Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 12 дугаар сарын 7, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
6 өдрийн өмнө

1. Европын холбоо Монгол Улсыг татварын тогтолцооны хувьд хар жагсаалтанд бүртгэв

Европын холбоо дэлхийн 17 орныг “Татварын шударга бус тогтолцоотой” орнуудын хар жагсаалтад оруулсан байна. Энэ жагсаалтанд Монгол Улс багтжээ. Францын сангийн сайд Бруно Ле Мэир энэ тухай мэдэгдсэнийг Рейтерс агентлаг уламжиллаа. Албаныхны мэдээлснээр, Европын холбоо түүхэндээ анх удаа татварын тогтолцоонд тавигддаг олон улсын шаардлагыг хангаагүй Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Гренадад, Гуам, Өмнөд Солонгос, Макао, Маршаллын арлууд, Монгол, Намиб, Палау, Панам, Сэйнт Лусиа, Самоа, Тринидад ба Тобаго, Тунис, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 17 орныг хар жагсаалтад оруулсан байна. [Time.mn]  

2. Ч.Хүрэлбаатар: Европын холбооны мэдэгдлээс үүдэж, эдийн засагт нөлөөлөл үүсэхгүй

Европын холбоо дэлхийн 17 орныг, тэр дундаа Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Европын холбоо Монгол Улсыг оффшор бүс дэх улс орон гэж зарласан нь мэдээж таатай зүйл бол биш. Сангийн яамны зүгээс энэ чиглэлд анхаарч, Татварын ерөнхий хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ойрын хугацаанд бид энэ хуулийн хэлэлцүүлгийг олон нийтийн дунд явуулна. Тодорхой өөрчлөлтүүд хийх шаардлага байгаа нь бодит үнэн. Гэхдээ Европын холбооны мэдэгдлээс үүдэж, эдийн засагт нөлөөлөл үүсэхгүй. Би гадны холбогдох хүмүүстэй нь өнөө өглөө холбогдож, лавлаж асуусан байгаа. Энэ бол  Европын холбоо анхааруулах  арга хэмжээ авч буй хэлбэр, 2019 онд багтаагаад хууль эрхзүйн орчноо сайжруулахад болох юм.” гэв. [Medee.mn]  

3. Зам тээврийн 1260 ослын 50-60 орчим хувь нь гар утас хэрэглэсэнтэй холбоотой байжээ

Жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаа оролдох, ярих, зураг авах зэрэг дүр зураг бараг хэвийн үзэгдэл болжээ. Тэр дундаа жолооч нар утсаар ярихаас илүүтэй сошиал медиа, фэйсбүүк, твиттер ашигласнаас бусдын  автомашинд гэмтэл учруулсан тохиолдол ихээр гарч байгааг цагдаа нар хэлж байв. Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Лхагважаргал ярихдаа “Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар түгжрэлд явж байхдаа гар утас ашиглаж, анхаарлаа сулруулах нь тохиолдол их гарч байна. Яг гар утас хэрэглэснээс ямар нэгэн зөрчил, зам тээврийн осол гаргасан гэсэн нарийн статистик гараагүй. Энэ оны эхний 10 сарын байдлаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа анхаарал болгоомж алдсанаас зам тээврийн осол гаргасан 1260 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 50-60 орчим хувь нь гар утас хэрэглэсэнтэй холбоотой байдаг.” гэжээ. [News.mn]

4. Утааны эсрэг Баянхошуу, Ханын материалыг төвлөрсөн дулаанд холбоно

Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг арилгах чиглэлээр 2017-2018 онд хийх томоохон ажил бол Баянхошуу, Ханын материалыг төвлөрсөн дулаанд холбох юм. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн эхний ээлж Баянхошуу дэд төвийг дулаанд холбох нарийвчилсан тооцоо судалгааг хийжээ. Энэ ажлыг зуух барихаар төлөвлөсөн 8 сая ам долларын хөрөнгөөр Ханын материалын үйлдвэр орчмын 2.1 км шугамыг өргөтгөж, даралт өргөх насос станц суурилуулах, Баянхошуу дэд төв хүртэл 3.8 км дулааны шугам шинээр татах ажлыг гүйцэтгэх юм. [Gogo.mn]  

5. Төв талбайн сүлд модыг чимэглэх ажил энэ сарын 15-нд дуусна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК засч байгаа ба энэ сарын 15 гэхэд дуусгах аж. Төв талбайн сүлд модыг 2008 онд авсан бөгөөд 2016 онд засч сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмэгдүүлжээ. [Ulaanbaatar.mn]  

6.  Time” сэтгүүл “Оны онцлох хүн”-ээ нэрлэлээ

АНУ-ын “Time” сэтгүүл жил бүр “Оны онцлох хүн”-ийг тодруулдаг. 2017 оны оны хүнээр АНУ-д эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийхөн тодорчээ. Тэд олон нийтийн сувгаар болон хэвлэл мэдээллийн сувгуудаар #MeeToo хэмээх нэршлийн дор охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн асуудлыг хөндөн тавьж, хэлэлцүүлж байгаа юм. Үүний хүрээнд улс төр, бизнесийн орчны, Холливудын алдартнууд ч охид хүүхнүүдэд энэ төрлийн дарамт учруулж байсан олон арван баримтууд дэлгэгдэж байгаа юм. [Time.com]

7. Сири улс Трампын шийдвэрийг эрс эсэргүүцэв

Иерусалимыг “Израилийн нийслэл” хэмээн хүлээн зөвшөөрч, АНУ-ын Элчин сайдын яамыг Иерусалим руу шилжүүлэх тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг Сирийн Дотоод хэргийн яам эрс зэмлэн буруушаасан тухай тус улсын “САНА” агентлаг мэдээлэв. “Д.Трампын шийдвэр нь Палестиныг эзлэн авч, Палестины ард түмнийг эх орноос нь үлдэн хөөх зорилготой гэмт хэргийн оргил нь юм.  АНУ-ын засаг захиргаа ийм ноцтой алхам хийж байгаа нь АНУ олон улсын эрх зүйг үл тоомсорлон ханддагийг харуулж байна. АНУ ноёрхлоо бататгахын тулд ард иргэдийн цусаар дайн мөргөлдөөнийг өдөөн дэмжиж байна” гэжээ. [Montsame.mn]

8. Авлигын хэргийн ялыг эсэргүүцвэл цаазална

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийн авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд баривчлагдан хоригдож буй сэжигтүүдийн дийлэнх нь мөнгөн төлбөр төлсөн нөхцөлд өршөөл үзүүлэх шийдвэрийг зөвшөөрч буй талаар тус улсын прокуророос мэдээлжээ. Хунтайж Мухаммед бин Салманы удирдаж буй Саудын Арабын авлигатай тэмцэх газар арваннэгдүгээр сард олон хүн баривчилсны дунд хунтайж нар, бизнесменүүд болон засгийн газрын сайд нар ч байсан юм. Тус улсын прокурорын газрын мэдээлснээр 159 хүн хоригдож байгаа боловч өөр 320  хүнийг байцаалтад дуудаад байгаа гэнэ. Ялыг эсэргүүцсэн болон мөнгөн төлбөр төлөхөөс татгалзсан хэн боловч цаазаар авхуулах ажээ. [News.mn]  

9. Панам улс Европын Холбооны шийдвэрт эсэргүүцлээ илэрхийлж, элчин сайдаа дууджээ

Европын Холбооны сангийн сайд нарын Мягмар гарагт зарласан хар жагсаалтад багтсан 17 улсын түрүүч нь хариу мэдэгдэл хийж эхлээд байна. Уг жагсаалтад багтсан улс орнуудыг татварын сайн засаглалын стандартыг хангаагүй тул “non-cooperative tax jurisdictions” буюу албан бус нэрээр “татварын диваажин, офшор бүс” гэж нэрлэж байгаа юм. Өнгөрсөн жил “Панамын бичиг баримт” хэмээх дуулианд холбогдсон Панам улс энэ удаа хамгийн түрүүнд Европын Холбооны шийдвэрийг эсэргүүцжээ. [Ikon.mn]

10. “Харласан” иргэдэд ажил олговол хатуу шийтгэл хүлээлгэнэ

БНСУ-д хууль бусаар амьдарч ажиллаж буй гадаадын иргэдийг албадан гаргах болсон тухай тус улсын Гадаадын харьяат эрхэлсэн газраас мэдээллээ. Эдгээр иргэд өөрсдийгөө илчилж нутаг буцах эсвэл БНСУ-ын газар нутгыг орхин гарах шаардлага тавьж эхэлжээ. Мөн хараар ажиллаж буй гадаад иргэнийг барьж өгсөн хүнд шагнал амласан бөгөөд хууль бусаар амьдарч буй гадаад хүнийг ажиллуулсан үйлдвэрийг торгож үйл ажиллагааг нь зогсоож дансын хаах талаар ярьж эхэлсэн байна. [Wikimon.mn]