Улаанбаатар хотод 2017 онд нэвтэрсэн ШИНЭЛЭГ үйлчилгээнүүд

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 12 сарын 15

ГССҮТ НУРУУНЫ ГЭМТЭЛ ЗАСАХ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ

ГССҮТ-ийн Хүзүү нуруу нугасны гэмтэл согогийн тасаг нурууны гэмтэл засах шинэ технологийг нэвтрүүлж Монголын анагаах ухааны салбарт дэвшил авчрав. Урьд нь энэ төрлийн хагалгааг их хэмжээний зүсэлттэйгээр хийснээр эд эсийг гэмтээх эрсдэлтэй байсан бол энэхүү шинэ арга нь өвчтөнд хөнөөл багатай, арьсны гаднаас нурууны хугарлыг бэхлэх дэлхийн түвшинд хүрсэн арга гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, өвчтөн мэс заслын дараа хурдан тэнхрэх, шууд босч явах боломжтойгоос гадна мэс заслын шарх, халдварын эрсдэл бага, эмнэлэгт хэвтэх хугацаа богиносох зэрэг эерэг нөлөөтэй аж. /2017-04-07/

ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД АВТОМАТААР АЖИЛЛАЖ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭХ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

ОБЕГ-ын дэргэдэх Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төв нэгэн шинэлэг системийг нэвтрүүлээд байна. Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх энэхүү нэгдсэн систем нь сансрын холбоо, богино болон хэт богино долгионы радио холбооны сүлжээг ашигладаг. Хүчтэй газар хөдлөлт болох үед зарлан мэдээлэх уг систем бүхэлдээ хүний оролцоогүйгээр автоматаар ажиллаж олон нийтэд зарлан мэдээллийг богино хугацаанд хүргэхээр зохион байгуулагджээ. /2017-09-21/

МОНГОЛД АНХ УДАА “ЦАХИМ НОМ АЙЛТГАЛ” ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Монголын бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийд Монголд анх удаа “Цахим ном айлтгал” үйлчилгээг нэвтрүүллээ. “Цахим ном айлтгал”-ын давуу тал нь жилийн заслаа хийлгэх гэж буй иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилготой бөгөөд интернэт ашиглан гэрээсээ засал номоо бичүүлэх боломжийг олгож байна. Өөрийн биеэр болон цахим хэлбэрээр ном бичүүлэх нь буяны үйлд огт ялгаагүй бөгөөд харин сүсэглэх, эс сүсэглэх нь сүсэгтэн танаас шалтгаалах гэнэ. /2017-02-25/

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР EDES ЦАХИМ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭЭ

Иргэд ямарваа үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуулахыг шаардах нь чирэгдэл учруулдаг. Тэгвэл, Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас цахим үнэмлэхийг нотлох баримттай нь тулган шалгадаг eDES системийг үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн. Уг системийг нэвтрүүлснээр цахим үнэмлэх уншигчаар дамжуулан иргэний бүртгэлийн мэдээлэл, хуулийн этгээдийн мэдээлэл болон эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг нотлох баримттай нь тулган шалгах боломж бүрдэж байгаа юм. /2017-09-26/

GER COMMUNITY MAPPING CENTER ТББ ХОГНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ТЕХНОЛОГИ БҮТЭЭЛЭЭ

Хотод тулгамдаж буй асуудлыг иргэдийн оролцоотой шийдэх зорилготой Ger Community Mapping Center-ийнхэн хотыг хогноос нь салгах шинэ үйлчилгээ нэвтрүүллээ. Энэ бол zerowest.mn хогны газрын зураг. Энэ газрын зургаас хог тээврийн хуваарь, түүхий эд дахин боловсруулах газруудын өөрт ойрхон байршил, авах үнэ, хогийн цэгийн байршил зэргийг мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, эрэлт нийлүүлэлтийн холбоог ийнхүү сайжруулснаар бид ногоон хөгжил рүү дөхөж чадах юм. Эхний ээлжинд та тус цахим хуудсыг ашиглаж, мэдээлэл оруулж болох бөгөөд удахгүй хүн бүрийн ашиглах аппликэйшн болгохоор зорьж байна.

УЛААНБААТАР ҮСГЭН ХӨШӨӨГ БҮТЭЭЛЭЭ

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээн УДЭТ-ын дэргэдэх талбайд байршууллаа. 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр тус бэлгэ тэмдгийн нээлт болсон. Гуч орчим сая төгрөгөөр бүтсэн Улаанбаатар үсгэн хөшөөний өндөр нь 170 см, урт нь 1027 см. Дэлхийн олон орон өөрийн гэсэн логог сурталчилгаандаа ашиглаж, жуулчдынхаа урсгалыг нэмэгдүүлсэн туршлага байдаг. АНУ-ын Нью–Йорк хот гэхэд өөрийн нэрийн тэмдэг бүхий хувцас, аяга, олон төрлийн бэлэг дурсгалын зүйлстэй. Энэ нь тус хотыг улам ч алдартай болгосоор байна. Манайд ч гэсэн үсгэн хөшөө эерэг үр дүн авчрах биз ээ.

Нийтлэлийг: С.Жанерке
Эх сурвалж: "НийслэлGuide" №67/ 2017 12 дугаар сар