Т.Бат-Оргил: Хайр цаг хугацаагаар хэмжигддэг юм байна

TIME TO TALK / Э. Сайнзаяа
2017 оны 12 сарын 11

“Time to talk” ярилцлагын буланд “Мөнхийн ус”, “Аж богдын харуул” зэрэг дуугаараа нэгэн цагт залуусыг уярааж явсан дуучин Т.Бат-Оргил уригдлаа. Тэрбээр тун удахгүй “Жигүүртнээс дээгүүр” нэртэй өөрийн ном, цомгоо нийтэд хүргэх гэж байна. 

Шинэ ном, цомгоо гаргах тухай сонслоо. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

Номоо “Жигүүртнээс дээгүүр” гэж нэрлэсэн. Өмнө нь ном бичье гэсэн бодол байгаагүй. Хүмүүс надаас “Цовоо хонгор” чинь яаж бүтсэн юм, “Мөнхийн ус” дуугаа яаж зохиосон бэ гэж их асуудаг. Тэр бүрт нь ярьж тайлбарладаг байлаа. Нэлээд нуршуу яриа болно шүү. Тэгээд л ер нь ном болгоод биччихье гэсэн бодол анх төрсөн. Ном бичих явцад энэ санаа минь илүү тэлж, 20 жилийн хугацаанд бичсэн дуунууд гэдэг утгаараа тухайн үеийнхээ нийгэм, бодол эргэцүүлэл бүх зүйлийг багтаая гэж бодсон. Энэ ном бол хувьсгалын тухай юм. Манай улсад элдэв өнгөт хувьсгал хэрэггүй. Соёлын хувьсгал хэрэгтэй байна. Монгол Улсыг цаашдаа сэхээтнүүд маань авч явахгүй бол болохоо болилоо гэсэн сэтгэлээр бичсэн юм. Нэр нь ч бас тийм учиртай. Жигүүртнээс дээгүүр зоригтой сэтгэдэг хүмүүс улс нийгмээ манлайлах хэрэгтэй юм байна. Бид төр засаг гэж хэтэрхий их найдаж, төөрч байна. Хэн нэгэн ирж бидний амьдралыг өөрчлөхгүй. Бид өөрсдийнхөө амьдралыг сайжруулж сайхан болгох ёстой. Үүнд сэхээтнүүдийн гүйцэтгэх үүрэг их өндөр. Харамсалтай нь сэхээтнүүд маань өөрсдөө тэрнийг ойлгож ухамсарлахгүй, ухаарахгүй байна. Энэ тухай ярианы очийг цахих зорилгоор бичсэн ном юм. Цомгийн хувьд хуучны дөрвөн дуу, шинэ 11 дуу, гитарын нэг аяз орсон ба бүгд амьд хөгжмийн зэмсгээр бичигдсэн.  Бид бичлэгийн чанарт маш их анхаарал тавьж, тоолж үзэхэд цомгоо гаргахдаа нийт 48 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна лээ.  Номын маань зургийг “Бумбардай” Н.Эрдэнэбаяр зурсан. 

Таны дууны шүлэг, ая ерөөсөө л сэтгэлд нандин мэдрэмж төрүүлдэг. Ийм нарийн нандин бүтээлүүд хэзээ төрдөг вэ. Та яг ямар үедээ бичдэг вэ?

Миний зохиосон дууны үгийг шүлэг гэж хэлж болохгүй байх. Шүлэг, яруу найраг гэдэг маш том эрдэм. Би тэр эрдмийг эзэмшээгүй, мэдэхгүй. Дууныхаа хэмжээнд л үгээ бичдэг. Харин үгэндээ их ач холбогдол өгдөг л дөө. Ер нь дууны санаа гэнэт орж ирнэ. Заримдаа ийм юм хэлчих юмсан гэж бодсон бодлоор маань үг орж ирнэ. Миний арга гэвэл аяаа зохиогоод дараа нь аяндаа зориулаад үгээ зохиодог. Үгээ дотроо удаан бодож явна. Санааны мухарт байж байгаад л олон бодлоо хооронд нь тааруулаад дуугаа бүтээдэг.

Ингэхэд та гитар хэзээнээс тоглож сурав?

Намайг зургаадугаар ангид байхад  аав маань орос банзан гитар авч өгч байсан. Тэр үеэс эхлээд дарж эхэлсэн. Энэ тухай номондоо нэлээд дэлгэж хуучилсан байгаа.  Би номоо бичихдээ дурдатгал хэлбэрээр бичээгүй. Тийм өтөл насандаа ч хүрээгүй байна. Хүнд сонирхолтой байлгахын тулд блог ч юм уу, нүүрномны тэмдэглэл шиг ч юм уу хэлбэр оруулсан тал бий. Яахав, гэхдээ дурсамж бол бий. Дуу бүтсэн түүх, Монголынхоо уламжлал түүхээс улбаалж бичсэн. Энэ номоо олон ч хүнээр уншууллаа. Хүмүүс ам сайтай байгаад нь сэтгэл их өндөр байгаа. Ер нь намайг ном бичих ёстой юм байна гэсэн урмын үг хэлсэн. /инээв/ Бумбардайгийн зургууд 16-р бүлэг бүрт байгаа. Номоо бичих явцдаа санаагаа зураач Н.Эрдэнэбаярт тайлбарлаж, тэр маань сайхан зураг зурж өгсөн. Би номынхоо зурганд сэтгэл хангалуун байгаа. Номоо бичиж эхлээд хоёр жил өнгөрсөн байна. Орчин цагт бүх зүйл өөр болж, шинэчлэгдэж байна. Зүгээр нэг дууны цомог ч юм уу, ном дангаараа ч юм уу, хоцрогдож эхэлж байна. Энэ талаараа миний гаргаж буй энэ бүтээл бол шинэ алхам гэж бодож байна.. Дуунуудын үндсэн бичлэг энд, зарим дууны зэмсгүүдийг Америкт байгаа хөгжимчид тоглож, дууны эцсийн микс, мастерингийг мөн Америкт хийж, CD-г Москвад хэвлүүлж байгаа. 

Таны дуу болгон хүмүүсийн зүрхэнд хүрдэг учир бид таныг дуучин л гэж мэддэг. Та чинь хуульч хүн байх аа?

Би “Хуульчдын нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ер Монгол Улсад соёлын болон эрхзүйн хувьсгал хэрэгтэй юм байна гэж бат итгэх болсон.. Гагцхүү үүний дараа л улс төрийн хувьсгалыг ярих ёстой гэж боддог болсон. Энэ хоёр байхгүй цагт бүх ярианууд хоосон. Нэмэгдэхүүний байрыг солихоор дүн нь өөрчлөгддөггүй гэдэг ш дээ. аль ч нам байгуулсан дотор нь байгаа хүмүүсийн бодол, авирөөрчлөгдөхгүй л бол нэмэргүй. Бидэнд сэхээтний манлайлал хэрэгтэй байна. Бид монгол үндэстнээрээ нэг нэгнийгээ хайрлахгүй байгаа цагт хэн ч яаж ч ажиллаад, юу ч байгуулаад бүтэхгүй. Бусад улс орны туршлагыг судлахдаа хүмүүс маш олон зүйлийг орхигдуулдаг. Герман, Солонгос, Сингапураас жишээ авч ярьдаг. Гэвч тэр тэгшитгэл дотор маш олон хувьсагч бий.Тухайлбал, бусад улс орны хөгжсөн нууц нь ард түмэн амь нэгтэй байгаад юм. Сэхээтнүүд ард түмнээ манлайлж, нэгтгэдэг.. Тэрнээс заавал сайд, дарга болох албагүй. Өөрийн жишээгээр үлгэр үзүүлдэг л байх хэрэгтэй. Хэдүүлээ соёлын хувьсгал хийж ард түмнээ өөд татмаар байна. 

Эрхзүйн шинэтгэлийг үргэлжлүүлэхгүй бол улс төрийн замбараагүй байдал эрхзүйн тогтолцоотой шууд холбоотой юм. 90-ээд оны үед хийсэн шинэчлэлүүд хэт эдийн засаг руу чиглэсэн өөрчлөлтүүд байсан. Гэтэл төрийн байгууллагын зохион байгуулалт руу шинэчлэл хийхэд анхаараагүй. Энэ бол шудрага ёс гэдэг зүйлийг тэр чигт нь орхигдуулсан. Шударга ёсны мэдрэмжийг бурхнаас хүнд заяасан байдаг. Хэн ч зааж өгдөггүй. Хоёр жаахан хүүхэд зодолдохдоо л шударга шударга биш гэж зодолддог. Бид Үндсэн хуулиа утгаар нь хэрэгжүүлмээр байна. Энэрэнгүй хүнлэг нийгмийг байгуулна гэсэн хэрнээ энэрэнгүй хүнлэг нийгэм байгуулж чадаагүй. Аливаа нэгэн шүүгчийн шийдвэрийг “таны шийдвэр энэрэнгүй юу” гэж асуувал өөдөөс “чи галзуурчихсан юм уу” л гэнэ шүү дээ. Бид хуулиа харж байна гэхээс биш зарчмаа хардаггүй. Бид нар эрхзүйн шинэчлэл, соёлын хувьсгалыг яаралтай хиймээр байна. Зөвхөн түүний дараа л улс төрийн  шинэчлэлээ ярья.

Таны улс төрийн амбиц юу вэ?

Хүмүүс улс төр гэж юуг ойлгодогоос хамаарна биз.. УИХ-ын гишүүн, дарга  цэрэг болно гэж бодож байвал, үгүй. Би тийм улс төрийг сонирхохгүй. Харин би Монголдоо хотол олноороо сайхан амьдрах тэр нийгмийн төлөө юм хийвэл тэрнийг улс төр гэж ойлгоно. Ер нь нийгэмд өөрчлөлт авчрахад заавал УИХ-ын гишүүн байх албагүй шүү дээ. Надад бол ийм итгэл үнэмшил байна. Би улс төрд 1996 онд орсон. МАН-д ялагддаг жил нь орж байлаа. Харин 2009 онд чадалтай байхад нь МАН-аас гарч байсан. Энэ миний хүссэн зүйл биш. Энэ нам болохоо болилоо гэдгийг мэдрээд л гарсан юм. Тэгээд Хөдөлмөрийн үндэсний намыг хэсэг хүмүүстэй үүсгэн байгуулж байлаа. Бусдын алдааг давтвал хайран цаг бас солиорол. Нам улстөр гэхээсээ илүү хамгийн түрүүнд хэсэг хүмүүс энэ нийгмийг өөрчлөхийн тулд ард түмэндээ үлгэр жишээ үзүүлж өөрөөр бодож сэтгэмээр байна. Манай нам хамгийн сайхан нам. Бусад нам хамгийн муухай гэж хуваагдах нь манай улсыг хөгжлийн манлайд хүргэхгүй л болов уу.

Залуус албан тушаалд болдог ч юм уу улс төрийн карьер хөөх илүү сонирхолтой болсон харагдаад байна?

Энэ бол нэг төрлийн өвчин. Би манай нийгэм маш хүндээр өвчилсөн гэж боддог. Хүнээр бол системийн өвчин гэдэг. Бид маш эрүүл бус нийгмийг бий болгочихсон. Амархан шийдэл бол байхгүй. Нэг нам ч юмуу, Ерөнхийлөгч гарч ирээд 20 жил нураасан зүйлийг ямарч чадалтай байгаад дөрвөн жилийн дотор босгож чадахгүй. Тийм учраас ямар ч төр засаг солигдож байсан нийгэмд эзлэх байр суурь нь хэвэндээ байдаг бүлэг хүмүүс бий болох ёстой юм. Тэднийг сэхээтэн гэх бөгөөд дуу хоолойг нь нийгэм нь сонсдог. . Тансаг баян, эсхүл зөвхөн боловсрол эзэмшсэн, гадаадаар аялгагүй цэвэрхэн ярьдаг ч юмуу тийм хүмүүсийг сэхээтэн гэж хэлэхгүй. Сэхээтэн гэдэг нь монгол хэлэнд их өөр утгатай юм билээ. Бусдын төлөө сэрхээрсэн гэдэг маш чухал үг юм билээ. Сэхээтэн байхын тулд гурван шаардлагыг хангасан байх учиртай. Нэгт, бусдыгаа гэсэн сэтгэл. Хоёрт, мэдлэг боловсрол. Гуравт, зориг. Энэ гурвын аль нэг нь дутахад л энэ хүн сэхээтний шаардлагыг хангаж чадахаа байна. Боловсрол, бусдынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хэрнээ зориггүй бол зүгээр л нэг тийм сул иргэн болчихож байгаа юм. Ингэж болохгүй шүү дээ гээд л гэртээ суугаад байна. Харин зориг нь байгаад мэдлэгтэй хэр нь бусдыг гэсэн сэтгэлгүй бол сайндаа бэртэгчин муудвал боловсролтой луйварчин болчихож байгаа юм. Бусдын төлөө сэтгэлтэй бас зоригтой хэрнээ мэдлэггүй бол баатар болчихно. Сайн ч юм хийж магадгүй, муу ч зүйл хийж магадгүй. Ер нь тийм баатар хүн дайнд л тун хэрэгтэй болохоос, энхийн цагт балаг нь илүү юм. Харин сэхээтэн гэдэг бол энэ гурван чанарыг хослуулсан хүнийг хэлнэ. 

Миний мэдэх дуучин Бат-Оргил гэдэг хүнээс тэс өөр ертөнц мэдрэгдэж байна. Гэхдээ л таны амьдрал урлагтай салшгүй холбоотой?

Би дуучин биш. Миний энэ төрлийг бард гэж нэрлэдэг. Хүн өөрийнхөө үг аяыг зохиогоод дуулахыг бардын стиль гэдэг юм. Жинхэнэ дуучин хүн тайз дүүрэн дуулна. Бас маш олон дуу мэддэг. Миний хувьд өөрийнхөө дуунаас өөр дуу мэдэхгүй, гайхуулах хоолойгүй. Зарчмын ялгаа бий л дээ. Харин урлаг хүн бүрийн амьдралд байх ёстой. Амьтан хүртэл хөгжимд уярдаг. Өнчин ботгоны баримтат кино хүртэл байдаг шүү дээ. Хүн болно гэдэг адгууслаг шинж чанараас бурханлаг руу гэгээрч явах ёстой. Огт дуу хөгжим сонирхдоггүй хүн байж болно. Гэсэн ч тэр хүн гоо сайхны мэдрэмжтэй л байх хэрэгтэй. Уран зураг сонирхдог ч юм уу. Яруу найраг гэх мэт олон зүйл бий. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хүний адгууслаг шинж чанарыг улам бүр өрдөөд байх шиг санагддаг. Чи л аз жаргалтай бай бусад нь хамаагүй, хувиа хичээ гэдэг сурталчилгаа их байна л даа.

90-ээд он бол хамгийн гоё үе байлаа. Тэр үе бол хүмүүсийн сэтгэл зүрх тэмүүллээр дүүрэн, амар амгалан байсан. Орчин үед бид эд баялгийн хувьд дэвшиж ахисан боловч амар амгалан, нэгнийгээ хайрладаг хайр сэтгэл үгүй болчихсон юм шиг. Бид юун дээр алдав гэдгээ бодмоор байна. Эдийн засгийн зогсоо зайгүй өсөлтийн хий үзэгдлийн араас  л бид бэдрээд яваад байх шиг. Одоо зүгээр л түр зуур зогсоод амьсгаа авч бидний амьдралын утга учир юу юм гэдгийг бодмоор байна. Цомгийн зорилго маань хэдүүлээ амсхийе, ухаараач гэсэн санааг хүргэх хэрэг юм. 

Олны танил байна гэхээр сайхан юм шиг хэрнээ эсрэгээрээ санагдах үе ч бас бий л байх?

Нэг талаараа сайхан л даа. Гэхдээ нөгөө талаас маш том ганцаардлын эх үүсвэр болдог. Олны дунд ганцаарддаг. Тэр их сонин ойлголт байж магадгүй. Шилэн хана шиг болчихдог.

Танд ганцаардах үе байна уу?

Ер нь бол ганцаарддаг. Хүмүүстэй сэдэв нийлэхгүй байх хамгийн ойрын жишээ. Хүмүүс ихэнхдээ гутал хувцас, бусад хүмүүсийн талаар жижиг сажиг юм ярихаар надад сонирхолгүй байдаг. Харин миний ярьж байгаа зүйл нөгөө хүнд “Энэ одоо солиорчихсон юмуу” гэх сэтгэгдэл төрүүлдэг биз.

Амьдралд чинь хэр олон сорилт тулгарч байв?

Одоо ч гэсэн сорьж л байна. Хүний насан туршдаа сорьж явах зүйл бол өөртөө үнэнч байх. Хүн хүнээс урваж салаад явж болно. Хүн өөрөөсөө урвах юм бол хаашаа салж явах юм. Хүний өөрийн үнэлэмж үгүй болно. Өөрийгөө зөвтгөхийн тулд өөртөө худлаа ярих аймар. Тэгээд л шалтаг хайна. Эндээс л хүн эвдэрдэг байх. 

Та энэ амьдралд юунаас илүү их жаргал мэдэрдэг вэ?

Юм болгоноос. Зовлон хүртэл жаргал байдаг. Тэрийгээ хүн мэдрэх л ёстой. Амьдралын мөч бүхэн өөр өөрийнхөөрөө гоё. Тухайн үед зовж байгаа юм шиг хэрнээ одоо бодоход тэрэн шиг жаргал байхгүй мэт санагддаг. Хүн хөгжөөд ирэх цагт хооллох мэдрэмж нь хүртэл өөр болдог. Манайхан ярьдаг шүү дээ. Ямар хоол гоё вэ гэхээр их хоол гоё гэдэг онигоо байдаг. Энэ бол хөгжлийн доод түвшин. Жишээ нь, хятад ардын гуанз нь их хоолтой байх тусмаа гоё. Тэгсэн хэрнээ дээд түвшнийхэн нь хоол идэж байгааг харахаар яг француудтай адилхан байдаг. Олон төрлийн хоолыг багахаан хэмжээгээр амталж, мэдэрч иднэ. Жаахан жаахнаар амссаар байгаад цадах жишээний. Амьдрал хүртэл яг л тийм. Юу ч мэдрэхгүй цүл пал хийгээд их байх нь жаргал гэж яваад байвал тийм амьдрал жаргал мэт боловч зовлон. Бүтэлгүй дурлалаасаа хүртэл жаргал олж болно. Шаналж байгаа ч гэсэн дараа нь бодоход гэгээн жаргал. Тийм болохоор амьдралын аз жаргалыг мэдэрч хүлээж авах хэрэгтэй.

Та их мэдрэмжтэй эр хүн байх, тийм үү?

Мэдэхгүй байна. Гэхдээ би хичээдэг. Эрчүүд бид чинь бүдүүн баараг улс шүү дээ. 

Би таны хайрын тухай бодлыг сонсмоор байна. Хайр гэж ер нь юу юм бэ? 

Би хайр гэж юу гэдгийг мэдэхгүй. Харин хайрыг яаж хэмждэг юм бэ гэдгийг ойлгосон. Хайр бол цагаар хэмжигддэг юм байна. Чи хайртай бол тэр хүнийхээ тухай бодож, хамт байхыг хичээдэг. Хамт байх хугацаа, хайртай хүнийхээ тухай бодох хугацаа хайртай байх тусмаа их байдаг. Хайр бага байх тусмаа цаг хугацаа багасаад ирнэ. Ямар үг хэлж, яаж харж байгаа нь чухал биш. Гаднаасаа харахад бүдүүн баараг хэрнээ хайртай хүнээ байнга боддог гүн гүнзгий хайртай хүн байж болно. Тэр л жинхэнэ хайр байх.

Хүн амьдралын үнэ цэнийг хэдий насандаа мэдэрдэг юм бол? Жишээ нь таны хувьд...

Би энэ асуултанд 80 гарч байж хариулах байх даа. /инээв/ 40 нас гараад ирэхээр буурь суурьтай болж их тайвширчихдаг юм байна. Өмнө нь гормон л их саад болж байсан байх. /инээв/ Шүүгчдийг залуу хүмүүсийг сонгоод байгаа нь их буруу санагддаг. Өөрөө амьдрал үзээгүй, юмны наана цаадахыг мэдэхгүй байж хүний хувь тавиланг шийднэ гэдэг их айхтар хариуцлага. 

Таны эмээ, ээж монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Эмэгтэй хүний тухай ямар бодол тээж явдаг юм?

Амьдралыг эмэгтэй хүн л авч явдаг юм байна. Эрчүүд өөрсдийгөө мундаг гэж боддог ч ухаалаг эмэгтэй хүн эр хүнийг авч явдаг. Эрэгтэй хүний ухаан чухал ч байгалийн өгөгдлөөрөө эрчүүд мөнгө олж, гадуур ажил хөөцөлдөж, амьдрал өөд тэмцдэг. Эмэгтэй хүн гэр бүлээ мөр бүтэн авч явах, юмхнаар юм хийх, хадмуудаа өргөх гээд л бүх юмыг зохицуулах юм. Нас өндөр болоход ч эмэгтэй хүүхдүүд л хөл хучна. Хөвгүүд бол нэмэр бага.

Гэр бүлдээ хэр цаг зарцуулж байна вэ?

Үнэндээ нэг их цаг зарцуулж чадахгүй юм. Байнга л ажилтай явсаар байгаад таардаг. 

Бид ер нь амьдралд юун дээр алддаг юм бол?

Үндэстнээрээ их омголон байна. Үг дуулж сураагүй. Ажил хийж мэдэхгүй. Ажил их голж байна. Залхуу байна. Ер нь хүн юу ч хийж болно. Харин цаг алдсан бол тэрнийг чи яаж ч чадахгүй. Хайран цагаа дэмий зүйлд үрдэг, бас их шантрамтгай байна.

Зохиолч, яруу, найрагч, бүжигчин, жүжигчин гээд л бүгд л нэг тийм өгөгдсөн дүртэй оршдог юм шиг. Та ер нь ямар хүн бэ?

Би өөрийгөө цэргийн хүн гэж боддог. Хэрвээ армид байсан бол нэлээн сайн явах байсан байх. Цэх шулуун. Миний хийснийг яг л гүйцэтгэх хэрэгтэй. Надтай ажилладаг хүүхдүүдэд: “Би одоо гэж үг хэлэхгүй байгаа ч гэсэн намайг хэлсэн бол одоо л хийх ёстой” гэж шаарддаг. Би өөрөө хүнээр олон хэлүүлдэггүй. Тэгэхээр би ер нь цэргийн хүн болох байсан байх. Миний зурхайн дээр ч тэгж гардаг юм.

Зурхай гэснээс та хэр шүтлэгтэй хүн бэ?

Би шүтлэгтэй. Гэхдээ аль нэг шашинд итгэдэггүй. Би бурханд итгэдэг. Нүгэл буянд итгэдэг. Хүн энэ амьдралдаа юу ч хийж болно. Харин хийсний чинь төлбөрийн нэхэмжлэл ирэхэд олон юм яриад гоншгоноод хэрэггүй. Ямар нэг зүйл “худалдаж авсан” бол төлөөсөө төлөх л болно. 

Нүгэл буян, үйлийн үрийн тухай уншдаг байх нь ээ?

Тийм ээ. Бурхны ном нэг хэсэг их судласан. Бөө мөргөл ч сонирхож байсан. Христийн номлолыг ч судлахыг хичээсэн. Кораныг л үзэж чадаагүй дээ. Миний итгэл үнэмшил өвөг дээдэсийнхтэйгээ нэг  гэж боддог. 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсъе.