Дэд сайд нар цэргийн бэлтгэл үүрэгтэн боллоо

Нийгэм / Time Admin
5 өдрийн өмнө

Дэд сайд нарын “Цэрэг-стратегийн бэлтгэл, сургалт” хоёр өдрийн хугацаанд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд явагдлаа. Тэднийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч уулзахдаа “Монгол Улсын Дайчилгааны тухай хуулийн дагуу та бүхэн цэргийн сургалт, бэлтгэлд хамрагдаж байна. Энэхүү сургалтаар батлан хамгаалах салбарын онцлог болоод үндсэн чиг үүргийн тухай тодорхой ойлголттой болоод зогсохгүй болзошгүй цагийн байдлын үед эх орноо хамгаалах цэргийн бэлтгэл үүрэгтэн болдгоороо онцлог. Сурлагын амжилт хүсье” гэв. 

Сургалтыг нээж Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Цэргийн албаны тухай болон Дайчилгааны тухай хуулийн дагуу яамдын дэд сайд нартай зохион байгуулах цэрэг-стратегийн сургалт бэлтгэл эхэлж байна. Улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаа нь төр, захиргааны байгууллага, иргэн бүрийн оролцоонд тулгуурлахыг төрийн бодлогоор тодорхойлж, тэдгээрийн эрх үүргийг хуульчилан баталгаажуулсан. Энэ ч утгаараа та бүхэн цэргийн сургалт бэлтгэлдээ шамдан суралцаарай” гэв. 

Энэ удаагийн сургалт нь батлан хамгаалахын шинэ эрх зүйн орчинд зохион байгуулагдсанаараа онцлог байлаа. Сургалтад оролцсон бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэл, аюулгүй байдлын орчны өөрчлөлт, бүс нутгийн болоод олон улсын цэрэг улс төрийн нөхцөл байдал гээд олон сэдвийн хүрээнд тодорхой ойлголттой боллоо.
Мөн гар буу, автоматын буудлагын анхны дасгал, байлдааны машины жолоодлого, дадлага сургуулийг амжилттай гүйцэтгэсэн. Яамдын дэд сайд нарыг цэргийн дүрмийн дагуу зохион байгуулж, өглөөний бослогоос эхлээд орой унтах хүртэл нэгдсэн команд дохиогоор ажиллуулж байсан нь сургалт, бэлтгэлийн үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой байсан юм. 

Эрчүүд заавал цэргийн алба хаах хэрэгтэй

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга:

-Би 1980-1983 онд Зүүнбаянд хугацаат цэргийн алба хаасан. Тиймээс Зэвсэгт хүчин хэзээд миний сэтгэлд ойр байдаг. Энэ сургалтад гурав дахь удаагаа оролцлоо. Намайг алба хааж байсан үетэй харьцуулахад өнөөгийн Зэвсэгт хүчин олон талаараа өөрчлөгдсөн байна. Ялангуяа байнгын бэлтгэл хүчний бэлэн байдал, тэдгээрийн мэдлэг боловсролын түвшин орчин үеийн нийгмийн шаардлагад нийцэхүйц өндөр хэмжээнд хүрснийг харлаа. Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн хувьд ч тэр бүс нутгийн жишиг сургалтын төв болон өргөжжээ. Иргэн хүнийхээ хувьд манай улсын Зэвсэгт хүчин байнгын бэлтгэлтэй, ямар ч цагийн байдлын үед хэзээд итгэж болох салбар гэж боддог. Би олон оронд албаны болон хувийн шугамаар очиж байсан. Тэр дундаас Сингапур, Өмнөд Солонгос улс надад таалагдсан. Учир нь эдгээр улсад эр хүн бүр заавал цэргийн алба хаадаг хуультай. Аливаа асуудалд, дүгнэлт хийх чадвар, хүмүүсийн өмнө өөрийгөө илэрхийлэх, тэсвэр, хатуужилтай болох гээд эр хүн бүхэнд заавал байх чанарыг зөвхөн цэргийн албанаас л олж авдаг гэж боддог. 

Нөгөөтэйгүүр бүх нийтээр цэргийн алба хаах нь улс орны бүтээн байгуулалт, хувь хүнд маш хэрэгтэй. Миний бодлоор бүх эрчүүдийг заавал цэргийн алба хаадаг байхаар хуульчлах хэрэгтэй. Даан ч улс орны эдийн засгийн нөхцөл байдал муу байгаагаас энэ хууль хөрсөн дээр буухад арай эрт байна. Алсдаа УИХ-ын шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс бүх нийтээр цэргийн алба хаах хуулийг батлах шаардлагатай. 

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг:

-Энэхүү сургалтад анх удаагаа оролцож байна. Батлан хамгаалах салбар цэргийн алба хаагчид, мэргэжилтэн, боловсон хүчнээ маш сайн бэлтгэж байгааг сургалтын явцад олж мэдлээ. Ялангуяа Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн үзүүлэх сургуулийг онцлох хэрэгтэй. Дэлхийн өнцөг булан бүрт терроризмын аюул занал нүүрлээд буй өнөө үед тус ангийн цэргийн алба хаагчдын гүйцэтгэх үүрэг, мэргэжлийн ур чадварын хэрэгцээ шаардлага хамгийн өндөр гэж ойлгож байна. Мөн бусад салбартай харьцуулахад батлан хамгаалах салбарын гадаад харилцаа маш эрчимтэй хөгжиж байна гэж харлаа. 

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахлах дэслэгч М.Мөнхзориг