Оросууд Пёнчаны олимпт оролцох эсэх нь өнөөдөр тодорхой болно

Спорт / Time Admin
8 өдрийн өмнө

Олон улсын олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн орнууд ОХУ-ын шигшээ багийг ирэх онд БНСУ-ын Пёнчан хотод зохион байгуулагдах өвлийн олимпийн тэмцээнд оролцох эсэх асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх гэж байна.

Өнгөрсөн Сочигийн олимпийн тэмцээнд Оросын шигшээ багийн тамирчид сэргээшийн асуудалд холбогдож, олон арван тамирчин медалиа хураалгасан юм. Үүнээс үүдэж, ОХОХ тэдний сэргээшийн асуудлыг нухацтай шалгахаар болсон билээ.

Сэргээшийн асуудлыг Швейцарийн хуульч, ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Денис Освальд ахалж байгаа бөгөөд тэрбээр дүгнэлтээ өнөөдөр Лозанна хотод болох хуралдааны үеэр танилцуулна.

БНСУ-д болох өвлийн олимпийн тэмцээнд оролцохоор Оросын баг тамирчид хэдийнэ бэлтгэлдээ гарсан байгаа. Тэрчлэн, олон нийтийн сүлжээнд өвлийн олимпийг Оросгүйгээр төсөлөөхийн аргагүй хэмээх хэлэлцүүлэг өрнөж байна.