“Facebook” 13-аас доош насныханд зориулсан чат гаргана

Технологи / Time Admin
2017 оны 12 сарын 05

“Facebook” компани 13-аас доош насныханд зориулан "Messenger kids” программыг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ. Энэ нь “Android”, “iOS” болон бусад үйлдлийн системд ажилладаг бие даасан программ юм.

6-12 насныханд зориулсан уг арр-ыг хүүхдүүд зөвхөн эцэг эхийнхээ зөвшөөрлөөр ашиглана. Ингэхдээ чатны дэлгэрэнгүйг эцэг, эхчүүд нь үзэж сонирхох боломжтой, харилцсан бичвэрүүдийг устгах эрхтэй аж. Мөн зар сурталчилгаа руу дарж орж төлбөр төлөх боломжгүй, насанд хүрэгчдэд зориулсан контент, элдэв төрлийн хуурамч, зохисгүй контентуудаас хамгаалагдсан гэнэ.

“Facebook” компанийн Бүтээгдэхүүний менежмент хариуцсан захирал Лоран Чен "Хүүхдүүд Messenger kids арр-ыг ашиглаж өвөө, эмээ, холын үеэл гэх мэт гэр бүлийн хүрээнийхэнтэйгээ харилцаа үүсгэх боломжтой. Энэ нь хүүхдүүдийн гэр бүлтэйгээ ойр байх боломжийг бүрдүүлсэн программ юм" гэжээ.

Эцэг эхчүүд "Messenger kids"-ийг ашиглаж буй хүүхдийнхээ чатыг гар утасныхаа "Facebook” арр-аар дамжуулан хянах аж. Хүүхдэд зориулсан чат нь эхний удаад “Android”, iOS үйлдлийн системд ажиллаж, АНУ-д ашиглах боломжтой. Тиймээс тус улсын холбогдох хуулийг баримталсан гэж "Facebook”-ын удирдлагууд мэдэгдсэн байна.