#Blood4all цус хандивлах аяныг энэ долоо хоногт зохион байгуулж байна

Нийслэл / Э. Сайнзаяа
7 өдрийн өмнө

Дэлхий даяар жил бүр хамгийн багаар тооцоход 90,0 сая нэгж цусыг хүний амь аврах болон эрүүл мэндийг сайжруулах зорилгоор сэлбэн цуглуулдаг хэдий ч энэ нь өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хүрэлцдэггүй.

Насанд хүрсэн хүнд дунджаар 5-7 литр цус байдаг ба эрүүл хүн нэг удаад 350-400 мл цус өгөхөд гурван хүний амь нас аврах боломжтой.

Учир нь хүний алтан амийг аврах цус нь үйлдвэрлэх боломжгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм. 2016 онд дэлхий даяар хүн амын төвлөрөл ихтэй томоохон хотуудад цус хандивлах аяныг Глобал Шэйперс байгууллагын залуучууд зохион байгуулсан бөгөөд тус аянд энэ жилээс Улаанбаатар хот нэгдэж цус хандивлах хөдөлгөөнд нэгдэж байна.

2017 оны 12 сарын 2-ноос 10-ны өдрүүдэд Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг нь “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-тэй хамтран есөн хоногийн турш өөрсдийн гишүүд болон бусад сайн дурын, ашгийн болон ашгийн бус байгууллагуудыг цусаа хандивлахыг уриалж тус ажилд дэмжлэг үзүүлж байна.

Аливаа улсад цусны донорууд нийт хүн амын 3,0 хувийг эзэлж байх тохиолдолд аюулгүй, найдвартай цусан хангамжийг бүрдүүлнэ гэж үздэг бөгөөд дэлхийн 70 гаруй оронд хүн амын дөнгөж 1,0 % нь цусаа өгч байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хангамж дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байгааг харуулж байна.

Манай улсад 60 орчим мянган байнгын болон байнгын бус донор байгаа хэдий ч цусны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байсаар байна. Энэ хомсдлыг бид эерэг хандлагаар багасгаж чадна гэж итгэж байна. Насанд хүрсэн хүнд дунджаар 5-7 литр цус байдаг ба эрүүл хүн нэг удаад 350-400 мл цус өгөхөд гурван хүний амь нас аврах боломжтой. Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг бодит хувь нэмэр оруулах үүднээс залуус болон байгууллага хамт олныг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.

Та цусны донор болохыг хүсвэл доорх төвүүдэд 08:30-13.30 цагийн хооронд очиж өгнө үү.

1-р төв:  БЗД-ийн Цус цуглуулах төв  УКТЭ 2-р эмнэлгийн зүүн хойд талд  
2-р төв:  БГД-ийн  БГ-Эрүүл мэндийн төвийн 2 давхарт 212 тоот

ГЛОБАЛ ШЕЙПЕРС НИЙГЭМЛЭГ

Глобал Шейперс нийгэмлэг нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх нийгэмдээ хувь нэмрээ оруулах сонирхолтой 20-30 насны манлайлагч залуусын нэгдэл юм. 2011 онд анх байгуулагдсан цагаасаа эгнээндээ 6100 гаруй залуучуудыг нэгтгэсэн бөгөөд өдгөө дэлхийн 450 өөр хотуудад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Глобал шейперүүд нь өөрсдийн орон нутаг, хотуудад тулгарч буй асуудлыг бүтээлчээр шийдэх санаачлагууд боловсруулж, үүгээрээ дамжуулан нийгэмдээ эерэг нөлөөллийг бий болгохоор ажилладаг. 

ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь Монгол улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цус сэлбэлт судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг дэвшилтэт технологи, инновацид тулгуурлан, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, тэгш хүртээмжтэй хүргэхээр үйл ажилгаа явуулдаг. 

Глобал Шэйперс нийгэмлэгийн энэхүү цус хандивлах аяныг Улаанбаатар дахь Америк Сургуулийн (ASU) дэмжлэгтэй зохион байгуулж байна.