“Оюу толгой”-н үйл ажиллагааны зардал ирэх онд хүлээгдэж байснаас буурах төлөвтэй байна

Эдийн засаг / Time Admin
2017 оны 12 сарын 05

оюутолгой зурган илэрцүүд

“Туркойз Хилл Ресурс” компани 2018 оны үйлдвэрлэлийн болон санхүүгийн төлөвөө өнөөдөр танилцууллаа. Ирэх онд “Оюу толгой” компани 125-155 мянган тонн баяжмал дахь зэс, 240-280 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн 2018 оны эхэн үед ил уурхайн зургадугаар үе шатны хэсгээс олборлолт хийж, дөрөвдүгээр үе шатны олборлолтыг жилийн турш үргэлжлүүлэх юм. Түүнчлэн, хүдрийн овоолгоос хүдэр боловсруулах ажлыг жилийн турш үргэлжлүүлнэ. 

Компанийн албан мэдээллээс үзэхэд 2018 оны үйл ажиллагааны зардал ойролцоогоор 700 сая ам.доллар байх төлөвтэй байна. Энэ нь 2017 оны хүлээгдэж буй зардалтай харьцуулахад буурч байгаа нь баяжуулах үйлдвэрийн болон ложистикын зардал буурахаар байгаатай холбоотой аж. 

Түүнчлэн 2018 оны хөрөнгө оруулалтын мөнгөн зардал ил уурхайн үйл ажиллагааны хувьд ойролцоогоор 150 сая ам.доллар, гүний уурхайн бүтээн байгуулалтын хувьд 1.1-1.2 тэрбум ам.доллар байхаар төсөөлөлтэй байна.  

Ил уурхайн хөрөнгө оруулалтын зардалд хөрс хуулалтын хойшлуулсан зардал, техник тоног төхөөрөмжийн худалдан авалт, хаягдал хадгалах байгууламжийн барилгын ажил болон засвар үйлчилгээний капиталын зардал багтсан юм. 2017 оны төлөвтэй харьцуулахад 2018 оны зардал өсөхөд голлох нөлөөлсөн гол хүчин зүйлс нь техник тоног төхөөрөмжийн худалдан авалт болон засвар үйлчилгээний зардлууд болсон. 

Гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардалд бүтээн байгуулалтын капиталын зардал болон НӨАТ багтсан. 2016 оны “Оюу толгой”-н Техникийн Тайлангийн дагуу, 2018 оны турш хөндлөн нэвтрэлтийн ажил 10.0 км үргэлжлэхээр байна. Компани гүний уурхайн анхны бүтээгдэхүүнээ ойролцоогоор 2020 оны дунд үед гаргаж, тогтвортой үйлдвэрлэлийн түвшинг 2021 оны эхээр эхэлнэ гэсэн төлөвөө хэвээр хадгалж байна.