“Lamborghini”-гийн шинэ SUV 200 мянган ам.долларын үнэтэй

Технологи / Time Admin
2017 оны 12 сарын 05

Италийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Lamborghini” компани “Urus” хэмээх SUV ангиллын автомашинаа танилцууллаа. Уг автомашин нь спорт хэв загвартай хэдий ч тансаг зэрэглэлийг илтгэж чадсан гэж зохион бүтээгчид онцолсон байна.

“Lamborghini”-г эзэмшдэг “Volkswagen Group”-ийнхэн “Urus”-ийг “Porsche”-гийн “Cayenne”, “Touareg” загварын автомашины нийлүүлсэн хувилбар шиг хэмээн автомашины мэргэжилтнүүд тодорхойлж байгаа юм. Гэхдээ үйлдвэрлэгч “Urus”-ийг бие даасан супер SUV хэмээн тодотгожээ.

“Lamborghini”-гийн шинэ SUV нь 650 морины хүчин чадалтай, хос турбо V8 хөдөлгүүртэй, 190 км цаг хурдлах чадвартай. 100 км цагийн хурдыг ердөө 3.6 секундэд авах бөгөөд ийм хурдтайгаар тормос гишгэх үед ердөө зогсох үйлдэл эхэлснээс хойш 33.7 метр яваад л бүрэн зогсож чадах аж.

Тус компанийн гүйцэтэх захирал Стефано Доменикали автомашинаа “бүх түвшинд сорьж үзсэн” хэмээн онцолсон байна. Түүний ярьснаар “Urus”-ийг Европт 171500 еврогоор (203000 ам.доллар) худалдаалахаар төлөвлөжээ.

“Lamborghini”-гийн Загвар дизайн эрхэлсэн захирал Митча Боркертын ярьснаар  Urus”-ийн загварыг 1970-1980 онд үйлдвэрлэж байсан “LM002”-оос санаа авсан байна. “LM002” нь тухайн үедээ туулах чадвараараа гайхагдаж байсан аж.

“Urus” нь зах зээлд баян чинээлэг иргэдийн хөлөглөдөг “Bentley”-гийн “Bentayga”, “Mercedes”-ийн “G-Class” болон хөлбөмбөгчдийн унах дуртай “Porsche”-гийн “Cayenne”-тай өрсөлдөнө.

Судалгаагаар дэлхий нийтэд SUV ангиллын автомашины борлуулалт сүүлийн 10 жилд 233 хувиар өсч, 2016 онд борлуулалтын хэмжээ 26.47 саяд хүрчээ. Шинжээчдийн таамаглалаар 2020 он гэхэд SUV ангиллын автомашины зах зээл 30 хувиар өсөх аж.