Иерусалимыг Израилийн нийслэл гэж үзсэнийг арабчууд эсэргүүцэж байна

Дэлхий / Time Admin
6 өдрийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөх тухай тогтоолд гарын үсэг зурснаар Арабын ертөнц эсэргүүцлээ илэрхийлж байна. Тогтоолд өгүүлснээр Вашингтон Элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалимд нүүлгэх ёстой.

Израилийн эрх баригчид Трампын уг шийдвэрийг “зоримог, шударга” хэмээн тодорхойлж талархлаа илэрхийлжээ. Харин Палестин, Саудын Араб болон Европын хэд хэдэн улс тогтоолыг эсэргүүцэж, Ойрхи дорнодын асуудлыг улам хурцадмал байдалд орууллаа гэж үзсэн байна.

Доналд Трамп “Өнөөдөр бид энэ асуудлыг эцэслэж байна. Иерусалим бол Израилийн нийслэл мөн. Энэ бол бодит үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ шийдвэр Израиль, Палестины хооронд эв найрамдлыг бий болгоход чухал гүүр нь болно. АНУ-ын зүгээс хоёр талын энх тайван харилцааг бий болгохын тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно” гэжээ.

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Натеньяху “Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт талархаж байгаагаа илэрхийлье. Тель-Авивт суугаа гадаадын бусад улс Вашингтоны шийдвэрийг дагаж, Элчин сайдын яамаа Иерусалимд нүүлгэхийг уриалж байна” гэв.

Палестины Үндэсний парламентын дарга Махмуд Аббас “Трампын шийдвэр нь олон улсын баримт бичгүүдийг ноцтой зөрчиж, бүс нутагт энх тайван тогтооох хүчин чармайлтыг үгүйсгэлээ. АНУ-ын энэ шийдвэр нь тэднийг энх тайвны үйл хэргээс татгалзаж байгааг харууллаа” гэжээ.

Палестинд суугаа ОХУ-ын Элчин сайдын яам Трампын шийдвэрийг эсэргүүцэв. Мөн Катарын шейх Тамим бин Хамад Аль-Тани Доналд Трамптай утсаар ярьж дээрх тогтоолыг бүс нутгийн асуудлыг тогтворгүй болгоно гэж байр сууриа илэрхийлсэн байна. Ираны Гадаад харилцааны яам Вашингтоныг НҮБ-ын тогтоолуудыг зөрчиж байна гэж үзэв. Мөн Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Аль-Сиси “Бид Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Европын холбооны дипломатч Федерика Могхерини Иерусалимын тухай Доналд Трампын бодлогын үр дагавар ноцтой байх болно гэдгийг илэрхийлээд Европын холбооны байр суурь өөрчлөгдөхгүй гэж онцлов. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй улсынхаа Элчин сайдын яамыг Тель-Авиваас нүүлгэхгүй хэмээн мэдэгдсэн байна. Харин Германы Засгийн газрын төлөөлөгч “Twitter” хуудсаараа дамжуулан Герман улс уг асуудалд аль нэг талыг баримтлаагүй байгаа бөгөөд хоёр улсын асуудлыг хэлэлцэх ёстой” гэв.