Д.Нарангэрэл: Хордсон ажилчдын талаар эмнэлгийн зүгээс нууцлах асуудал байхгүй

Ярилцлага / Time Admin
8 өдрийн өмнө

Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид хордлогын шинж тэмдэгтэй аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Өвчтөнүүдийн биеийн байдал, эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний талаар Эрүүл мэндийн яамны Тандалт, Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.

Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын биеийн байдал ямар байгаа вэ?

Хордлогын шинж тэмдэг илэрсэн өвчтөний тоо өчигдөр 51 байсан нь нэгээр нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 31 өвчтөн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Анх гурван өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан бол өнөөдрийн байдлаар нэг өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад өвчтөнүүдийн байдал дунд зэрэг байна.

Өвчтөнүүдэд ямар шинж тэмдэг илэрч байгаа вэ. Өвчний шалтгааныг тодорхойлсон уу?

Өвчтөнүүдийн 94 хувь буюу 49 нь эрэгтэй, зургаан хувь буюу гурав нь эмэгтэй хүмүүс байна. Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажилласан ажлын хэсгийн дүгнэлт гарч “Хоол хүнсний гаралтай  хордлого биш” болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хордлогын шалтгаан нь химийн бодисын хордлого, цутгуурын халууралт гэсэн оноштой байна.

Манай улсад өмнө нь ийм төрлийн хордлогоор өвчилж байсан тохиолдол байхгүй учир хордлого авсан иргэдийн эрүүл мэндэд цаашид хэрхэн нөлөөлөхийг мэдэхгүй байгаа гэх мэдээллийг аймгийн Нэгдсэн эмнэлгээс өгсөн. Энэ талаар та юу хэлэх вэ?

Он гарсаар манай улсад угаарын хийн хордлогоор таван хүн нас барсан. Дорнод аймагт метилийн спиртийн хордлогоор 10 гаруй хүн амь насаа алдсан тохиолдлууд гарсан. Эдгээр хордлогууд бүгд ахуйн нөхцөлд тохиолдсон байна. Төмөрлөгийн үйлдвэрийн хордлого нь үйлдвэрийн нөхцөлд сүүлийн гурван жилд тохиолдож буй анхны тохиолдол боллоо.

Өвчтөнүүдэд өвчин, биеийн байдлынх нь талаар тодорхой мэдээлэл өгөхгүй, нууцалж байгаа гэх мэдээлэл гарч байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

Тийм зүйл байхгүй. Өвчтөнүүд болон тэдний ар гэрийнхэнтэй эмч нар, эмнэлгийн зүгээс хамтран ажиллаж байна. Өвчтөнүүд ар гэрийнхэнтэйгээ чөлөөтэй уулзаж байгаа. Эмнэлгийн зүгээс нууцлах асуудал байхгүй.

Урьдчилсан байдлаар хүмүүс хордсон шалтгааныг тодорхойлсон болов уу?

Шалгалтыг цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага хийж байгаа. Нэгдсэн хариу гараагүй байна.