О.Баасанхүү: Миний гурван тэрбум төгрөг хаана байна вэ

Улс төр / Э. Сайнзаяа
6 өдрийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч 2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт хориг тавиад байгаа билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
 
Төсвийг алдагдалгүй батлах боломж бий юу? Үнэхээр төсвийг алдагдалгүй батлах боломж байгаа гэж байна. Алдагдалтай батлах шалтгаан юу вэ? Гишүүдийн гурван тэрбум гэж байна. Миний гурван тэрбум төгрөг хаана байна вэ?
 
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 
Сүүлийн 4-5 жил явж ирсэн бодлогын алдаанаас төсөв алдагдалтай гарч байгаа.  Олон жилийн турш төсөв алдагдалтай явж ирснийг огцом буулгах боломж байхгүй. 2018 оны төсвийг төсөвлөхдөөө ДНБ-ны 8 хувьтай тэнцүү байхаар оруулж ирж байна.  Төсвийг алдагдалгүй батлах боломжгүй.
 
ЕТГ-ын дарга З.Энхболд:
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүүд гурван тэрбум гэж яриа байж болохгүй. Одоо гурван тэрбум гэж хэлэгдэхдээ хүрээд байна. Ерөнхийлөгчид албан бичиг ирээд байгаа юм. Н.Тогтохсүрэн гишүүний 125 төсөл хөтөлбөр  гурван тэрбумд яригдаад байгаа юм. Төсөв хэлэлцэх үед гэнэт нэмэгдсэн зүйлийг яагаад буулга гээд байна вэ. Зураг төсөвгүй зүйл гишүүд оруулж ирдэг. Үнэхээр шаардлагатай улсын хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулна уу гэхээс тойргийн хөрөнгө оруулалтыг төсөвт оруулдаггүй. 192 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн асуудал гэж байгаа. Алдагдалгүй төсөв батлах боломж анх удаа гарч байгаа. ОУВС-гийн хийсэн гэрээний дагуу 5.5 тэрбум ам.доллар орж ирнэ. Тиймээс төсвийг алдагдалгүй батлах боломж байсан.
 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
 
Ерөнхийлөгчийг гурван удаа хориг тавилаа гэж байна. Би бол Засгийн газрын гурван алдааг хэлж байна гэж бодож байна. Төсвийн тодотгол дээр иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээр багш, эмч нарын цалинг нэмэхгүй байж халамжаа нэмсэн нь буруу. Хүүхдийн мөнгийг 100 хувь өгч байснаа он гаруут 60 хувь болгосон чинь алдаа юм биш үү. Үүнийг  хэлж байхад хоригийн тухай яриад байна. Ипотекийн зээл хаана явна вэ?
 
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 
2012-2016 оны эдийн засгийн бодлого зөв байсан гэж ярьж байх шиг байна. Тэр үед валютын нөөц их байсны зээлээр бүрдүүлчээд сууж байсан. Чингис бондын зээлийг төлж чадахгүй улс орон даяар хандивын аян өрнүүлэхээр болсон байсан. Монгол Улсын зээлжих зэрэглэл гурван шатлалтай болж байна. Хөрөнгө оруулагч нар зугтааж, аж ахуйн нэгж үүд хаалгаа барьсан. Ипотекийн зээлийг Монголбанк мөнгө хэвлэж хийсэн. Нэг талдаа иргэдийг оронсууцжуулсан сайн талтай ч нөгөө талдаа үнэ хөөрөгдсөн.
 
ЕТГ-ын дарга З.Энхболд:
 
Ипотекийн зээлийг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй нь олон улсын жишиг. Тиймээс Монголбанк үнэт цаас гаргасан. Одоо өөр гарц хайна гэсэн. Өөр гарц байхгүй. Бид ОУВС-гийн үгээр явдаггүй байсан. Бид ард иргэддээ татварын ачаалал үүрүүлээгүй.  Ипотекоо үргэлжлүүлж, улсын төсөвтэйгээ холихгүй байсан бол өнөөдөр орон сууцанд айлууд орох байлаа. Та бүхний бүрэн эрхийн хугацааны 47 хувь өнгөрөөд байна. Орон сууцны зах зээлийг цаашид яахыг мэдэхгүй.