ХЭЛ СУРАХУЙ МӨРИЙН ЗЭРЭГ

01. Хятад хэлний онлайн сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүс эхлээд өдөр алгасахгүй тууштай суралцана гэж бат хатуу зоригийг үүсгэ. Түүний тулд өдрийн зөв дэгтэй, гар утас, зурагт, фэйс зэрэг цахим хамаарлаас хол, хямгатай байвал зүгээр.

02. Тэр хэрээр сэтгэл аяндаа тогтоод сурахад хөнгөн болоод ирэх вий. Чи урьд нь хэл сурах авьяасгүй, хэл гэж суршгүй зүйл юм байна гэж боддог байсан чинь гагцхүү сэтгэл тогтоогүй байсантай холбоо бүхий болохыг аяндаа ойлгоод ирнэ.

Хятад хэлний тухайд ханз үсэг цээжлэх гэж битгий өөрийгөө зовоо. Эхлээд зүгээр л таньдаг болчих. Тэгээд түүнийгээ эргэлтэд оруулж хэрэглэсээр сайн нүдлэж тогтоо. Ийм маягаар хэсэг хугацаа өнгөрсний дараа тухайн ханз үсэг яс маханд шингэсэн мэт баттай цээжлэгдсэн байх вий. Гурван шаттай энэ үйл явцын эхний хоёр гишгүүрийг суралцагч хүн алгасаад заавал газар дээрээ цээжлэнэ гэж мугуйдлаад өөрийгөө зовоогоод байсныг одоо ойлгов уу?

03. Дүрмийн тухайд ч гэсэн хэрхин өөрийн болгох нь ханз үсэг цээжлэсний үлгэрлэл лүгээ ижил бөлгөө. Бас л зөнгөөрөө зөвхөн утгын тайллыг хөөгөөд уншаад байхад аяндаа дүрмийн нарийн ялгамжаанууд тодроод ирэх болно.

04. Хятад хэлний тухайд хоёр сарын хугацаанд онлайн сургалтаар дамжуулан роман уншаад кино үзэж ойлгодог болсон хүмүүс олон бий. Гэтэл дөрвөн жил сурсаны эцэст кино, роман ойлгох нь байтугай хүнтэй ярьж чаддаггүй, хүний хэлснийг ойлгодоггүй нөхдүүд хааяа нэг тааралдаж байдаг л даа. Би тийм хүмүүст эхлээд дурын сэдвээр чөлөөтэй уншдаг бол. Дараа нь тэр суурин дээрээ кино үзээд ойлгодог болчих. Тэгснээр нэг л мэдсэн сонсгол чинь онгойсныг гайхан мэдрэх болно. Эцэст нь тухайн хэлний орчинд ороод хятадуудтай яриад эхлэхээр долоо хоногийн дараа л чөлөөтэй яриад эхлэнэ гэж зөвлөдөг.

05. Аливаа зүйлийн эрэмбэ, дэс дараа маш чухал болохыг ойлгож байна уу? Үүнийг манай өвөг дээдэс эрт дээр үед мөрийн зэрэг хэмээн оновчтой сайхан нэрлэдэг байсны дагуу энэ бичлэгийн гарчгийг оноов. Би энэ бичлэгтээ зөвхөн хятад хэлээр жишээ авсан боловч бусад хэлнүүдийн тухайд олон зүйл дээр нэмэр нөлөөтэй байж мэдэх юм шүү. Харин япон хэлний хувьд энэ аргаар хятад хэлийг үзэж суурьтай болсны дараа сурч эхлэвэл ханз үсэг гэдэг "Хадны мангаа" алга болсон байх болно.

06. Аливаа зүйлийг уншиж сонсох ондоо. Сурах үйл явц төсөөлж байснаас бүр ондоо. Үр дүнг биеэрээ мэдрэх бас л ондоо. Ондоо ондоодоо толгойд төсөөлж байснаас хавьгүй хөнгөн хялбар байснаараа ондоо байдаг бол яахав? Бодит байдал үнэндээ тийм л бөлгөө. Гэтэл дийлэнх хүмүүс хий хоосон санаашралд автаад яваад байдаг. "Хэл сурах юмсан.", "Тэгж байгаад нэг сурна даа." гээд л хий хоосон бодлууд толгой тархинд чинь дүүрчихсэн байгаа. Арай гэж сурахаар шийдээд зориглон алхсан цөөн хэд нь болохоор тав гурван хоногийн дараа залхуурал хэмээх том шулмын саварт атгагдаад ухарч няцчихдаг. Тэр л саадыг тууштай даван туулсан хүн эрдмийн оргилд хүрдэг жамтай бус уу?