Би Прагад аж төрдөг

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 12 сарын 13

Гадны оронд суралцаж, ажиллаж, аж төрж буй монголчууд дэлхий дээр хаа сайгүй ч өөрийн гэсэн компани байгуулж, тэр дундаа маркетинг, брэндингийн чиглэлээр ажиллаж байгаа нь цөөхөн. Тэдний нэг нь Ж.Алтанчимэг юм.

МИНИЙ ТУХАЙ

Би таван настайдаа Чехэд ирсэн. Энд амьдраад 27 жил болж байна. Нөхөр, охины хамт амьдардаг. Дунд сургуулиа төгсөөд Карлийн их сургуулийн чех хэл судлалын ангид элсэн суралцсан. Сургуулиа төгсөөд Wrangler, Lee брэндээрээ алдартай VF Corporation компанид маркетингийн менежерээр хоёр жил ажилласан. Дараа нь Чех, Словак, Унгар улсыг хариуцсан маркетинг, PR менежерээр гурван жил, мөн Avon, Havel’s Natural Cosmetics компаниудад энэ чиглэлээрээ болон брэнд менежерээр ажиллаж байлаа. Хийж байсан ажлууд минь надад туршлага болохын зэрэгцээ PR-ийн хүрээнд өргөн сүлжээ, танилтай болоход тусалсан юм. Одоо би өөрийн гэсэн брэндинг хийдэг компани байгуулан ажиллаж байна. Бас 17 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн. Гэхдээ фото модель чиглэлээр түлхүү ажиллаж, сурталчилгаанд тоглодог. Өсвөр насны ихэнх охидод загварын ертөнц таалагддаг шиг надад ч бас таалагддаг байлаа. Тэгээд нэг удаа ээжтэйгээ хамт гадуур явж байтал нэг агентийн хүн намайг хараад “Загвар өмсөх ирээдүйтэй харагдаж байна, сонирхох уу?” гэхээр нь зөвшөөрөөд шалгаруулалтадорсон чинь тэнцчихсэн юм. Чехэд загвар өмссөн анхны монгол хүн нь би байсан. Ингээд хичээлийнхээ хажуугаар Чех, Герман, Австри, Грек зэрэг оронд ажиллаж, загварын долоо хоногуудад оролцох болсон. Мөн нэлээд хэдэн компанийн нүүр царай болж, охинтойгоо Америкийн Гербер компанийн рекламанд тоглож амжсан. Одоо ч гэсэн ажлынхаа хажуугаар загвар өмсдөг. Гэхдээ сүүлийн үед зав чөлөөгөөрөө гэр бүлтэйгээ хамт байж, өөрсдийнхөө монгол болон чех хэлээр хөтөлдөг ютүүб Mongolian In the City сувагтаа, бичлэг хийж оруулах дуртай болсон. 

ЧЕХЭД ӨНГӨРҮҮЛСЭН БАГА НАС

Чех улсад ирээд жижиг тосгонд аав ээжтэйгээ хамт амьдардаг байлаа. Чех хэл сурах гээд найман настайдаа сургуульд орсон. Уг нь чехүүд зургаатайдаа ордог юм. Гэхдээ аав маань Чехословакт сурч байсан болохоор надад чех хэл зааж, сургуульд орохдоо би аль хэдийнэ бичээд сурчихсан байлаа. Цэцэрлэг, сургуульдаа би цор ганц гадаад хүүхэд байсан. Тэр үед гадаадууд цөөхөн байсан болохоор бага зэрэг бэрхшээлтэй зүйлс тохиодог байсан л даа. Бас багш нар гадаад гэж хэзээ ч харж үздэггүй болохоор одоо бодоход хичээлээ л их хийдэг байж дээ.

КОМПАНИ БА БРЭНДИНГ

Би компаниа нээгээд удаагүй байгаа. Манайх хувь хүний болон компаниудын брэндингийг хийж өгдөг. Сүүлийн үед хувь хүний брэндинг чухал гэдгийг хүмүүс ойлгож эхлээд байна. Жишээ нь, манай үйлчлүүлэгчдийн 80 хувь нь хувь хүний брэндинг хийлгэх сонирхолтой байдаг. Учир нь, ийм өрсөлдөөнтэй зах зээлд бизнесээ бусдаас ялгаруулахад хувь хүний брэндинг том боломж олгодог юм. Тиймээс сүүлийн үед их хэрэгтэй чиглэл болоод байгаа. Хувь хүн яаж хувцаслаж, биеэ авч явахаас эхлээд хаана хэнд өөрийнхөө хийж байгаа ажлыг хэрхэн танилцуулах, сонин
сэтгүүл дээр ямар байдлаар гарах зэрэг их олон зүйл нэгдэж байж брэндингийг бүрдүүлдэг юм. Цахим орчин дээр юу бичиж, юу тавьж байгаа нь хүртэл брэндингэд нөлөөлж байдаг. Энд компанийн брэндинг хийдэг хүмүүс байгаа ч хувь хүний брэндинг хийдэг компани цөөхөн. Үүнийг давуу тал гэж үзэж болно. Миний ажигласнаар монголчууд хувь хүний брэндинг чухал гэдгийг ойлгосон байна билээ.

МИНИЙ АМЬДАРДАГ ХОТ

Би Прага хотод амьдардаг. Прага нь түүх дурсгалын барилга байгууламж, өв ихтэй хот. Алтан цаг, Карлийн гүүр, Гэгээн Витагийн сүм гээд олон зүйлээрээ алдартай. Европын хотууд дундаа гадны жуулчид их ирдэг газар л даа. Энд нэг авууштай зүйл нь олон нийтийн тээврийг сайн хөгжүүлсэн. Автобус, метро, трамвай, цахилгаан галт тэрэг гээд олон төрлийн тээврийн хэрэгсэлтэй, тэдгээр нь бүгд яг цагийн хуваарийнхаа дагуу явдаг нь цаг их хэмнэдэг. Ер нь хүн амьдрахад таатай, тайван хот.

МАНАЙ ГЭР

Бидэнд модерн, минималист, нордикс хэв маяг таалагддаг. Хэрэггүй олон зүйлээс хэрэгтэй цөөн нь дээр гэж үздэг учраас манай гэр энгийн интерьертэй. Манай гэр Прагийн зүүн хэсэгт, төвөөс 20 минут яваад хүрэх зайд байдаг. Хотын хэсгүүдийн аж төрөх хэв маяг нь хоорондоо нэг их ялгардаггүй.

ПРАГИЙН ШИНЭ ЖИЛ

Энд шинэ жил гэхээсээ илүү 12 дугаар сарын 24-нд зул сарын баярыг өргөн тэмдэглэдэг. Чехүүд зул сарын баярыг гэр бүлийн баяр гэж хүлээж авдаг болохоор ихэнх хүмүүс гэрийнхэнтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Манай гэр бүл аавынд очиж хамт хооллоод дараа нь бэлгүүдээ тарааж баярладаг. Энд зул сарын баярын гол хоол нь бүрж шарсан загас, төмсний салат. Бас энд шинэ жилээр янз бүрийн нарийн боов хийдэг. Чех эзэгтэй нар хэдэн төрлийн нарийн боов хийснээрээ өрсөлдөнө шүү дээ. Манайх ч бас хийдэг. Энэ жил баяраас өмнө жорыг нь бичлэгээр оруулна гэж бодож байгаа. Өөр сонирхолтой зүйл гэвэл, Прагийн хуучин хотын талбайд ёолк засч, маш том зах гаргасан байдаг. Тэнд ихэвчлэн гадныхан очдог юм. Концерт, худалдаа, хоол гээд бүх зүйл тэнд төвлөрдөг гэхэд болно.

МИНИЙ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

Эрүүл хоолонд ногоо, жимс, мах дутаж болохгүй гэж боддог. Tостой, чихэртэй, их давстай хоол идэхгүйг хичээдэг. Бас хөдөлгөөнтэй байж, cэтгэл санаагаа өөдрөг байлгах хэрэгтэй. Турна гээд хоол идэхгүй байх нь буруу. Хоол хоорондын зай их байх, оройдоо хэт эрт хоол идэх, эсвэл идэхгүй байх нь стресст оруулж, юу ч идсэн өөх болж хуримтлагдахад хүргэдэг. Тийм болохоор хоолоо таарсан хэмжээгээр ойр ойрхон идэж байх хэрэгтэй.

МИНИЙ УРАМ ЗОРИГ АВДАГ ЗҮЙЛ

Бүтээлч хүмүүсийн түүхээс үлгэр жишээ авдаг. Мөн гэр бүл минь урам зориг өгч байдаг. Миний хувьд хийсэн ажлаа эргээд харах нь өөртөө дүгнэлт хийх боломж олгохоос гадна цаашдаа илүү их зүйл хийх урам өгдөг.

МИНИЙ АМЬДРАЛЫН НЭГ ХЭСЭГ

Би ном унших дуртай. Оюутан байхдаа ном их уншдаг байлаа. Одоо ажил ихтэй учраас хүссэнээрээ уншиж чадахгүй байна. Гэхдээ ном миний хувьд их чухал. Ном уншаад амрангаа урам зориг авдаг. Яг одоо Бразилын зохиолч Coehlo-гийн номыг уншиж байгаа. Энэ зохиолчийн номд их дуртай. Үүний дараа уншихаар төлөвлөж байгаа ном бол найзын маань өгсөн Б.Сарантуяагийн “Сорхугтани хатан”. Энэ номыг уншина гээд тэсч ядан хүлээж байна даа.

МИНИЙ АЯЛАЛ

Аялах маш дуртай. Хамгийн сүүлд Португалийн Лисабон руу ажлаар явсан. Тэнд очиж Web Summit үзсэн юм. Энэ үйл ажиллагаа дижитал, маркетинг, IT сонирхдог хүмүүст их таалагдсан. Тав хоног болдог тус чуулганыг энэ удаад 60 мянган хүн үзсэн. Үүний өмнө нөхөртэйгөө хамт Италийн Ром хотоор аялаад ирсэн. Бид 2-3 сар болоод заавал нэг аялал хийж бие биедээ цаг гаргадаг. Өвөл болохоор хамтдаа цанаар гулгах дуртай. Энэ жил охиноо цанаар гулгуулж сургах төлөвлөгөөтэй байгаа. Ойрын үед гэвэл, ирэх оны хоёрдугаар сард Испанийн Барселона хот явж тэндээ Валентины баярыг тэмдэглэнэ.

МИНИЙ ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Гэр бүлдээ цаг гаргаж хамт байхыг хүсч байна. Мөн ютүүб сувагтаа шинэ, сонирхолтой бичлэгүүд оруулахаар зорьж байна.

Нийтлэлийг: Б. Болортуяа
Эх сурвалж: "НийслэлGuide" №67/ 2017 12 дугаар сар