Б.Баярбямба: Агаарын бохирдлоос үүдэн 2014 онд 1500 хүн нас барсныг тогтоожээ

Ярилцлага / Ц. Анхзул
2017 оны 12 сарын 12

@Цахим Эмч хуудсаараа дамжуулан нийгмийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгдөг эмч Б.Баярбямбатай агаарын бохирдол, түүнээс үүдсэн нас баралтын тоо баримтын талаар мэдээлэл авч, ярилцлаа. 

Агаарын бохирдлоос үүдэн жилд 120-130 хүүхэд нас барж байгаа талаар та мэдээлсэн. Ямар судалгаан дээр үндэслэсэн бэ?

АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхим АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч 2012-2014 онд “Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөлөөлөл” сэдвээр судалгаа хийсэн юм байна лээ. Миний хувьд судалгааны багт орж ажиллаагүй ч багийн гишүүдтэй хамтын ажиллагаатай байдаг.

Судалгааны дүнгээр 2014 онд Улаанбаатар хотод 7500 нас баралт бүртгэгдсэний 1400 нас баралт нь агаарын бохирдлоос шалтгаалсан гэдэг нь тогтоогдсон. Нас баралтын шалтгаан нь зүрхний шигдээс, гуурсан хоолойн үрэвсэл буюу архаг бронхит, тархинд цус харвах өвчнүүд байсан. Эдгээр өвчний суурь нь агарын бохирдлоос үүдсэн байна гэдгшийг судалгаагаар тооцоолон гаргасан байдаг. Мөн 2014 онд 0-5 насны 120-130 хүүхэд уушгины доод замын үрэвсэлт эмгэг буюу уушгины хатгалгаагаар амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлоос үүдэн зөвхөн 2014 онд Улаанбаатарт 1500 хүн цас бусаар нас барсан нь тогтоогдсон байна.

Өвчин, нас баралтыг утаатай холбон ярьдаг ч яг эмч утаанаас шалтгаалаад гэсэн онош тавьдаггүй шүү дээ.

Өмнө нь эмч мэргэжилтнүүд агаарын бохирдол нас баралтад нөлөөлж байна гэж хэлж чаддаггүй байсан нь үнэн. Харин дээр дурдсан олон улсын аргачлалаар, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран судалгаа хийснээр үнэхээр агаарын бохирдол хүнийг шууд өвчлүүлэхгүй ч дам байдлаар өвчний хүндрэлийг сэдрээн цаг бус нас баралтад хүргэж байгааг тогтоосон.

Өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдол эрс ихэссэнд утаа нөлөөлж байгааг төрөх эмнэлгийн эмч нар албан бусаар хэлдэг. Энэ талаар судалгаа мэдээлэл байдаг болов уу?

Манай улсын мэргэжилтнүүд Канадын  Их сургуулийн эрдэмтэдтэй хамтраад “Угаар нэг”, “Угаар хоёр” шаталсан судалгааг явуулсан. Уг судалгаанд 450 жирэмсэн эхийг хамруулсан байдаг. Ингэхдээ эхчүүдийг хоёр бүлэгт хуваан нэг хэсгийг нь агаар шүүгчтэй орчинд, нөгөө хэсгийг нь агаар шүүгчгүй орчинд байлгасан. Гэхдээ эдгээр ээжүүд бүгд орон сууцанд амьдардаг ээжүүд байсан. Өөрөөр хэлбэл, гэр хороололд амьдардаг ээжүүдээс дотоод орчны агаарын бохирдол багатай орчинд амьдардаг хүмүүс гэсэн үг шүү дээ. Судалгааны дүн гарахад шүүлтүүртэй орчинд амьдардаг ээжүүдийн ураг, шүүлтүүргүй орчинд амьдардаг ээжүүдийн ургаас 80-100 гр –аар их хэмжээтэй бую у өсөлт сайтай байгаа нь тодорхой болсон. Энэ нь дотоод орчны агаарын бохирдол ургийн өсөлтөд нөлөөлж байгааг харуулж байгаа юм.

Үргэлжлүүлэн “Угаар хоёр” судалгаагаар тухайн хоёр орчинд төрсөн хүүхдүүдийн өсөлт бойжилтыг судалж байгаа бөгөөд дүн нь энэ ондоо багтан гарна.

Дотоод орчны агаарын бохирдлоос хамгаалах ямар аргууд байна вэ?

Бид гэртээ телевизор лизингдээд авдаг. Түүн шигээ агаар цэвэршүүлэгч лизингдээд ч болов авах хэрэгтэй. Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдтэй айл заавал агаар цэвэршүүлэгчтэй байх хэрэгтэй. Түүнчлэн гэртээ агаарын солилцоо заавал хийж байх хэрэгтэй. Битүү, дулаан орчинд агаарын солилцоо орохгүй бол нян бактери үржих таатай нөхцөлд бүрддэг. Ингэснээр ханиад томуу хүрэх нөхцөл бүрдэж байна. Тиймээс агаарны бохирдол харьцангуй бага байдаг 13-14 цагийн хооронд цонхоо онгойлгож, агаарын солилцоо заавал хийж байх хэрэгтэй. Мөн чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, хуурай агаарыг чийгшүүлснээр амьсгалын замын эрхтэнүүд гэмтэхээс сэргийлэх боломжтой.

Дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн тасаг томуугаар өвчилсөн хүүхдүүдээр дүүрсэн байна. Ханиад хүрэнгүүтээ хатгалгаа болж хүндэрч байгаа талаар эцэг эхчүүд ярьж байна.

Хэрвээ агаар цэвэр, утаагүй байсан бол ханиад хүрсэн тохиолдолд амьсгалын замын эрхтнүүд вирусыг эсэргүүцэн өөрийгөө эмчлэх, эмчилж чадаагүй тохиолдолд эмийн аргаар хялбар эмчлэгдэх боломж бий. Харин утаа, агаарын бохирдол амьсгалын дээд замыг үрэвсүүлснээр эмийн эмчилгээг ч үр дүнтэй байлгах боломжийг тодорхой хувиар хааж байна.

Хүүхдийн уушги бүрэн хөгжөөгүй, биеийн дархлаа хамгаалалт тогтоогүй тул өвчлөх нь элбэг. Том хүн минутад 18 удаа амьсгалдаг бол хүүхэд 35 удаа амьсгалдаг. Энэ нь бохирдсон агаараар хүүхэд илүү их амьсгалж байна гэсэн үг. Түүнчлэн дархлал хамгааллын тогтолцоо нь бүрэн хөгжөөгүй тул ханиад хүрсэн тохиолдолд  маш хурдтайгаар уушгины хатгалгаа болж байна.  Агаарын бохирдол амьсгалын замын гуурсуудыг дарангуйлснаар ханиад томуу шууд уушгинд нэвтэрч, хатгалгаа болж цаг бус нас баралтад хүргэж байна.

Агаарын бохирдол, түүний хор хөнөөлөөс энгийн нөхцөлд бид хүүхдүүдээ яаж хамгаалах хэрэгтэй вэ?

Юуны өмнө агаарын бохирлын талаар хүн бүр тодорхой ойлголттой байх хэрэгтэй. Агаарын бохирдолыг үүсгэгч тоосонцор нь PM 2.5,  PM10 гэсэн хоёр төрөл байна. PM10 нь хүний үсний ширхэгийн диаметрийг тав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээтэй тоосонцор. Харин PM 2.5 нь PM10-ыг дөрөв хуваасны нэгтэй тэнцэх хэмжээтэй буюу маш жижигхэн. Гэхдээ биет зүйл. Энэ нь ихэвчлэн металлууд, шороо, тоосонцор, хүнд металлуудаас үүсдэг тул хүний эрүүл мэндэд маш их аюултай.  

PM10 хэмжээгээрээ арай том тул найтаахад гадагшлах боломжтой бол PM 2.5 нь хүний амьсгалын замаар дамжин цаашласаар амьсгалын гуурсуудаар тархан, хийн солилцоо явагддаг гол хэсэг буюу зөөлөн эдэд бэхлэгддэг. Энэ тохиолдолд гүнзгий амьсгаа авахад хүндрэл үүсч эхэлдэг. Тиймээс PM 2.5-ыг шүүх фильтертэй амны хаалт буюу маскыг тогтмол хэрэглэх шаардлагатай. PM 2.5-ыг хүзүүний ороолт, нэг удаагийн маск шүүж чадахгүй. Нэгэнт удаа аюулын түвшинд хүрснийг хүн бүхэн харж байна. Ийм нөхцөлд маск маск бас дахин маск л гэж зөвлөхөөс өөр аргагүй.

Маскыг яаж сонгох хэрэгтэй вэ? 

Маскыг сонгохдоо хэр удаан хугацаанд утааг шүүхийг нь харж сонгох хэрэгтэй. Филтертэй маск сонгохдоо дараах тэмдэглэгээг анхаарах нь чухал. FFP1 нь маск нарийн ширхэгтэй тоосонцор PM2.5-ыг 80 хувь, FFP2 тэмдэглэгээтэй маск нь 85 хувь, FFP3 тэмдэглэгээтэй маск нь 90 хувь шүүдэг.

Агаарын бохирдол хүүхдийн сэтгэн бодох чадварт нөлөөлж байгааг мөн л судалгаагаар тогтоосон байна лээ.

Тоосжилт бол сэтгэн бодох чадварт нөлөөлөхгүй. Харин агаарын бохирдол нь нүүрсхүчлийн хий, угаарын хий нь зэрэг хүнд металлуудаас бүрддэг тул сэтгэн бодох чадварт шууд нөлөөлнө. Хүний тархи бол хүчилтөрөгчид хамгийн мэдрэг эрхтэн. Хүчилтөрөгч очихгүй хоёр минут болоход л хүн үхэлд хүрнэ.

Хүнд нэгдлүүд газрын түвшнээс 80-100 метр өндөрт байдаг. Тэгэхээр насанд хүрсэн хүмүүсээс илүү хүүхдүүд тэр агаараар амьсгална гэсэн үг. Тархинд хүнд металлууд суурьшиж, сэтгэн бодох чадвар, тархины үйл явцад шууд нөлөөдөг.

Агаарын чанарын хүснэгтээс агаарын бохирдлыг бид өдөр тутамд хардаг. Яг шинжлэх ухаан талаасаа Улаанбаатарын агаарын чанар зохих түвшнээс хэд дахин ихсээд байна вэ?

Саяхан харахад шөнийн 24.00 цагт Баруун дөрвөн зам орчимд PM 2.5-ийн хэмжээ 4000 хүрчихсэн байсан. Монголын нөхцөлд зөвшөөрөгдсөн хэмжээ нь 50 микрограмм см куб байдаг. ДЭМБ бол 25мгр.куб-аас хэтрэхгүй байх ёстойг зөвлөдөг. 500мг.куб-аас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой гэж үздэг байтал манайд агаарын бохирдол багатай хэсэг болох Баруун дөрвөн зам орчинд 4000 болчихоод байна шүү дээ.

Та эдгээр баримт, судалгааны дүнгүүдийг утааг бууруулах зорилго бүхий албаныханд хүргүүлсэн үү? Энэ талаар ажиллах уу?

Миний хувьд нийгмийн эрүүл мэнд, иргэдэд мэдээ мэдээлэл өгөхөд түлхүү ажилладаг. Тиймээс хэн нэгэнд шаардлага хүргүүлж, улстөржих сонирхол байхгүй. Агаарын бохирдол ямар түвшинд хүрснийг бүгд мэдэж байна. Зуух, түлш солиод үр дүн гарахгүйг бүгд харлаа. Тиймээс шатаадаг асуудлыг зогсоох талаар төр засгийн байгууллага ажиллах хэрэгтэй. Тэр болтол бидэнд маск маск маск бас дахин маскаас өөр арга алга байна.