Татварын шударга бус тогтолцоотой орны жагсаалтад Монгол Улс багтжээ

Эдийн засаг / Time Admin
11 өдрийн өмнө


Европын холбоо дэлхийн 17 орныг “Татварын шударга бус тогтолцоотой” орнуудын хар жагсаалтад оруулсан байна. Энэ жагсаалтанд Монгол Улс багтжээ. 

Францын сангийн сайд Бруно Ле Мэир энэ тухай мэдэгдсэнийг Рейтерс агентлаг уламжиллаа. Албаныхны мэдээлснээр, Европын холбоо түүхэндээ анх удаа татварын тогтолцоонд тавигддаг олон улсын шаардлагыг хангаагүй Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Гренадад, Гуам, Өмнөд Солонгос, Макао, Маршаллын арлууд, Монгол, Намиб, Палау, Панам, Сэйнт Лусиа, Самоа, Тринидад ба Тобаго, Тунис, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 17 орныг хар жагсаалтад оруулсан байна. 

Ле Мэир мөн мэдэгдэхдээ, бусад 47 орныг татварын системдээ шинэчлэл хийх хүртэл “саарал” жагсаалтанд оруулсан гэлээ. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар Европын холбооны стандартыг хангаж, шаардлагад нийцэхгүй байгаа бөгөөд татварын системдээ шинэчлэл хийх шаардлагатай улсуудыг “саарал” жагсаалтанд багтаасан байна. 

Компани болоод чинээлэг хувь хүмүүсийн татвараас зайлсхийсэн олон тооны баримт дэлгэгдсэний дараа өнгөрсөн 2 дугаар сард Европын холбооны улсууд  татварын шударга бус тогтолцоотой улсуудын жагсаалтыг гаргаж эхэлсэн байдаг. Эдгээр орнууд нь хууль ёсны дагуу бага татвартай бүсэд мөнгөө хадгалж байгаа ч хууль бус ажиллагаануудыг нууж байж болох гэж үзсэн байна. Хар жагсаалтанд бичигдсэн улс орнууд нь Европын холбооноос санхүүжилт авах эрхээ алдаж болзошгүй. Мөн эдгээр улсуудын эсрэг тавих нэмэлт арга хэмжээнүүдийг ойрын хугацаанд шийднэ гэж Ле Мэир хэллээ.

Э.Лхагва

Эх сурвалж: www.reuters.com