Б.Эрхэмбаяр: Бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг эмэгтэй хүн хамгийн сайхан

TIME TO TALK / Э. Сайнзаяа
7 өдрийн өмнө

“Time to talk” ярилцлагын булан энэ удаа “Тасдаж үл болох сарнай”, “Сайхан төрөх санааных”, “Алганы хээ” романы зохиолч Б.Эрхэмбаярыг онцолж байна. Бүсгүй хүний гоо сайхан, тэсвэр тэвчээр, амьдралын ухааныг шагшрах зохиолч бүсгүйтэй хэсэг хором ярилцлаа.

Таны зохиолууд ихэвчлэн хайр дурлал, бүсгүйчүүд рүү чиглэсэн өнгө аястай байдаг. Би өнөөдөр тантай хайрын тухай бас амьдралын тухай ярилцмаар байна.

Хайр сэтгэлгүй уран зохиол гэж байдаггүй байх. Бүх л зохиолчид уран зохиолд хайр сэтгэлийн тухай дүрсэлж ирсэн болов уу гэж бодож байна. Харин эмэгтэй хүн хайрыг дүрслэхдээ илүү мэдрэмжтэй юм шиг санагддаг. Үргэлж л хайр энэрэлийг түгээж байдаг эх хүмүүс шүү дээ. Тийм болохоороо ч тэр үү дэлхий нийтийн эмэгтэй зохиолчид хамгийн гоё романтик хайрыг илэрхийлсэн зохиол туурвидаг. Би зохиолоо бичихдээ хайрыг голлож бүсгүй хүний дотоод сэтгэл мөн чанарыг илэрхийлэхийг хичээдэг. Номын маань нэр “Тасдаж үл болох сарнай”. Эмэгтэй хүнийг сарнайтай зүйрлэж түүний дотоод сэтгэлийг битгий тасдаасай хайрлаасай гэсэн санаа юм. Эмэгтэй хүн ч гэсэн үргэлж өөрийгөө ургуулах хэрэгтэй.

Удирдах түвшний ажил хийхийн хажуугаар зохиол бичих мөн карьераа алдалгүй авч явах тийм ч хялбар биш байх. Таны цагийн менежментийг сонирхож болох уу?

Намайг банк санхүүгийн мэргэжилтэй хэрнээ утга зохиол сонирхож, өөрийнхөөрөө бичдэг болохоор хүмүүс их гайхдаг юм. Тэс ондоо хоёр зүйлийг хослуулахаар сонирхолтой санагддаг ч байж мэднэ. Эмэгтэй хүн чинь олон зүйлийг амжуулж анхаарлаа бүх зүйл дээр төвлөрүүлж чаддаг. Ээж нарыг хүүхдийнхээ эмч, багш, найз, жолооч юу л байдаг юм бүгдэд нь зэрэг зэрэг биеэ хуваадаг гэлцдэг. Эмэгтэй хүнд юмыг зэрэг амжуулах төрөлхийн чадвар байдаг байх. Нөгөө талаас цагийн менежмент сайн хийдэг. Багаасаа дадсан зүйл маань гэх юмуу. Ер нь ямар нэг зүйлийг хойшлуулалгүй дор бүр нь хийгээд сурчихсан. Надад телевиз үзэх цаг байдаггүй. Ажил мэргэжилтэй минь холбоотой мэдээ мэдээллийг л шуурхай авдаг болохоос улс төрийн хэрүүл үздэггүй. Хүн залуу насандаа юм юмыг амжуулаад сурчих хэрэгтэй. Би оюутан байхдаа хүүхэдтэй болсон. Магистрт сурч байхдаа охиноо төрүүлсэн. Хичээлийнхээ хажуугаар ажил хийнэ, гэр орныхоо ажлыг амжуулна гээд л энэ бүхэн зүгээр л дадал болчихсон байсан. Тийм юм хийх юмсан гэж ярьж суухынхаа оронд бушуухан ажлуудаа амжуулаад байх хэрэгтэй. Хийж бүтээсэн зүйлээсээ хүн эрч хүч авдаг. Хүү маань одоо насанд хүрсэн хувийнхаа бизнесийг хийгээд явж байна. Уг нь хүүгээ өөр шигээ том газар карьер хийхийг зөвлөсөн боловч өөрийнхөөрөө зүтгээд бизнесээ эхлүүлсэн. Эхлээд санаанд багтаагүй. Дөнгөж 22 настай залуу битгий хэл өчнөөн мундаг хүн бизнесээ босгож чадахгүй байгаа тохиолдол олон. Харин хүү маань өөрийнхөөрөө шийдсэн. Одоо үе биднийхийг бодвол ондоо болжээ. Боломж их энэ үед хүн өөрөө л хүсвэл ямар ч замаар явсан сайхан болсон байна. Эцэг эхчүүд өөрийнхөө санаа бодлыг тулгахаас илүү хүүхэддээ аз жаргалтай амьдрахыг л заах хэрэгтэй. 

Таны хамгийн анх хийж байсан ажил чинь юу вэ?

Намайг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөх үед банкны хоёр шатлалт тогтолцоо дөнгөж үүсч арилжааны банкууд байгуулагдаж эхэлж байсан юм. Тэр үед “Ардын банк” гээд нэлээн томдоо ордог банкинд хадгаламжийн эдийн засагчаар ажилд орж байлаа. Арилжааны банкууд дотроо хамгийн том банк нь хэрнээ ганцхан хадгаламжийн эдийн засагчтай байсан. Тэр цагт хадгаламж, харилцагчийн төлөө өрсөлдөөн гэж бараг л байгаагүй. 

Өдийг хүртлээ өөрийгөө хэрхэн хөгжүүлж байв?

Би оюутан байхдаа жаахан хэнэггүй байсан. Мэдээлэл багатай, ном сонин унших боломж нөхцөл нь тааруу байсан юм. Ямар хичээл үзэх нь ч тодорхойгүй үе байв. Харин манай МУИС-ийн багш нар их мундаг. Оюутнууддаа ном орчуулж өгч хичээлээ заадаг байсан. Яг амьдрал дээр гарч ирээд л гадагшаа явж сургуульд сурах хүсэл төрж, тэндээс л нүдээ нээсэн. Багаасаа л дэлхийн боловсрол эзэмших хэрэгтэй гэж боддог байсан. TOFEL-ийн шалгалтанд сайн бэлдэж цаашаа сурсан. 29 насандаа магистраа хоёр хүүхэдтэй болчихсон төгсөж байлаа. 

Оюутан байхдаа хүүхэд гаргах амаргүй биз?

Хувь заяа тэгж таарсан гэх үү дээ. /инээв/ Магистрын хажуугаар хүүхэд төлөвлөөгүй байсан. Гэнэт л жирэмсэн болсноо мэдсэн. Барууны сургуулийн МBA-ийн хөтөлбөр тийм амархан байгаагүй. Гэсэн ч нөхөртэйгөө зөвлөлдөөд зориг шулуудсан. Уг нь оюутнууд төлөвлөлт их сайтай. Над шиг жирэмсэн оюутан Стокгольмийн их сургуульд байгаагүй. 

Ихэвчлэн хайр дурлал, бүсгүй хүний амьдралын тухай бичихдээ та юуг хүргэхийг зорьдог вэ? 

Эмэгтэй хүний сэтгэл цаанаа л нэг сайхан. Эмзэг хэрнээ маш хүчирхэг, гүргэр. Амьдралын зовлонг гэтэлж давах чадвартай. Үр хүүхдийнхээ төлөө үнэхээр их тэсвэр тэвчээртэй. Уйлах үедээ уйлчихаад л тайвшраад босоод ирдэг тийм л хүчирхэг хүмүүс. Эмзэг турьхан цэцэг шиг хэрнээ хэзээ ч бууж өгдөггүй тэр сэтгэлгээг уншигчиддаа хүргэж амьдралын гэрэл гэгээг харуулахыг хүсдэг. Өнөөгийн бидний нийгэмд цөхөрч унамаар зүйлс зөндөө байна. Залуу охид хүүхнүүддээ урам хайрлаж, сэтгэлийн дэм болохыг их хүсэх юмдаа.

Та хамгийн анх ямар өгүүллэг бичиж байв?

Би анхныхаа өгүүллэгийг нөхөртөө зориулж 90-ээд онд бичиж байсан. Шүлгүүдээ ч мөн нөхөртөө зориулж бичдэг байлаа. Захиа их бичдэг байсан. Миний хувьд авсан бичсэн захидлууд маань үнэ цэнэтэй. Аавын маань хамгийн сүүлд надад бичсэн захидал байдаг. Олон зүйлийг захисан байсан. Бидний үед и-мэйл байгаагүй учир захидлаар харьцдаг байлаа. Мөн өдрийн тэмдэглэл их бичнэ. Найзууд маань заримдаа нууцаар уншчихаад дэвтрийг маань авчирч өгөхдөө уучлал гуйгаад ёстой гоё бичсэн байна гээд өгдөг байсан. /инээв/

Хүний амьдралд эргээд харахад нэг тийм хүнд хэцүү үе байдаг даа. Тийм үеийн тухай дурсаж болох уу?

Мэдээж тийм үе байлгүй яахав. Хайртай дотны хүмүүсээ алдах маш хэцүү. Хамгийн хэцүү үе аав, ээжийгээ алдах байсан. Залуухан дөнгөж хорь гаруйхан настай гадаадад сурч байхад гэнэт л нутгаас дуудлага ирээд аавыг маань өнгөрсөн тухай хэлсэн. Тэр үеэс л гэнэт аавгүй болчихсон. Ээж маань ч бурхан болсон. Хүн аав ээжийгээ байхад амьдралыг бүрэн таниагүй л байдаг юм билээ. Ээж маань дандаа “Өвчин биш л бол бүх юм болдог юмаа” гэж хэлдэг байсан. Би өөрөө их хүндээр өвдөж байсан үе бий. Гэнэт хагалгаанд орж байсан. Өвчин нэг талаасаа хүнд амьдралын үнэ цэнийг ухааруулдаг юм билээ. Би одоо хүнд хэцүү зүйл тохиолдвол “За өвчин биш дээ, болно биз”  гэж тайтгардаг. Хааяа хүмүүст гомдоно.Заримдаа шудрага бус зүйлүүдтэй тулгарна.Хүний л амьдрал юм чинь. Гэхдээ хайртай хүмүүсээ алдах, мөн өвдөхийн хажууд бусад мэдрэмжүүд бол өчүүхэн зүйл.

Магадгүй танд амьдралынхаа чиг баримжаа болгоогүй ч маш сайн хийж чаддаг зүйл байгаа байх. Ер нь та юу хийхийг хүсч байна вэ?

Хийж үзэхийг хүссэн зүйл олон бий. Би өөрийгөө эрж олж, өөрийн мөн чанарыг олж харахыг хүсдэг. Тэр ч утгаараа сүүлийн үед экстрим аялал хийдэг болсон. Уулын спорт хүнд олон сайхан зүйлийг мэдрүүлдэг. Ухаан тэсвэр шаардагдана. Бодоход эрчүүдийн сонирхдог спорт юм шиг боловч их гоё. Би ууланд алхаж, иогоор хичээллэх дуртай. Бие махбодь сэтгэл санааны тэнцвэртэй байдлыг хангаж өгдөг. Ер нь их олон талын сонирхолтой хүн. Альтернатив, хард рок сонсдог. Аль болох ном их уншихыг хичээнэ.

“Сайхан төрөх санааных” гээд зүгээр ч нэг хэлчихээгүй байх. Тийм ээ?

“Сайхан төрөх заяаных” гэж манайхан ярьдаг. Орчин үеийн хүүхнүүд өөртөө арчаатай байвал сайхнаар дахин төрөх боломжтой. Гэхдээ гадна талаас нь битгий ойлгоорой. Хүн дотроосоо гэрэлтдэг гэж үнэн шүү. Сайхан сэтгэлтэй эмэгтэй хүний дотоод гоо сайхан мэдрэгддэг. Эрчүүдийн маань хандлага сайхан эмэгтэйг хөөрхөн царай, гоолиг биеэр төсөөлөөд байх шиг. Уг нь сайхан эмэгтэй хүний сэтгэл зүрх гэгээн байдаг. Толгойндоо өөрийн ертөнцийг бий болгосон эмэгтэй хүнийг илүү үзэсгэлэнтэй гэж хараасай. Намирсан үс, гоё сайхан мэс засал хийлгэх бол хуурамч чимэг. 

Орчин үеийн хүүхнүүд маань хүчирхэгжихийн хэрээр эрчүүдийн маань гал цог унаад байгаа юм шиг санагддаг.

Эрчүүд өөрсдийгөө боловсруулах хэрэгтэй. Зарим нэг нь хэт уламжлалт сэтгэлгээтэй. Эмэгтэй хүнийг эрийн боол, гэрийн зарц гэсэн хандлагатай. Миний хүүхдийг гарга, миний хоол цайг хий гэдэг. Болно л доо. Гэхдээ тэр үе чинь ондоо байхгүй юу. Нүүдэлчин үеийн сэтгэхүйгээрээ л амьдраад байдаг. Тэр үедээ бол үнээ малаа саагаад, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлээд эрчүүд нь гадаа морь малаа маллаад амьдарч болж байсан. Орчин үеийн нийгэм өөр шүү дээ. Хоёулаа адилхан ажиллаж ирчихээд гэртээ ороод ирэхээрээ “Хоол цайгаа хий, чи эмэгтэй хүн биздээ” гэдэг бол утгагүй асуудал л даа. Шударга бус байгаа биз дээ. Бас хатан ухаан энэ тэр гэж их ярьдаг болчихжээ. Хаанаас ийм мунхруулга явдаг юм болоо. Эртний хатад мундаг байсан л байх. Гэхдээ гуйвуулж эмэгтэй хүнийг тэсвэр тэвчээртэй байхыг шаардаж, хэрээс хэтэрсэн юм үүрүүлэх гээд байдаг нь надад таалагддаггүй. Бүсгүйчүүд маань өөрсдөө “Эмэгтэй хүний амьдрал бол золиос юм” гэж яриад яваад байдаг. Эр нөхрийнхөө хүслээр бүх юмаа золиослох ёстой ч гэх шиг. Ийм харамсалтай байж болохгүй шүү дээ. Дурын эр хүн ямарч эмэгтэй хүнийг доромжилж болдог нийгэмд амьдраад байна. Олон эмэгтэй хүн шударга бус зүйлсийг тэсээд явж байна. Эмэгтэй хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй. Сайн нөхөртэй ч бай, муу нөхөртэй ч бай өөрийгөө л хайрлах хэрэгтэй. Хүн өөрийг нь хүндэлж хайрлахгүй байхад тэр хүний төлөө бүхнээ зориулаад яах юм. Би эмэгтэй гэж бодож, үүнээс цааш хязгаар байхгүй гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Морь мал шиг өөрийгөө зовоох хэрэг байхгүй. Өөртөө итгэлтэй л байвал юуг ч даваад гарна шүү.

Сүүлийн үед хүмүүс гал халуунаар хайрлалцаж дурлалцахаа бараг больчихсон ч юм шиг...

Өгөө аваатай юм шиг уу. Хэтэрхий нийгэмшээд эсвэл хэтэрхий мөнгөний нийгэм болчихсон болохоор л тэгээд байгаа байх. Хүнд хэцүү үед л хүмүүс яг чин сэтгэлээсээ дурладаг юм гэсэн. Амьдрал сайхан болохын хэрээр хүмүүс хүнлэг чанар, чин сэтгэлээ олон юм руу гээчихдэг байх. Эмэгтэй хүн чин үнэнээрээ дурлавал нийгмийн гарал үүсэл хэн байх нь хамаагүй дурладаг. Хүний дурлалд үнэр их чухал байдаг юм гэсэн. Эмэгтэй хүн таалагдсан үнэртэй эр хүндээ дурладаг гэсэн судалгаа байдаг юм билээ. 

Таны хувьд сайн сайхан бүсгүй хүн гэж хэнийг хэлэх вэ?

Бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг эмэгтэй хүн хамгийн сайхан. Хуурамч муухай зүйл байхгүй.

Шинэ зохиол эхлүүлсэн үү? Уран зохиолын ажил чинь хэр байна?

Энэ зун маш их аялсан. Сүүлийн үед байгальд илүү татагдах болсон. Нар сар, уул, усны энерги гэж байдаг юм байна. Уран бүтээлч хүний хувьд аялал надад онгод өгдөг. Би номоо эхлээд толгойдоо бичдэг. Гол дүр, үйл явдлуудаа дүрсэлж эв нь таарахаар бичиж эхэлдэг. Одоо бичихдээ нэг их яарахгүй. Илүү сонирхолтой чамбай бүтээл гаргахыг зорино.

Зохиолч эмэгтэйчүүдтэй хэр дотно найзалж байна вэ?

Найзлалгүй яахав. Шүүдрээ, Сарантуяа гээд л...Номын баяраар буюу Улаанбаатар номын яармагаар хүүхнүүдтэйгээ сайхан уулзалддаг. Уншигчидтайгаа жилд хоёр удаа уулзах боломж олддог учир номын яармагт бид их хүндэтгэлтэй ханддаг. Нэг удаа төрөөд хэдхэн хоносон бүсгүй нөхөр хүүхдээ дагуулчихсан таны Алганы хээ номны дэд дэвтрийг авах гээд гэж ирсэн. Сэтгэл уярмаар. Номын яармаг гэснээс Парисын номын яармаг их гоё болдог. Би тэнд уншигчийн хувиар оролцож байсан. Зохиолч уншигчид уулзах хамгийн гоё мөч л дөө. Дуртай номын зохиолчоосоо гарын үсэгтэй номыг нь авах гоё. 

Та ер нь эмэгтэй хүнийг амьдралдаа юун дээр алддаг гэж боддог вэ?

Эмэгтэй хүн сэтгэл хөдлөл дээр алддаг. Сэтгэл хөдлөмтгийгөөсөө болоод алдсан олон түүх мэднэ. Уужуу тайван байх хэрэгтэй. Хүүхнүүд маань эв нэгдэлтэй байж нэгнээ дэмжих хэрэгтэй гэж боддог. Эрчүүд их сайхан үнэнч нөхөрлөх юм. Харин хүүхнүүд жаахан асуудалтай. 

Таны хувьд эмэгтэй хүний амьдрал хэдэн наснаас эхэлдэг вэ?

Хорин наснаас амьдрал эхэлдэг гэдэг ч эмэгтэй хүний амьдрал гучин нас нэлээн гараад эхэлдэг юм байна. Гэхдээ нас болгонд гоё онцлог бий л дээ. Хорин настай эмэгтэй гоо сайхан, бодгаль талаасаа ялгардаг. Гучин нас бол юм юмтай, амьдралын ухаан суучихсан үе. Харин дөчин нас сэтгэлийн гоо сайхантай, хүний амьдралын мөн чанарыг ойлгочихсон байдаг юм болов уу. Бусдыг мөн сонсож сурсан байх болно. Тавь жаран насандаа сайхан эмэгтэй байхыг хүсч байна. Эмэгтэй хүн нүүрэндээ үрчлээ суухаас их айдаг. Энэ бол айх зүйл биш. Харин зүрх сэтгэлдээ л үрчлээсгүй амьдрах юмсан. Нас бол зүгээр л тоо шүү дээ.

Дарга байх гоё уу?

Нэг талаасаа удирдагч хүн манлайлагч мундаг байх ёстой. Хамтарч ажиллаж буй хүнээ ойлгох хэрэгтэй. Карьер хийхийг хүсч байгаа эмэгтэй хүн бол зориглох хэрэгтэй. Хамгийн гол нь хөдөлмөрч, зарчимч, шударга байх хэрэгтэй. Хүний хүндлэлийг хүлээдэг учраас гоё л доо. Гэхдээ хариуцлагаа байнга ухамсарлах хэрэгтэй. 

Бид ер нь юунаас эхлэх ёстой юм?

Дуртай зүйлээ л хий. Битгий өөрийгөө хүчил. Мөнгөтэй, цалин сайтай ажил гэж битгий хийгээрэй. Дуртай юмаа л хий. Түүнээс хөдөлмөрийн үр шим амтагдана. 

Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.