Оросууд Пёнчаны олимпоос өөрсдөө татгалзах уу

Спорт / Time Admin
6 өдрийн өмнө

Олон улсын олимпийн хорооны удирдлагууд ОХУ-ыг ирэх онд БНСУ-ын Пёнчан хотод зохион байгуулагдах өвлийн олимпийн тэмцээнд оролцох эрхийг нь хассан юм. Энэ нь Оросын шигшээ багийнхны хувьд маш гунигтай шийдвэр.

“Известия” сонинд бичсэнээр мэргэжлийн тамирчдын хувьд дөрвөн жилд нэг удаа болдог олимпт оролцохгүй байна гэдэг “эмгэнэл” аж. Одоо Оросын улс төр, спортын салбарынхан хэрхэх тухайгаа хэлэлцэж байна.

Улс төрчид спортынхныг бодвол илүү зоримог шийдлийг дэвшүүлж, Орос улс өөрсдөө Пёнчаны өвлийн олимпт оролцохоос татгалзах ёстой. Энэ нь дэлхийн улс төрийн хүрээнд ч манай улсын бие даасан байдлыг илэрхийлэх болно гэж үзжээ. Өөрсдөө татгалзах зоримог шийдвэр нь ирээдүйн тамирчин, жирийн хүүхдүүдэд ч Орос улс бөхөлзөж биш, татгалзаж бас чаддаг юм шүү гэдгийг ойлгуулах аж.

Харин зарим мэргэжилтэн ОУОХ-д хандан хоригийн шийдвэрийг хүлээн зөвшөөрснөө мэдэгдэж, Оросын далбаан дор биш олимпийн таван цагаригтай далбаан дор жагсаж Пёнчаны олимпт оролцох нь зөв гэж үзэж байна. Гэхдээ Ерөнхийлөгч В.Путин яг энэ асуудлыг “Оросын шигшээ баг олимпийн тэмцээнд эх орныхоо далбаан дор жагсаж оролцож чадахгүй гэдэг нь гутамшиг” гэж мэдэгдээд буй. Тиймээс “бөхөлзөх” асуудал мөн л мухардалд орох магадлалтай.

Оросын тамирчдын хувьд өөр нэг боломж байгаа нь бие дааж олимпийн тэмцээнд оролцох эрх юм. ОУОХ-ныхон Тусгай зөвлөлийг байгуулж тамирчдын асуудлыг авч үзэж Пёнчанд оролцох эсэхийг нь шийдвэрлэх учиртай. Ийм хувилбарыг Оросын спортын удирдлагууд нэг их анхаарч үзэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн тамирчин Орос улсыг бүрэн төлөөлдөггүй.

ОУОХ-ныхон “Сочи 2014” өвлийн олимпийн тэмцээнд оролцсон Оросын шигшээ багийнхан сэргээш хэрэглэсэн тул дараагийн олимпийн тэмцээнд оролцох эрхийг нь хассан. Асуудлыг улс төртэй зэрэгцүүлэн үзэж байгаа ажиглагчид Европын холбоо ба Москва гэсэн “тулаан” явагдаж байгааг онцолж байна. Зарим хэвлэлд бичсэнээр Орост ийм хандаж байгаа нь “хүйтэн дайн”-ы үеийг санагдуулам байгаа аж.

Европын холбооны хэд хэдэн улс ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. ОУОХ-ны шийдвэр нь хориг арга хэмжээтэй бүрэн хамааралтай гэж үзэх хүн цөөнгүй байна. Мөн нийгмийн идэхтнүүд өвлийн олимпийг Оросгүйгээр төсөөлөхийн аргагүй хэмээх уриан дор эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.