Үндсэн хууль зөрчсөн заалтыг хүчингүй болголоо

Нийслэл / Э. Сайнзаяа
6 өдрийн өмнө

Үндсэн хуулийн цэц өнөөдөр Их суудлын хуралдаан хийж, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг  хяналтын журмаар хянан шийдвэрлэжээ.
 
Монгол Улсын Их Хурал  Иргэний хуульд  “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэсэн хэсэг нэмсэн байна. Энэ нь дээрх тогтоолоор хүчингүй болсон “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.” гэсэн мөн хуулийн  заалтыг агуулгаар нь дахин сэргээснийг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас тогтоов.
 
Түүнчлэн Улсын Их Хурал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох хэсгийг “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.” гэж өөрчлөн найруулсан нь дээрх тогтоолоор хүчингүй болсон “... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэсэн өмнөх заалтыг  агуулгаар нь дахин сэргээсэн байна гэж Үндсэн хуулийн цэц үзэв.
 
Тиймээс Үндсэн хуулийн цэц Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн эдгээр заалтыг хүчингүй болгожээ.