Ц.Даваасүрэн: Дэлхий нийтээрээ оффшорыг ойлгох ойлголт сөрөг болчихлоо

Улс төр / Э. Сайнзаяа
7 өдрийн өмнө

УИХ-ын гишүүд Монгол Улс оффшор бүсэд нэрлэгдсэн асуудалд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Дэлхий нийтээрээ оффшорыг ойлгох ойлголт сөрөг болчихлоо. Янз бүрийн оццшортой холбогдсон төрийн удирдлагуудаа албан тушаал нь огцруулж байна. Ард иргэд нь жагсаж эсэргүүцэж байна. Тийм учраас хар мөнгө буюу татвараас зайлсхийсэн хууль бус аргаар олсон мөнгө оффшор бүсэд байршдаг гэж үздэг. Манай зарим улс төрчид манай оронд орж ирж байгаа хөрөнгө оруулалтын дийлэхи нь оффшор бүсээс орж ирж байдаг шүү дээ гэж бахархаад байдаг буруу.  Бид байгалийн баялагаасаа олж байгаа мөнгийг зөв ашиглачих юм бол заавал хар мөнгө оруулж ирээд байх шаардлагагүй. Тийм учраас хар мөнгөний хөрөнгө оруулалттай уурхай байж болохгүй. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

Оффшор бүс гэж зарлахаас илүүтэй Европын холбооны улсуудад хэлэлцэж буй татварын бодлоготой  монгол улсын татварын бодлого хэр нийцэж байна вэ  гэдэг нь зөрүүтэй байна гэж ойлгосон. Энэ асуудлаар холбогдох Гадаад хэргийн яам судалж ярилцаж асуудлыг цэгцлэх болов уу гэж бодож байна. Хар жагсаалтад багтсан гэгдэж  энэ хүрээнд зөвхөн манай улс төдийгүй Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг нэлээд олон орон хамрагдсан байгааг өнөө өглөө мэдээллээр авлаа. Гэхдээ бүрэн мэдээлэл хараахан авч амжаагүй байна. 

 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

2017 оны Зургадугаар сараас эхлэн Европын холбооноос манай Сангийн яамтай харьцаж эхэлсэн юм билээ. Манай улсын хувьд ил тод байх зарчмыг хууль, тогтоомжууддаа тусгах шаардлагатай гэж Европын холбоо үзэж байгаа. Учир нь Европын Холбооноос тавьж буй шаардлагад бусад орны иргэд

Монголын аж ахуйн нэгж, арилжааны банкуудад ямар хувь эзэмшиж байгаа болон ямар данс эзэмшиж байгаа зэрэг мэдээлэл ил тод байх ёстой. Өөрөөр хэлбэл, гадны улсын иргэдийн татвар, арилжааны банкуудын дансны мэдээлэл ил байх, мэдээллийг нээлттэй солилцдог байх ёстой гэж үзэж байгаа юм билээ. Үүнд Сангийн яам анхаарч ажиллана. Бид өөрсдөө оффшорыг эсэргүүцэж ярьдагтай адил Монгол дахь гадны иргэдийн данс, татварын мэдээллийг бусад орнуудтай нээлттэй солилцдог л болох ёстой юм.  Сангийн яамны зүгээс энэ чиглэлд анхаарч, Татварын ерөнхий хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ойрын хугацаанд бид энэ хуулийн хэлэлцүүлгийг олон нийтийн дунд явуулна. Тодорхой өөрчлөлтүүд хийх шаардлага байгаа нь бодит үнэн. Европын холбооны мэдэгдлээс үүдэж, эдийн засагт нөлөөлөл үүсэхгүй. Би гадны холбогдох хүмүүстэй нь өнөө өглөө холбогдож, лавлаж асуусан байгаа. Энэ бол  Европын холбоо анхааруулах  арга хэмжээ авч буй хэлбэр, 2019 онд багтаагаад хууль эрхзүйн орчноо сайжруулахад болох юм.