Осол гаргасан компани “Хоёрхон мэргэшсэн жолооч”-той гэх шүүмжлэлд өртөж байлаа

Нийгэм / Ц. Анхзул
2017 оны 12 сарын 13

Улаанбаатар-Хөвсгөлийн чиглэлд зорчигч тээвэрлэж байсан Авто тээврийн үндэсний төвийн гэрээт “Тахилт транс” компанийн автобус Булган аймгийн Түлүүгийн давааны орчимд осолдсон хэрэг уржигдар өглөө гарсан юм. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

н.Энхмаа: Жирэмсэн эмэгтэйг Эрдэнэтийн Бүсийн оношлогооны нэгдсэн төв рүү явуулсан

Автобусанд 45 хүн зорчиж явсан бөгөөд  азаар хүний амь нас эрсдээгүй байна. Зорчигчдын дунд жирэмсэн эмэгтэй, бага насны хоёр хүүхэд байжээ. Зорчигчдын биеийн байдал, бэртэл гэмтлийн талаар тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Энхмаагаас тодруулахад “Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн байхгүй. Жирэмсэн эмэгтэйг Эрдэнэтийн Бүсийн оношлогооны нэгдсэн төв рүү яаралтайгаар, тархины зөөлөн эдийн гэмтэлтэй нэг хүнийг Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэг рүү тус тус хүргүүлсэн. Мөн дунд чөмөгний хугаралтай, нурууны нугаламын хугаралтай хоёр хүнийг Улаанбаатарын ГССҮТ рүү явуулсан. Булган аймгийн харьяат нэг хүн хөлдөө хугалтай байсныг гипсдээд гэрт нь буцаасан. Бага насны хоёр хүүхэд азаар бэртэл аваагүй байсан. Ихэнх зорчигчид нүүр, хамар хэсэгтээ шалбарсан, зөөлөн эдийн гэмтэлтэй байсныг үзэж, эмчилгээ зөвлөн Хөвсгөл рүү нь явуулсан” гэлээ.

н.Батцэцэг: “Тахилт транс” компанийн захирал н.Алтаншагай, П.Дэлгэрнаран дарга нар хамаатан биш

Осолдсон автобус нь “Тахилт транс” компанийнх бөгөөд тус компанийг зорчигч тээвэрлэхэд тухайн чиглэлд зорчигч тээвэрлэдэг бусад компанийн жолооч нар эсэргүүцэн жагсаж байсан билээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 9-ний өдөр Драгон төвийн үүдэнд “Мин транс” компанийн 40 гаруй жолооч жагсаж, “Тахилт транс компанид зорчигч тээврийн мэргэжлийн хоёрхон жолооч байгаа. Бусад нь хөдөө мал маллаж байсан хүмүүс. Ийм жолооч нарыг хот хоорондын зорчигч тээвэрт явуулах нь эрсдэл ихтэй. “Тахилт транс” компанийг УБ-Хөвсгөл чиглэлийн зорчигч тээвэрлэлтэд оруулж ирж байгаа нь цаанаа учиртай. Тус компанийн захирал нь Авто тээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнарантай хамаатан. Тиймээс өөрийнхөө компанийг оруулж ирж, биднийг ажилгүй болгох гэж байна” хэмээн жагсаал зохион байгуулж байсан юм.

Тухайн үед Авто тээврийн үндэсний төвөөс хэвлэлд мэдээлэл өгөхгүй байсан бөгөөд жолооч нар жагссаны дараа  “Мин транс компанийг зорчигч тээвэрлэлтээс гаргаагүй. Жолооч нар буруу ойлгосон байна“ гэсэн мэдээллийг хийснээр асуудал намжсан юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд П.Дэлгэрнаран дарга “Тахилт транс” компанийн захирал н.Алтаншагайтай ах дүү биш гэдгээ хуулийн байгууллагаар тогтоолгосон гэдгийг АТҮТ-ийн хэвлэлийн төлөөлөгч н.Батцэцэг хэллээ. Тэрбээр “П.Дэлгэрнаран дарга, н.Алтаншагай гэдэг хүнтэй хамаатан биш гэдгийг хуулийн байгууллага тогтоосон. Нэг нутгийн хүмүүс болохоор жолооч нарын дунд ах дүү гэх хардлага байгаа байх” гэсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн  “Ослоос болж хэчнээн хүн ямар гэмтэл бэртэл авсныг нарийн мэдэхгүй байна. Билет бичихдээ зорчигчдын амь насны даатгал болгож 200-1000 төгрөг авдаг. Тэр мөнгөөр нь бэртэж гэмтсэн хүмүүсийг хохирлыг барагдуулна. Ослын шалтгааныг замын цагдаагийн газраас тогтоож, дүгнэлт гаргасны дараа тухайн жолоочид болон “Тахилт транс” компанид хариуцлага тооцох байх. “Тахилт транс” компани нь сонгон шалгаруулалтаар 2017 оны зургаадугаар сард энэ шугамд орж ирсэн. Даваа, лхагва, баасан, ням гаргуудын 20.00 цагаас Улаанбаатар-Хөвсгөл чиглэлд зорчигч тээвэрлэдэг” гэсэн юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр автобусны жолооч зүүрмэглэн осол гаргасан гэх боловч ослын шалтгааныг ЗЦГ-аас эцэслэн гаргана. Хоёр сарын өмнө 40 гаруй жолооч эсэргүүцэн жагсаж байх үед Авто тээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран  “хамаатан биш” гэдгээ тогтоолгож явахын оронд жолооч нарынхаа ур чадвар, хариуцлагад анхаарч, хяналтаа сайжруулж байсан бол... гэх шүүмжлэл ч өрнөөд байна.