна. Энэ өдөр монголчууд бид их хаантайгаа холбоотой бүх л түүх, дурсгалыг сэргээн дэлгэж, их түүхээ жинхэнэ утгаар нь бахархдаг, эргэцүүлдэг болжээ.

Эзэн Чингис хааны дүрийг бид Тайваньд буй сонгодог хөргөөр нь л мэддэг. Гэхдээ энэ ертөнцөд агуу байлдан дагуулагчийн дүрийг маш олон янзаар бүтээсэн нь бий. Эдгээр хөргүүдийн талаар түүхч Довдойн Баяр агсны хэвлүүлсэн тусгай ном ч бий. Харин буддист монголчууд Эзэн Чингис хаанаа бурханчлан бүтээсэн талаар сонссон, дуулсан хүн ховор болов уу. Тэр хөрөг нь дорно дахины бурхан бүтээх тэгээр бүтээгдсэн, өөртөө шашин, угсаатны зүйн асар олон бэлгэдэл агуулсан, цөөнгүй хувилбар бүхий бүтээл гэдгийг мэддэг хүн бүр ч цөөхөн болов уу. ШУА-ийн Төвд судлалын тасгийн эрдэм шинжилгээний ажилтан асан, эдүгээ Үндэсний төв номын санд ажиллаж буй судлаач Гончигийн Ням-Очир Чингис хааны энэхүү шүтээн хөргийг судалгааны эргэлтэд эрчимтэй оруулж, олон нийтийн анхааралд хүргэхээр сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж буй юм. Энэ судлаач Чингис хааны шүтээн хөргийн талаар хийсэн судалгаагаа энгийн хүмүүст ойлгомжтойгоор хялбаршуулан ном болгож хэвлүүлжээ.


Ордосын Сүмт Аржай агуйн хананд байгаа “Чингис хаан өглөгийн эзэн болсон зураг”, “Чингис хаан тэнгэрт хальсан зураг” хэмээх хоёр зургийн тайлбарт бичихдээ “Энэ хоёр нь мөн л ”хос ёсны” үүднээс Чакравардийн номын хаан, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, эрхшээсэн “тэнгэризмийн” үзэл санааны агуулга давхар илэрсэн зүйл мөн.

Хэл бичгийн ухааны доктор, профессор

Л.Хүрэлбаатар (1945-2010)


Судлаач Г.Ням-Очир номынхоо өмнөтгөлд, “Чингис хааныг бурханчлан бүтээж шүтэх энэ тахилга тайлга шүтээн хөргийн уламжлал Автай сайн ханы үеэс Бурханы шашны нөлөөтэй болж, хэлбэржин тогтсон бол 1937 онд хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт Чингис хааны алтан ургийнхныг улс төрийн тавцангаас төдийгүй хүний ертөнцөөс тонилгосноор эцэс болжээ” хэмээн онцолсон байна. Уг номонд сүм хийд, номын сан болон цуглуулагчдын гар дээр буй найман шүтээн хөрөг багтжээ.
Их хааныхаа хөргийг хаа хамаагүй нийтэлж, хэвлэдэг болсон, бахархалдаа бахардчихаад буй энэ цаг үед шүтэх, хүндлэх, дээдлэхийн утга учирыг ухааруулсан нэгэн шинэ ном ийнхүү мэндэлж байна.

Номын нээлтийг Үндэсний бахархлын өдрийг угтуулан Үндэсний төв номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд хийсэн юм. Нээлтийн үеэр судлаач Г.Ням-Очир Чингис хааны шүтээн хөргийн талаар ном бичих болсон шалтгаанаа, “Урт удаан эцэс төгсгөлгүй эрэл хайгуул, маргаан мэтгэлцээний эцэст Чингис хаан бол монгол хүний сэтгэлд ямар ч бурхнаас аугаа их орон зай эзэлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Хэрвээ Чингис хаан бурхан юм бол Монгол шашин байжээ гэсэн үг. Харин энэ шашны тухай ярихаас урьд Чингис хааны шүтээн хөргийн тухай энд бичье хэмээн шийдлээ” хэмээн тайлбарлав.

Соёлын өвөө олон нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарладаг, энгийн атлаа баялаг мэдээлэл бүхий ном бүтээдэг арга, соёл Монголд ийнхүү дэлгэрч эхэллээ.

Энэ замаар их Занабазарын Дарь эхүүдээс эхлээд эх түүхийн амь болсон бүтээлүүдийг тайлбарлаж, хүн зондоо хүргэх юмсан гэсэн гэгээн шунал Их хааны шүтээн хөргийн талаар уншиж суухад төрснийг нуух юун.