Хууль зөрчсөн “Volkswagen”-ы менежерт ял оноолоо

Дэлхий / Time Admin
6 өдрийн өмнө

АНУ-ын холбооны шүүх “Volkswagen” компанийн менежер асан Оливер Шмидтэд 7 жилийн хорих ял, 400 мянган ам.доллар торгууль оногдууллаа.
Мичиган мужийн “Volkswagen”-ы салбарт менежерээр ажиллаж байсан тэрбээр дизель хөдөлгүүртэй автомашинуудаас ялгарах хорт утааны тухай үзүүлэлтийг худал мэдүүлж байсан нь тогтоогдсон байна. Түүнийг Цэвэр агаарын тухай хуулийг зөрчихөд хуйвалдсан гэж үзжээ.

Оливер Шмидт 2009-2015 онд АНУ-д үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүртэй 500 мянган “Volkswagen” автомашины хорт утаа ялгаруулах үзүүлэлтийн тухай ташаа мэдээлэл өгсөн нь баримтаар тогтоогдсон байна. Түүнийг энэ оны нэгдүгээр сард ээлжийн амралтаараа Герман руу явж ирснийх нь дараа Майамигийн олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилсан юм.

Оливер Шмидт шүүх хурлын үеэр “Би энд зөвхөн өөрийгөө буруутгаж байна. Би үнэхээр муу шийдвэр гаргасан. Үүндээ гүнээ харамсаж, уучлалт хүсч байна” гэжээ. Тэрбээр өөрт нь оногдуулсан шоронд хоригдох ялыг 3 жил 4 сар, торгуулийн хэмжээг 100 мянган ам.долларт хүргэхийг эрмэлзсэн ч амжилт олоогүй байна.