БНСУ-ын албаныхан гадаадын хууль бус 13000 ажилчныг баривчлав

Дэлхий / Time Admin
6 өдрийн өмнө

БНСУ-ын Хууль зүйн яам энэ онд тус улсад ажиллаж буй гадаадын хууль бус 13255 ажилчныг баривчилжээ. Мөн тэднийг ажиллуулж байсан 2549 иргэнд торгуулийн арга хэмжээ авсан байна.

Холбогдох албаныхан энэ оны гуравдугаар сараас тавдугаар сард, есдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд компаниудад шалгалт явуулж бичиг баримтгүй, хууль бусаар ажиллаж байгаа гадаадын иргэдийг баривчилсан гэж Хууль зүйн яам, БНСУ-ын Цагдаагийн газар, Хөдөлмөрийн яамнаас мэдээлжээ.

Хууль бусаар ажил эрхэлж байсан гадаадын иргэдийг албадан нутаг буцааж, тэдэнд ажил олгосон хувь хүн, албан байгууллагуудыг 20 хүртлэх сая вонийн торгууль оногдуулав. Салбараар нь ангилбал үйлдвэрүүдэд 3291, барилга, барилгын үйлдвэрлэлд 1861, энтертайнмент төвүүдэд 1093 хууль бус гадаадын иргэд ажиллаж байсан аж. Эдгээрээс барилгын салбарт ажиллах хууль бус гадаадын иргэдийн тоо өмнөх оныхоос 63.1 хувиар нэмэгджээ.

Хууль зүйн яамны төлөөлөгч мэдэгдэхдээ “Бид үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хууль журмаа дагаж байгаа эсэх талаар үргэлжлүүлэн шалгалт явуулна. Хууль бусаар ажиллаж байгаа гадаадын иргэдийг нутаг буцаах болно” гэжээ.