Ардчиллыг ойлгуулъя, хэрэгжүүлье, хамгаалъя!

ХЭН ЮУ ХЭЛЭВ / Time Admin
2017 оны 12 сарын 12

Ардчиллыг зүхэгсэд ардчиллаас өөр зүйлсийг тоочин хараах юм. Өнөөдөр Монгол ардчилал хамгийн их хараагддаг, үзэн ядагддаг орон боллоо. Харааж буй хүмүүсийн дунд маоизм, хятадын экспанси, хунвэйбин, бээжингийн гегемонизм руу ноцтой хэлбийж, уусаж байгаа, уг чанартаа эх орноосоо урваж байгаа хүмүүс олон байгаа нь зүйн хэрэг. Зарим нь өмнөд хөршийн даалгаврыг шууд, шууд бусаар биелүүлж яваа байх. Хөлсний ухуулга сурталчилгаа хийж буй болов уу гэмээр хэт улайрагсад олон байна. 

Совет-социализмын үед ч ардчилал бол төр улсын нэг гол зорилго гэж тунхагладаг, намын дүрэм, улсын хуулинд ч ардчиллыг хангана, хэрэгжүүлнэ, баталгаажуулна гэдэг, манай нам засаг л дэлхийд хамгийн ардчилсан гэж зарладаг байлаа. Язгуурын эх орончид маань ардчилал буюу демос кратосыг яг орчуулан ардын засгийг байгуулна гэж зорьж, ардчилсан улс буюу рес публикаг мөн тийн орчуулж, бүгд найрамдах улс, ардын улсыг тунхаглаж, ардын эрхийг хэрэгжүүлнэ гэж эрмэлзэж явлаа.

Хүүхэд байхдаа дэлхийд ой санамжаараа манлайлдаг, насанд хүрээд харин эсрэгээрээ, дэлхийд ой санамжаараа сүүл мушгидаг, бүр ой санамжаа алдчихдаг баймааргүй л юм. Яг л ой санамжаа алдсан хүн шиг учир тоймгүй, ямар ч баримжаагүй юм яриад байх нь их болж. Зэрлэг бүдүүлэг аж төрлөөс болоод тархи толгойны гэмтэл их аваад ингээд байна уу. Хэн нэгэн хүний тархи хагалбал зөв зүйтэй юм хийсэн баатар гэж өргөмжлөөд байдаг болсон байна билээ.

Ардчилал муу муухай гэж хараагсад ардчилал гэж юу болохыг огт мэдэхгүй, ардчиллаас өөр зүйлүүдийг л яриад, бусад үзэгдлүүдийг л хараагаад байх юм. Харааж байгаа зүйлс нь ядуурал, авлига, утаа, урвалт, хулгай, архидалт, садар самуун, өвчлөл, колоничлол гээд өөрсдийнх нь бүтээсээр байгаа тус тусын нэртэй устай, хууль цааз, шинжлэх ухаанаар тов тодорхой томьёологдчихсон үзэгдлүүд.

Монголд ардчилал хэтэрснээс болж ийм болоод байна гээд л сэрүүн зүүдлэх. Хаана байна аа, Монголд тэр их хэтэрчихсэн ардын засаг, ардын улс, ардын эрх. Ардын хүүхэд засагт гарах боломж байна уу, урвагч хулгайч нар бүхий хууль бус аргыг хэрэглэж, төрийн эрхийг булаагаад байна уу. Ардчилсан улс хэтэртлээ хөгжөөд байна уу, нэрийн төдий тусгаар тогтнолтой болчихоод гадаад дотоодын эзэрхийчүүдийн давхар давхар дарлалд өртөн колоничлогдож, ӨЗО шиг болчихов уу. Ардын сайн сайхан амьдрах эрх хэрэгжээд дэндчихэв үү, амьд явах гэж аргаа барж, зарим нь ч урвагч хулгайчдынхаа замаар орж, зарим нь хүн төрхөө алдан, ойд төөрсөн сармагчин болоод байгаа билүү.

Урьд байсан совет-социалист сайхан нийгмийг нураагаад, муу муухай ардчилсан нийгмийг байгуулчихсан л гэх. Хэн тэгсэн юм? “Та нар өөрсдөө л муу муухай гэж шүүмжилж, санал нэгтэйгээр өмнөх нийгмийг нураасан. Та нар л дураар дургих боломж олгох номенклатуруудыг сонгож, бээжин социализм руу шарваж, урвагч хулгайчдын феодализм буюу клептофеодализмыг байгуулж, өнөөдөр улайран хамгаалаад байгаа биз дээ. Яагаад хамгаалж байна гэхээр, та нар тэднийг орой дээрээ залсан, та нар тэднийг шүтэн биширч, тийм болохыг мөрөөддөг, та нар тэдний боол зарц байхыг хүсдэг, та нар бол гаргаж ирсэн олигархуудаасаа ялгаагүй, муу бүхнийг дэмжиж, сайн бүхнийг эсэргүүцдэг гэм нүгэлтнүүд, хатуухан хэлчихбэл урвагч хулгайч нар, ад чөтгөрүүд, Монголын дайснууд!” гэж ардчиллыг зүхэгчдэд хандан хашгирмаар. Үндсэн хуулинд мөнхөрсөн ардчиллыг үгүйсгэгчдийг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах, үймээн самуун дэгдээх гэсэн харийн явуулгатнууд гэж хатуу хууль цаазаар шийтгэж, хазаарлаж номхруулж байвал яасан юм?

Хэн өнөөгийн Монголын унал сөнөлд буруутай вэ? Ардчиллыг зүхэгчид бүхэнд буруутай. Би 1992 онд “Ардчиллын өмнө ичицгээе!”, 1997 онд “Бүгдээрээ буруутай буюу Раах эзэрхийлэх цаг”, 2000 онд “Монголд улс төр гэж алга!” нийтлэлүүдээрээ дээр яриад байгаа зүйлүүдээ бичсэн. Даанч энэ олон жилд ардчиллыг зүхэгчид юу ч ойлгосонгүй, харин ой санамжаа алдлаа.

Тэдэнд ойлгуулах хэрэгтэй байна. Үүнд ардчилсан хувьсгалын анхдагчид, зүтгэлтнүүд маш их үүрэгтэй байх ёстой. Энэ нийгэмд Монгол оронд ардчилал л хэрэгтэй гэдгийг ойлгодог, ардчиллын төлөө гэсэн үзэл бодолдоо үнэнч хүмүүс олон бий. Хамтдаа ардчиллыг ойлгуулъя, хэрэгжүүлье, хамгаалцгаая гэж уриалж байна!!! Эсбөгөөс Монгол улс мөхөх аюулд учирлаа!!!

Сэтгүүлч Ч.Мөнхбаяр
@munkhbayar68