Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 12 дугаар сарын 6, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
7 өдрийн өмнө

1. Ерөнхийлөгч 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж хориг тавив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өнөөдөр хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан тухай УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигт, “Миний бие төрийн тэргүүний хувьд төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатайг Улсын Их Хуралд сануулж, засах боломжийг нь олгох үүднээс Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавихаас өөр аргагүй байдалд хүрч байна.” хэмээжээ. Харин өчигдөр орой УИХ дахь МАН-ын бүлэг яаралтай хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаас уг хоригийг дэмжихгүй хэмээн үзсэн юм. [Time.mn]

2. АТГ оффшор данстай иргэдийн талаар шалгаж байгаа гэв

“Paradise papers”-ийн шинэ баримтад Монголоос 16 иргэний нэр гарсан юм. Өчигдөр УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны гишүүд АТГ-т ажиллах үеэр энэ асуудал хөндөгджээ.  Тухайлбал, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаярын хүү Батхишиг, “Ачит-Ихт” компанийн Ерөнхий захирал Пунцагийн Бат-Очийн хүү Төгөлдөр нарыг багтаан үзжээ. “Ачит-Ихт” ХХК-ийг эзэмшигч нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагаан гэж АТГ-ын баримтад дурьдсан байна. Эдгээр хүмүүстэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг албаныхан энэ үеэр онцолжээ. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогттой холбоотой оффшорын асуудлыг гүнзгийрүүлэн шалгаж байгаа. Удахгүй С.Баярцогттой холбоотой асуудал тодорхой болно” гэж АТГ-ын дарга Х.Энхжаргал хэлсэн юм. [Medee.mn]

3. Японоос 32 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авах боллоо

Монгол Улсын төсөв, эдийн засгийг шинэчлэх бодлогын хүрээнд Засгийн газар Японоос 32 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авах боллоо. Энэ хүрээнд өнөөдөр “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато нар гарын үсэг зурлаа. ОУВС-гийн “Өргөтөгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон улс Монголд 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо илэрхийлсэн. Энэ хүрээнд олгож буй эхний 32 тэрбум иен буюу 283.3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг Монгол Улсын төсөв, эдийн засгийг шинэчлэх бодлогод зарцуулах болжээ. Уг зээл нь жилийн 0.8 хувийн хүүтэй бөгөөд 20 жилийн хугацаатай аж. [Montsame.mn] 

4. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад 1.2 тэрбум ам.доллар зарцуулна 

“Туркойз Хилл Ресурс” компани 2018 оны үйлдвэрлэлийн болон санхүүгийн төлөвөө танилцууллаа. Ирэх онд “Оюу толгой” компани 125-155 мянган тонн баяжмал дахь зэс, 240-280 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн 2018 оны эхэн үед ил уурхайн зургадугаар үе шатны хэсгээс олборлолт хийж, дөрөвдүгээр үе шатны олборлолтыг жилийн турш үргэлжлүүлэх юм. Түүнчлэн, хүдрийн овоолгоос хүдэр боловсруулах ажлыг жилийн турш үргэлжлүүлнэ. Компанийн албан мэдээллээс үзэхэд 2018 оны үйл ажиллагааны зардал ойролцоогоор 700 сая ам.доллар байх төлөвтэй байна. Энэ нь 2017 оны хүлээгдэж буй зардалтай харьцуулахад буурч байгаа нь баяжуулах үйлдвэрийн болон ложистикын зардал буурахаар байгаатай холбоотой аж. [Time.mn]

5. Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрээс эртний хүний олдвор олджээ

Энэ сарын 4-нд Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрээс эртний хүний олдвор олджээ. Иргэдийн мэдээллийн мөрөөр тус аймгийн цагдаагийн алба хаагчид уг олдворыг илрүүлсэн бөгөөд холбогдох байгууллагад мэдэгдсэн байна. Олдвор олдсон газрыг хамгаалалтад авч, мэргэжлийн хүмүүс судалж эхэлжээ. [Gogo.mn]