Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа

Нийслэл / Э. Сайнзаяа
6 өдрийн өмнө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн 10 дугаар сарын 27, 31-ний өдрийн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа хийлээ. Тус Байнгын хороо хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган найруулга, үг хэллэгийн зарим засвар оруулжээ. Мөн хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Н.Учрал нар Байнгын хорооны даргаас асуулт асууж хариулт авсан юм. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 11 дүгээр зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэсэн агуулгатай 11.2 дахь хэсгийг шинээр нэмэх, төслийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагын хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэнээс тус тус авна” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.

Мөн төслийн 55 дугаар зүйлд “Төрийн байгууллага төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэсэн агуулгатай 55.3 дахь хэсгийг нэмэх, төслийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Түүнчлэн хуулийн төслийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг “Төрийн албан хаагч хуульд заасны дагуу дүрэмт хувцас хэрэглэж болно” гэж өөрчлөн найруулах, төслийн 66 дугаар зүйлд “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах” гэсэн агуулгатай 66.1.1 дэх заалт нэмэх саналыг гишүүдийн олонхи нь дэмжив.

 

Ингээд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 20 гаруй хуулийн төслийг эцэслэн батлав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ, энэ хуулиар төрийн албаны чадахуйн буюу мэрит зарчмыг бүрэн нэвтрүүлж, улс төрөөс ангид, хараат бус, тогтвортой байдлыг хангах зохицуулалт жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдэж байна. Энэ үндсэн дээр төрийн албан хаагчдыг ажлын туршлага, үр дүн, ажилласан жилийг нь харгалзан шатлан дэвшүүлж ажиллуулдаг байх тогтолцоо хэрэгжих юм.