Виржиниа Вульф "Өөрийн гэсэн өрөө" номын сэтгэгдэл

Нийтлэл / Ц. Ариунсанаа
11 өдрийн өмнө

XX зууны Английн модернист зохиолч Виржина Вүүлфийн Монголд орчуулагдсан анхны бүтээл болох "Өөрийн гэсэн өрөө" номыг уншиж сонирхлоо. Түүний энэ номонд олон хийсвэр мэт дүрүүд бий боловч угтаа өөрийн үзлээ судалгаатай, ул суурьтай илэрхийлсэн нь илт. Кембриджийн их сургуулиас бодролын эзнийг "Утга зохиол ба Эмэгтэй хүн" гэх сэдвийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлнэ үү гэсэн хүсэлтийг тавьжээ. Өгүүлэгч энэ нь тийм ч амархан сэдэв биш бөгөөд багагүй хугацаа шаардана хэмээн бодрол, эссе маягийн өгүүлэмжүүд цаашид хөврөнө. Энэ ном нь феминизм, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөний тухай чухал лавлагааны материалд тооцогдож, өнөө үед хүйсийн тэгш эрх байдлын өмгөөллийн гол бичиг болжээ. 

Виржиниа Вүүлф сэхээтэн айлд төрж, өсөж, хүмүүжсэн бөгөөд эцэг нь ч өндөр мэдлэгтэй хүн байсан нь түүнд их нөлөөлжээ. Тухайн үеийн гэр бүлүүд охидоос илүү хөвгүүдийнхээ сургууль, соёлын боловсролд их анхаардаг байж. Гэсэн ч Вүүлф хоёр коллеж, нэг их сургуулийг дүүргэжээ. Хувийн амьдралын хувьд 13 настай Вүүлфийг хойд ах нь бэлгийн дарамтанд оруулж байсан гэдэг. Тэр нь түүнд эрэгтэйчүүдэд ногддог давуу эрх мэдэлд шүүмжлэлтэй хандахад түлхэц болсон ч байж магадгүй юм. Нөхөр Леонард Вүүлф нь мөн адил утга зохиолын хүн байснаас гадна Виржиниа Вүүлфийн өмөг түшиг, анд нөхөр, амьдралынх нь жинхэнэ хань байж. Харамсалтай нь Вүүлф 59 насандаа өөрийн сэтгэцийн өвчинд бууж өгч, халаасаа хүнд чулуугаар дүүргээд  голын усруу орон амьдралаас холбоогоо тасалсан байна. 

"Эмэгтэйчүүдэд өөрийн гэсэн өрөө, мөн сар бүр 500 фаунд өг. Тэр цагт тэд өөрсдийн бүтээлээ хангалттай тууривах болно". 

"XX зуунаас өмнөх үед эмэгтэйчүүд зөвхөн ахуй амьдралын аар саар асуудлууд, үр хүүхэд гаргах, аяга тавгаа угаах л үүрэгтэй байсан төдийгүй ажил хийлээ ч бүхий л цалин хөлс нь нөхрийнх нь гарт очдог байжээ. Тэр байтугай нөхөр нь эхнэртээ гар хүрч, хүчирхийлэх нь энгийн үзэгдэл шиг байсан аж. Викториагийн үеийн эмэгтэй зохиолчдын бүтээл яагаад байдаггүй нь тийм л учиртай. Тэр үеийн эмэгтэйчүүд хорин настайдаа хичнээн хүүхэд төрүүлсэн байсан бол? Өглөөний найман цагаас оройн найман цаг хүртэл юу хийдэг байсан бол? Тэдэнд өөрийн гэсэн өрөө байсан болов уу? Бүхий л сүр жавхлант баатруудтай зохиолд яагаад дандаа эрчүүд гардаг юм бэ? Бүхий л байлдан дагуулалт хувьсгалын удирдагчид дунд яагаад эмэгтэй хүн байсангүй вэ? Эмэгтэйчүүдийн талаар дурдсан ном зохиолчид ихэвчлэн л эрчүүд байхыг нь яана. Өөрсдийн уур ундууцал бүхий үзэл бодлоор эмэгтэйчүүдийг таашаамгүй байдлаар бичсэн нь ч бий. Ихэнх зохиолчид нь эрчүүд байх бөгөөд бүгд л ямар нэг их дээд сургууль дүүргэсэн. Гэтэл эмэгтэйчүүд тэр үед юу хийж байсан бэ? Үр хүүхэд төрүүлж, гэртээ суун, хатгамал хатгаж, нэхмэл нэхэж өдөр хоногийг ахуйн амьдралтай зууралдсаар насан эцэслэцгээдэг байсан биз. "

Виржиниа Вүүлф үнэхээр судалгаа сайтай бичсэн байсан ба ихэнх зохиолч, уран бүтээлчид нь миний мэдэхгүй хүмүүс байлаа. Номных нь ард тухай бүрт нь тайлбарлан, тэмдэглэсэн байсан нь талархууштай санагдсан. Түүний энэхүү номонд хэд хэдэн хийсвэр дүрүүд гарах бөгөөд хамгийн сонирхолтой нь Виллиам Шекспирийн охин дүү <Жудит Шекспир>. 

"Жудит ах Виллиам шиг ээ урлагийн өгөгдөлтэй эмэгтэй байж. Гэсэн ч зөвхөн ахыг нь л сургахаар сургуульд явуулсан бөгөөд түүний эрэл хайгуулч, бүтээлч сэтгэхүйг нь эцэг эх нь эрс няцаана. Тиймээс тэр нууцаар судалж, сурч, зохиол бүтээл бичих ба хэн нэгэнд баригдана гэж айсандаа гал руу хийж шатаана. Түүнийг хорь ч хүрээгүй байхад нь эцэг нь гайгүй өөрийн гэсэн фирмтэй хонь үнэртсэн залуутай суулгахыг тулгана. Жудит үүнийг эсэргүүцэн, гэр бүлийнхэнтэйгээ тэрслэн, оргож Лондон руу явна. Тэр Лондонд очиж театрт жүжигчин болохыг хүсэх боловч хүмүүс Жудитыг эмэгтэй хүн болж төрснийх нь төлөө шоглож шоолно. Тэгж тэгж театрын эзний овоо хараанд өртөнө. Гэвч хэсэг хугацааны дараа жирэмсэн болсоноо мэдээд амьдралд цөхөрсөн Жудит бүсгүй амиа егүүтгэж орхино. Ах дүү хоёр адилхан мэдрэмж, адилхан өгөгдөлтэй, гэвч эмэгтэй дүүгийн хувь заяа ингэж л дууссан."

Виллиам Шекспир үнэхээр охин дүүтэй байсан эсэхийг мэдэхгүй юм. Виржиниа Вүүлфийн хувьд Жудит Шекспир гэгч уран бүтээлч өгөгдөл бүхий эмэгтэй үнэхээр амьдарч байсан. Тэр ч байтугай мянга мянгаараа. Харамсалтай нь аль нь ч бүтээлээ туурвиж, үлдээж амжилгүй, өөрийн гэсэн өрөөтэй ч бололгүй, ахуй амьдрал, нийгмийн хүлээсэнд дөнгөлөгдсөөр насан эцэслэцгээсэн.

Хэдий сүүл үе рүү эмэгтэй зохиолчдын утга зохиолууд хэвлэгдэж эхэлсэн ч, зарим нь үзэн ядалт, уур бухимдалаа бүтээлдээ шингээж орхисон нь жинхэнэ бүтээл болж үлдэхэд саад болж байжээ. Жинхэнэ бүтээл гэдэг ямар ч үзэн ядалт, эсэргүүцэлд автагдаж, баригдаагүй, амар тайван, жинхэнэ чөлөөт сэтгэхүйгээс урган гарсан байх учиртай аж. Вульф ийнхүү эмэгтэй хүний эрх ашгийн төлөөх үзэл санааг гарган тависнаар, "Жинхэнэ бүтээлч сэтгэхүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийн алинд нь илүү байдаг вэ" гэх асуудлыг хөндөж байлаа. Харин Вульфийн хувьд жинхэнэ бүтээлч сэтгэхүй нь эр, эм хоёр хүйсийн хоёулангийх нь шинжийг агуулах "Андроген" шинжийн сэтгэхүй гэж үзжээ. Үнэхээр сонирхолтой биз. Мэдээж нийгмийн ямар ч нөлөөнд тэгж их автагдаагүй тунгалаг оюун, эрх чөлөөт сэтгэхүй.

“Бусдын нүд биднийг дандаа хорьж цагдаж байдаг. Тэдний бодол санаа нь биднийг агуулж буй шорон юм” / Виржиниа Вульф /

Үнэхээр ч тухайн үед эмэгтэйчүүдийг жаахан охин байхаас нь бүтээж тууривах, сурч боловсрох үйл нь эмэгтэй хүний хийх ажил яав ч биш. Харин угаадас асгаж, гэр орон цэвэрлэж, хоол унд хийж, авааль нөхрийнхөө ааш аягт тааруулж, үр хүүхэд төрүүлж, өсгөн үржүүлэх нь л жинхэнэ энэ амьдралын утга учир хэмээн ус агаар шиг хэрэгтэй хайрт аав, ээж нь тэдэнд хангалттай итгүүлж дөнгөдөг байсан биз ээ. Аль зуун зуун жилийн өмнөх тэр үеийг бодоход одоо цагт эмэгтэй хүний байр суурь, эрх тэгш байдал хамаагүй дээшилсэн. Сурч боловсрох, бизнес, үл хөдлөх хөрөнгө эзэмших байдал ч тэр. Одоо үеийн эмэгтэйчүүд өөрийн гэсэн өрөөтэй, сар бүр таван зуун паунд байтугайг ч олох боломжтой болсон. Гэсэн ч эмэгтэй хүнийг харах өнцөг бас л дутмаг байх шиг. Нэн ялангуяа эмэгтэй хүн өөрийгөө үзэх үзэл, хүндлэх хүндлэл дээрээ жоохон эргэлзээтэй байх шиг ч хааяа санагддаг л юм. Эмэгтэй хүн ч гэсэн адилхан л хүн. Тэд ямар нэг бараа таваар биш, бэлгийн обьект ч биш шүү дээ. Өнөөдөр даяарчлал, техник технологийн хөгжлийн сүүдэрт биеэ үнэлэлт, бэлгийн дарамт, хүчирхийлэл, хүний наймаа ч бас газар авсан гэж бодохоор үнэхээр тэгш эрхтэй байж чадаж байна уу? Гэхдээ бас тэр бүрт ихэнх нь эмэгтэйчүүд байдаг ч, эрэгтэй хүмүүс давхар өртсөөр байдаг гэхээр. Ер нь хүйс ч гэлтгүй энэ нийгэм нэг талаараа адын болоод ч байгаам шиг. За тэр ч яахав. Эмэгтэй хүн бүр уран бүтээлч өгөгдөлтэй төрөөд байх албагүй, сайн гэрийн эзэгтэй, сайн эх, сайн эмээ нар алдар нэр хүртэлгүйгээр олон мундаг хүмүүсийг өсгөн бойжуулж, ухааныг нь залалцаж ч байж болно шүү дээ. 

Хувирашгүй үндсэн шалтгаан, эмэгтэй гэсэн хүйсээс нь л болж ялгаварлан гадуурхана гэдэг энэ хэвийн үзэл бодол лав биш ээ. Эмэгтэй хүн ч гэсэн эрэгтэй хүн шиг цөхрөхдөө цөхрөнө, амьдралын асар хүнд ачааг хувь тавилан хүртээвэл үүрэхдээ үүрнэ, төдий хэмжээний бяр хүч, сэтгэлийн тэнхээ тэдэнд бий. Нийгэм өнөөдөр эмэгтэй хүнийг үргэлж тачаангуй, үзэсгэлэнтэй, хөөрхөн, төгс байлгах гээд тулгаад байна гэдэг бас л тулгалт юм шүү дээ. Хүн болгон өөр өөрийн гэсэн онцлогтой байхад тэр тусмаа эмэгтэй хүнийг нэгэн хэвэнд цутгаж, хиймэл хүүхэн болохыг сурталчилна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Эмэгтэй хүмүүс маань ч тэр үүний талаар цаашлаад өөртөө үнэнч үлдэх арга ухаан, хүч, боловсрол мэдлэгийг олж авдаг байгаасай. 

Энэ номыг уншаад үүнийг л хүсмээр санагдсан билээ. Эмэгтэйчүүд маань ялангуяа заавал уншиж үзэх хэрэгтэй санагдсан... 


Харин энэ өрөө бол Виржиниа Вүүлфийн өөрийнх нь өрөөний зураг юм.