Ноён уултай холбоотой шүүх хурал дахин хойшлов

Нийслэл / Э. Сайнзаяа
2017 оны 12 сарын 04

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө 09:30 минутад эхэлсэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан  хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшлогдлоо. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид, Г.Уянга, П.Шижээравдан, Ш.Пүрэвсүрэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, гуравдагч этгээдээр  “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбат, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, гуравдагч этгээд МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль, зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн Ч.Одонбаяр, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр нар оролцлоо. 

Шүүх хуралдаанаас шүүхийн тогтоол гарч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 –т заасныг удирдлага болгон мөн хуулийн  96 дугаар зүйлийн 96.2, заасныг баримтлан хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн  М.Батбаяр, МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Баярчимэг нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, энэ сарын 18-ны өдрийн 10:00 цагт хийхээр товлолоо.