Оросын эмч нар ДАШТ-д зориулан англи хэл сурч байна

Спорт / Time Admin
8 өдрийн өмнө

Ирэх онд манай хойд хөршид зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд зориулж тус улсын эмч, сувилагч нар англи хэл сурч эхэлжээ.

Оросын Эрүүл мэндийн яамны удирдлагуудын үзэж буйгаар тэмцээнийг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс фанатууд ирнэ. Тэдэнд эрүүл мэндийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэж, өвчтөнтэй шууд ойлголцож өвчнийх нь тухай мэдээллийг авахад англи хэл чухал нөлөөтэй. Мөн тэмцээний үеэр үзэгчдийн эрүүл мэндтэй холбоотой гэнэтийн асуудал үүсэхэд англи хэлтэй эмч нар хэнд ч туслалцаа үзүүлэхэд бэлэн байх аж. Сургалтад сууж буй эмч ихэвчлэн ярианы англи хэл сурахад түлхүү анхаарч байна.

Калининград мужийн захирагч Антон Аликанов ярихдаа "Бид гадаадын янз бүрийн өвчтөн ирэх үед бэлэн байх ёстой. Англи хэл дээрх анагаахын хичээлүүдийг мөн давхар судалж байгаа" гэжээ. Түүний ярьснаар мужийн 60 гаруй эмч мэргэжилтнийг бэлтгэж байгаа бөгөөд гурван бүлэгт хувааж, унших, ярих, бичих, сонсох гэх мэт 90 цагийн хичээл орно. Үүний дараа шалгалт авч ярианы үндсэн бүтцийн гарын авлага олгох аж.

Гэхдээ англи хэлтэй эдгээр эмч сувилагч нар ихэвчлэн фанатуудад үйлчилгээ үзүүлнэ. Харин хөлбөмбөгийн цэнгэлдэхэд спортын анагаах ухааны эмч мэргэжилтнүүд ажиллана. ДАШТ-ийг зохион байгуулагчид тэмцээн явагдах цэнгэлдэхүүдийн ойролцоо эмнэлгийн яаралтай тусламжийн цэг байгуулахаар төлөвлөжээ.