Энэ сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэгүүдийг агаар цэвэршүүлэгчээр хангана

Нийслэл / Э. Сайнзаяа
8 өдрийн өмнө

Бага насны хүүхүүдийг агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, эрүүл, аюулгүй орчинд өсч хүмүүжих, сурах боломжийг нь бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангах болсон.

Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд агаар цэвэршүүлэгч импортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, бүтээгдэхүүн үйлчилгээтэй нь танилцлаа. Уулзалтад ОХУ, БНХАУ, БНСУ кэрэг орнуудаас агаар цэвэршүүлэгч импортлогч “Next electronics”, “Global electronics”, “Optron”, “Аргил сувд” зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж оролцлоо. Импортлогчдын зүгээс 30 ам дөрвөлжин метрээс 100 ам.дөрвөлжин метр өрөөний агаарыг бүрэн цэвэршүүлэх боломж бүхий агаар цэвэршүүлэгч танилцуулж байна. Үнийн хувьд 340 мянгаас нэг сая төгрөгийн хооронд байгаа юм.

Монгол Улсын өмнө тулгамдсан гол асуудал бол Улаанбаатар хотын агаарын бохирдол. Гадна орчны агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн хугацаа шаардана. Тиймээс Засгийн газар нэн тэргүүнд дотоод орчны бохирдлыг бууруулах, тэр дундаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн анги танхимуудад агаар цэвэршүүлэгч суурилуулах зорилго тавьж, 4 тэрбум төгрөг төсөвлөсөн гэдгийг Хотын дарга уулзалтын эхэнд онцолсон юм.

Тэрбээр, “Өнгөрсөн онд 1300 орчим агаар цэвэршүүлэгч нийлүүлсэн. Энэ онд үлдсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэгт нийт 5600 гаруй агаар цэвэршүүлэгч нийлүүлэх шаардлагатай. Эдгээр агаар цэвэршүүлэгчийг энэ сарын 15-ны дотор суурилуулах зорилт тавьж байгаа юм. Тиймээс маргааш болох Засгийн газрын хуралдаанаар сонгон шалгаруулах болон холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргах байх. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс үнэ болон чанар, хүчин чадлын хувьд ойролцоо олон бүтээгдэхүүн танилцуулж байна. Эдгээрээс сургууль, цэцэрлэгт нийлүүлэх агаар цэвэршүүлэгчийгсонгон шалгаруулах юм” хэмээв.