Ногоон ажлын байр нь байгаль орчныг хамгаалж, ядуурлыг бууруулах нэг хөшүүрэг

Нийгэм / Time Admin
8 өдрийн өмнө

Өөрчлөлтийн жимээр

Товчхоноор байгаль орчинд ээлтэй ажлын байрыг  ногоон ажлын байр гэдэг. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс  “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар, шинжлэх ухаан, засаг захиргааны болон үйлчилгээний чанартай ажил, хөдөлмөр эрхлэлтийг ногоон ажлын байр гэнэ” хэмээн тодорхойлжээ. Гэхдээ ногоон албан байгууллага, ногоон ажлын байр гэвэл хоорондоо жаахан ялгаатай ойлголт.

Байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлийн ажлын байрууд, мэдээллийн технологи, санхүүгийн мэргэжлүүд, барилга, сэргээгдэх эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй,  аж үйлдвэрийн салбар зэрэгт ногоон ажлын байр байх хамгийн боломжтой гэж үздэг. Харин байгаль орчинд ээлтэй, нөөц баялгийг үр ашигтай ашиглах нөхцөл бүрдсэн ажлын байрны орчинг “ногоон албан газар” гэж нэрлэнэ.

Цэцэг ногоо тарьсан байхын зэрэгцээ дулаан алдагдалгүй, ус, цахилгаан, цаасаа хэмнэдэг ажлын байр үүнд хамаарна.

Ажлын байрны дотоод орчин хүний эрүүл ахуйд нийцсэн, бохирдолгүй байх нь хүний ажлын бүтээмжийг  нэмэгдүүлдэг байна. Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн нэг үзүүлэлт нь  хүнд ээлтэй байх бөгөөд энэ утгаараа ногоон ажлын байрны нэг үзүүлэлт нь ээлтэй орчин юм.

Байгаль орчинд ээлтэй, нөөц баялгийг хэмнэсэн байх талаасаа хамгийн наад зах нь хогоо ангилан ялгаж хаяж болохуйц  хогийн савтай байх, хавтас, 00-ын цаас зэргийг дахин боловсруулсан цаасаар хийсэн байх, цаас жижиглэгч нь хүртэл гар аргаар ажилладаг байх ёстой аж.

2009 оноос  Их  Британид “Ногоон ажлын байрны долоо хоног”-ийг зарлаж эхэлсэн бөгөөд долоо хоногийн нэг өдөр ажлын байрныхаа эрчим хүчний зардлыг бууруулах боломжийг эрэлхийлэх,мягмарт тээврийн хэрэгслийн  байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг бууруулах, лхагвад хог хаягдлын менежмэнт хийх, пүрэвт байгууллага даяараа ногоон худалдан авалтыг дэмжих зэргээр ажиллах болжээ. Ингэснээр тухайн ажлын байрны нөхцөл сайжирч, ажиллагсадын сэтгэл ханамж дээшилж, байгаль орчноо хайрлах дадал, хэвшилтэй болж байгаа нь харагдсан байна.

БОАЖЯ 2015 онд эко сургуулийн сурагчдаар ажлын байрандаа ногоон ажлын байрны үнэлгээ хийлгэжээ. Сурагчид хог хаягдал, дулаан, ус, гаднах талбай, цахилгааны хэрэглээнд  үнэлгээ хийсэн байна.

БОАЖЯ-ны ажлын байрнаас өдөрт 18.6 кг хог хаягдал гардгаас тал хувь  нь боловсруулаагүй цаас байгааг эко сурагчид тооцон гаргаад,  хог хаягдлаа  ялгаж салгаж хаяхыг зөвлөсөн байна. Мөн  БОАЖЯ-ны ажилчид, албан хаагчид баримт бичгээ 12 фонтоор шивдгийг “илрүүлж”, хэрвээ 11 фонтын шрифтээр шивж хэвшвэл нийт цаасны 20-30 хувийг хэмнэх боломжтой гэж дүгнэжээ. Түүнчлэн орж, гарахдаа гэрлээ унтрааж байхыг, аль болох байгалийн гэрэл ашиглахыг, гадна талбайгаа тохижуулахыг, усаа хэмнэлттэй хэрэглэхийг эко сурагчид яамны ах, эгч нартаа уриалжээ.

Сурагчдаар хийлгэсэн үнэлгээндээ үндэслэн БОАЖЯ-ныхан ажлын байраа ногоон болгож эхэлсэн   байна. Тухайлбал, БОАЖЯ-ны  гуравдугаар давхарт 27 улайсдаг гэрэл байсныг 32 лед гэрлээр сольжээ. Ингэснээр нийтдээ 805 мянган төгрөг гардаг байсан цахилгааны мөнгө 105 мянга гардаг болж буурчээ.   Мөн  хана, таазныхаа дулаан алдагдлыг бууруулж, цаас, усны хэрэглээгээ ч хянадаг болсон байна. Хэрвээ ширээний компьютэрээ зөөврийн компьютэрээр сольбол, улайсдаг гэрлийн оронд лед гэрэл хэрэглэвэл, крантны усны алдагдлаа бууруулбал, дизель хөдөлгүүртэй машины оронд цахилгаан машин хэрэглэвэл, хүн бүр машин унахын оронд ажилдаа байгууллагын унаагаар ирж, очдог бол ногоон ажлын байртай болох санаачлагад хувь нэмэр оруулж байна гэсэн үг.

МОНГОЛ УЛС ДАХЬ НОГООН АЖЛЫН БАЙР

 НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хүрээнд Монгол Улс дахь “Ногоон ажлын байрны зураглал” судалгааг хийж, 2015 онд танилцуулжээ. Судалгаагаар хөдөө аж ахуй, тээвэр, ойн аж ахуй, барилга зэрэг салбарын нийт 69971 ажлын байрны 11.5 хувийг ногоон ажлын байр хэмээн дүгнэжээ. Мал аж ахуйн салбарын 62 хувь нь, тээврийн салбарын 23 хувь нь, эрчим хүчний салбарын хоёр хувь, усны салбарын долоо, ойн  зургаа, хатуу хог хаягдлын салбарын 0.2 хувийг  тус тус ногоон ажлын байр гэж үзсэн байна. Эндээс тооцвол Монголын бүх ажиллагсадын 6.5 хувь нь ногоон ажлын байранд ажилладаг аж.   Хатуу хог хаягдлыг цуглуулах, халдваргүйжүүлэх, боловсруулах чиглэлийн ямар ч ажил нь хүрээлэн буй орчны хамгаалалд ихээхэн хувь нэмэр оруулж байдаг бөгөөд хүрээлэн буй орчинд ээлтэй ажлын байр хэмээн зүй ёсоор тооцогдох тухай судалгааны тайланд дурджээ.  

 Монголд хог хаягдлыг дахин боловсруулдаг  компаниуд хаягдал дугуй, моторын тосноос дизель түлш гаргаж авах, гялгар уутнаас төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргаж авах, хаягдал цаас боловсруулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2014 оны судалгаагаар эдгээр  компаниудад нийт 1,401 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 1.3 хувьтай тэнцэж байжээ.  Дээрх судалгаагаар    төрийн өмчийн “Цахилгаан тээвэр” ХХК дотоодын нийтийн тээвэрт ашиглах зориулалтаар хий болон шатахуунаар ажилладаг саармаг хөдөлгүүр бүхий хоёр  автобус үйлдвэрлэсэн нь шинээр зургаан ногоон  ажлын байр бий болгосон үзүүлэлт гэнэ.

 Төмөр замын тээвэр нь хөрсийг гэмтээдэггүй, биологийн олон төрөлт байдал сөргөөр нөлөөлдөггүй учир төмөр замын салбар дахь 12,500 ажлын байрыг мөн хүрээлэн буй орчинд ээлтэй ажлын байр гэж уг судалгаагаар үзсэн байна. Мөн хөдөө аж ахуйн салбарын  252,915 ажлын байрыг хөдөө аж ахуйн салбар дахь хүрээлэн буй орчинд ээлтэй ажлын байр гэж тооцжээ. Эдгээр нь  415 зөгий үржүүлэгчид , мал аж ахуйн  салбар дахь 4881мэргэжлийн ажилчид, 247619 малчид гэнэ.

Зохистой хөдөлмөр эрхлэлтийн ойлголт нь ногоон ажлын байрны чухал шалгуур үзүүлэлт учир ажлын байрны тогтвортой байдал, тогтвортой амьжиргааг дэмжиж буй шалгуур, ажлын байран дахь хүний эрхийн хэрэгжилт, аюулгүй орчин,  эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг хангасан зэрэг шалгуурыг мөн харгалзан үзэж Монгол Улс дахь ногоон ажлын байрны зураглалыг гаргажээ.  Монгол Улс дахь “Ногоон ажлын байрны зураглал” судалгааны зорилго нь ирээдүйд ногоон эдийн засагт шилжих үед ногоон хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх салбар, үйл ажиллагааг тодорхойлж ногоон хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нөөц боломжийг үнэлэхэд чиглэсэн. Салбар бүр  хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллөө  бууруулж, тогтвортой байдлыг хангаж, эрчим хүч, түүхий эдийн ашиглалтыг бууруулж,   нүүрстөрөгчийн хийн ялгарлаа  багасгаж,  уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, хог хаягдал, бохирдлыг бууруулахад алхам хийж чадвал ногоон ажлын байрны тоог олшруулах боломжтой.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн үзэж байгаагаар ногоон ажлын байрыг олноор бий болгох нь байгаль орчныг хамгаалах болон  ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх нэг  хөшүүрэг юм.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл