Саакашвили Украины улс төрийн бүлэглэлүүдийг устгахыг уриалав

Дэлхий / Time Admin
7 өдрийн өмнө


Гүржийн экс Ерөнхийлөгч, Украины улс төрийн хүчний тэргүүн Михаил Саакашвили Киев өчигдөр болсон жагсаалыг толгойлон оролцлоо.

Тэрбээр цагдаагийн газраас гарч ирэхэд түүний дэмжигчид хүрээлэн авч нийслэлийн Майдан төв талбай руу хөдөлсөн байна. Михаил Саакашвили иргэдэд хандан Ерөнхийлөгч Петро Порошенко тэргүүтэй улс төр, бизнесийн сонирхол бүхий бүлэглэлийг устгахыг уриалжээ.

Тэрбээр "Би өнөөдөр украинчуудын эрх чөлөөний төлөө бүх амьдралаа зориулахад бэлэн байна. Майдан талбайд украинчуудыг цугларч Петро Порошенко болон түүний бүлэглэлийн эсрэг тэмцэхийг уриалж байна" гэжээ.

Мягмар гарагт түүний тэргүүлсэн жагсагчид Киевт үймээн гаргах үед цагдаа нар Михаил Саакашвилиг баривчлан түр саатуулсан юм. Лхагва гарагт ч түүний талынхан жагсаал зохион байгуулж хууль сахиулагчидтай тэмцэл өрнүүлжээ. Цагдаа нар жагсагчдыг нулимс асгаруулагч хий ашиглаж тараажээ.

Украины Ерөнхийлөгч Петро Порошенко Михаил Саакашвилид иргэншил олгож, тэд сайн андын харилцаатай байсан юм. Гэвч 2016 онд Саакашвили Украины Одесса мужийн захирагчаар 1 жил ажилласныхаа дараа огцорч, улс төрийн шинэ хүчин байгуулснаа зарласан билээ. Порошенко энэхүү улс төрийн намыг үл тоомсорлосон нь тэдний харилцаанд сэв суулгах болсон гэж барууны ажиглагчид тодорхойлдог.

Гүржийн шүүхээс Михаил Саакашвилиг авлига, албан тушаалын гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа бөгөөд түүнийг Гүржийн талд шилжүүлэхийг Украины талаас хүссэн ч иргэншил олгогдсон тул уг асуудал зогсонги байдалд орсон юм.