АНУ-ын шигшээ багийг Пёнчан руу явах нь эрсдэлтэй гэж үзжээ

Дэлхий / Time Admin
6 өдрийн өмнө

НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Никки Хэлей улсынхаа шигшээ багийг Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн тэмцээнд оролцох нь эрсдэлтэй гэдгийг илэрхийлжээ. Тэрбээр шигшээ багийг тэнд очих нь “дэмий алхам” гэж тодорхойлсон байна.

Никки Хэлей “Fox” сувагт өгсөн ярилцлагадаа “Бүх зүйл БНАСАУ-ын удирдлагууд ямар алхам хийхээс хамаарна гэж бодож байна. Бид асуудлыг сайтар нягтлах ёстой, өдөр бүр нөхцөл байдал яаж эргэж болзошгүй байна” гэжээ.

Дипломатч эмэгтэй Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанд хандан АНУ-ын шигшээ багийг БНСУ руу илгээсэн тохиолдолд маш өндөр хэмжээний хамгаалалтад оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Никки Хэлей “Бид юунаас ч айдаггүй. Гэхдээ ийм нөхцлийг бүрдүүлэхийн тулд хийх зүйлс маш хүнд байдаг” гэжээ.

Хойд Солонгосын эрх баригчид тив алгасагч балластик пуужин туршсаны дараа АНУ, БНСУ-ын цэргүүд хамтарсан сургуулилт эхлүүлсэн юм. Пхеньян уг сургуулилтыг эсэргүүцэж, үл мэдэх алхам ч дайныг эхлүүлж болно гэж анхааруулав. Хэдийгээр тэд ирэх онд Пёнчанд зохион байгуулагдах өвлийн олимпт ямар нэгэн байдлаар заналхийлэл үзүүлээгүй ч эрсдэлтэй олимп болно гэж олон улсын ажиглагчид тодорхойлж байгаа юм.