Зохистой хөдөлмөр хөтөлбөрийг 2017-2021 он хүртэл хэрэгжүүлнэ

Нийгэм / Admin
7 өдрийн өмнө

Монгол Улсад зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ОУХБ-ыг төлөөлж ОУХБ-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэр, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны Сургалт мэдээллийн газрын дарга Р.Ганхуяг нар гарын үзэг зурлаа. Дээрх хөтөлбөр 2017-2021 он хүртэл хэрэгжинэ. Ингэхдээ хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд хүртээмжтэй, өндөр бүтээмжтэй ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд хөдөлмөрийн зах зээлийн засаглал, институцийг сайжруулах зэрэг ажлууд хийгдэх юм.

ОУХБ-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэр арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “ОУХБ-ын хувьд бодитой үр дүнд хүрэхийг зорьж байна. Зохистой хөдөлмөрийн хүрээнд өндөр цалинтай, баталгаатай ажлын байр бий болгох шаардлага тавигдаж байгаа. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил тэр дундаа Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилгод хүрэх хөдөлгөх хүч нь болно гэж үзэж байна” гэв. 

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Нийгмийн түншлэгч талууд баталгаатай, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах болно. Зохистой хөдөлмөр гэдэг нь эрүүл аюулгүй ажлын байр, хүртээмжтэй цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал, нийгмийн түншлэл гэсэн дөрвөн тулгуур зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг” гэлээ. 

Монгол Улсад 2017-2021 онд хэрэгжүүлэх Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийг НҮБ-ын 2030 хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын 2017-2021 онд хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хүрээнд нийцүүлж Монгол Улсын Засгийн газар, МАОЭНХ, МҮЭ-ийн холбоотой санал солилцож, өмнө хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үнэлгээ, зөвлөмж, ОУХБ-ын Шинжээчдийн хорооноос Монгол Улсад хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч боловсруулсан байна.