Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Даланзадгадад 40 камер суурилуулжээ

Орон нутаг / Time Admin
12 өдрийн өмнө

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, цогц шийдэл бий болгожээ. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт болон иргэдийн эргүүлийг ажиллуулж, камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан байна.

Даланзадгад сумын нутаг дэвсгэрийн эрүү, хэв журмын нөхцөл байдлыг харгалзан квадратын систем буюу найман хэсэгт хувааж, байнгын хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд цаг алдалгүй шуурхай очиж цагдаагийн байгууллагын тусламж, үйлчилгээг үзүүлж чадаж буйг цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Баянмөнх онцлов. Хөдөлгөөнт эргүүлд ашиглаж буй бүрэн тоноглосон “приус-30” маркийн найман автомашиныг орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэж өгсөн нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд том дэмжлэг болжээ.

Гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн төвд 40 ширхэг камерыг суурилуулан, Камерын хяналтын нэгдсэн төвд хянаж байна. Түүнчлэн иргэдийн сайн дурын эргүүлийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилчин, алба хаагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж байгаа юм. Цагдаагийн газраас иргэдийн эргүүлийн үр дүнг харгалзаж, хагас жил болон оны эцэст урамшуулж тэдний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцсон идэвх зүтгэлийг нь үнэлдэг байна.