Наймдугаар сарын эхээр Хөвсгөл нуурын эрэг дээрх нэг өдөр

Фото / Time Admin
2017 оны 12 сарын 14

Миний нэрийг Амедио гэдэг. Би 26 настай, Ром хотноо сэтгүүлзүйн чиглэлээр сурч 2016 онд төгссөн. Суралцаж байх хугацаандаа АНУ, Франц, Япон, Солонгос улсад аялж, ажиллаж байсан. Хэдий эдгээр улсуудад аялж, ажиллах нь миний суралцах хугацааг уртасгаж орхисон ч ажлын ширээн дээрх туршлага надад маш их хэрэг болдог. Өдгөө би олон жил хүсэж байсан улсдаа буюу Монголд ирж, Time.mn сайттай хамтран ажиллаж, мэргэжлийн хувьд туршлага сууж байгаадаа баяртай байна. Аялж явахдаа авсан зургуудаас бүрдэх фото тэмдэглэлүүдийг (ДУУТ ЭЛСТЭЙ ГОВИЙН АЯЛАЛ, Ганданг зорьсон тэмдэглэл, 11 хороолол дахь баасан гарагийн нэгэн үдэш) үзнэ үү.

Эхлэл

Наймдугаар сарын эхний хагаст миний аялал Монгол орны өмнөд болон хойд нутгийн говь, эртний нийслэл Хархорум, Эрдэнэзуу хийд цаашлаад Цагааннуур, Хөвсгөл нууранд хүрэв. Улаанбаатар хотод мэдрэх боломжгүй байгалийн сайхныг үзэж, цэвэр агаарыг уушги дүүрэн амьсгалж, үзэсгэлэнт газрууд болон тэнд амьдардаг хүмүүстэй танилцах энэ аялал бол Төв Азийн орнууд дахь миний анхны аялал юм. Уулс, тал хээр, алслагдсан жижиг тосгод, гэр баазууд бүх зүйлээс тусгаарлагдсан мэт. Ийм бодит хийгээд диваажин мэт орчин надад онцгой мэдрэмж төрүүлсэн. Монголын үзэсгэлэнт газруудаар аялж дуусаад, Улаанбаатарт ирсэн хойноо би аяллынхаа талаар бичихээр шийдсэн юм. Аялж явахдаа өөрт онцгой сэтгэгдэл төрүүлсэн зургуудаа сонгож, товч тайлбар хийлээ. 

1. Хөвсгөл нуур бол Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй нууруудын нэг. Энэ орны баруун хэсэгт байрлах давст нуур болох Увс нуур Монголын хамгийн том нуур гэдэг ч Хөвсгөл нуур бол хамгийн их эзэлхүүнтэй, гүн нуур юм. Хөвсгөл нуурын цэвэр тунгалаг усыг ямар ч нэмэлт цэвэршүүлэх шаардлагагүй хэрэглэж болно.  

2. Хөвсгөл нуур нь Байгаль нуурын дараа орох Азидаа хоёр дахь том нуур. 136 километр урт, өргөн нь зарим газраа 35 километр, хамгийн гүн хэсэгтээ 267 метр байдаг ажээ.  Тиймээс “Хөвсгөл далай” хэмээн нэрлэх нь бий. Монголчууд энэхүү цэнгэг нуураа “Хөх сувд”, “Далай ээж” хэмээн дээдэлдэг. 

3. Том нуурын эргээр явахад харилцан адилгүй олон янзын тогтоц танд үзэгдэнэ. Эргийн энэ хэсэг намгархаг харагдаж байна. 

4. Харин энд модод эгнэж, өвс ногоо бүрхжээ. 

5. Эсвэл бүр цэнгэг усанд хүлхэгдэх жижиг чулууд, хайрган эрэг ч энд байна. 

6. Өөр нэгэн хэсэгт эргийн сүүлчийн түрлэгээс торон үлдсэн шалбааг, шаварлаг талбайд мод зомгол түрэгдэн хөглөрнө. 

7. Хөвсөл нуур нь дэлхий дээрх хамгийн эртний 17 нуурын нэг юм. Хоёр сая жилийн настай энэ нуур байгаль дэлхийн олон өөрчлөлтийг дамжин ирсэн ч өөрийн гэсэн онцлог бүхий зохилдлого таатай нөхцлөө хадгалсаар байна. Мянган жилийн туршид нууранд өрнөсөн өөрчлөлт одоо ч үргэлжилж байгааг өнгөц харахад ойлгож болно. Зураг дээр үзүүлснээр нуурын эргийг бүрхсэн зүлэг үгүй болж чулуулаг гадарга нэмэгдсээр байгаа бололтой. 

8. Эрэг орчмын хөрс хатаж байгаа нь эндээс харагдана.  Нуурын мандал нааш түрэхгүйн улмаас эцэст нь модод үхнэ. 

9. Үндэс нь усанд үйсэн энэ ганц мод нэгэн цагт нуурын эргийн олон модны нэг байсан биз ээ. 

10. Олон мянган жилийн өөрчлөлтөөр үржил шимтэй эргийн хөрс хатаж хайрга чулууд л шүүгдэн үлджээ. Байгалийн энэхүү өөрчлөлт солилцоо нь хөрсний бүтэц, усны түрлэг нэвчилттэй холбоотой. Энэ зураг дээр өвсний ул мөр бараг үгүй болсон эрэг, хугарч хуваагдсан модод харагдана.  

11. Уулсаар хашигдсан өвс ногоотой эрэг орчимд нутгийн иргэдийн мал бэлчинэ. Хамгийн түгээмэл нь тайван амгалан атлаа сүрлэг амьтан болох сарлаг. 

12. Хошуугаа усанд дүрсэн сарлаг хүзүүгээ шилгээн, толгойгоо сэгсэрнэ. 

13. Сарлагуудаас дутахгүй олон тоогоор морьд идээшилнэ. Адуу бол малчин монголчуудын хувьд уламжлал соёлыг нь харуулах баялаг гэж хэлж болно. Тиймээс ч  нэг кэмпээс нөгөө рүү зөөхөд морьд голлох үүрэгтэй хэвээр. Машин барихыг хүсэхгүй байгаа жуулчдын сонирхлыг морьд татна. 

14. Нуурын эргээр суурьших малчид нутгийн бусад хэсгийн малчидтай харьцуулахад ямаа багатай, сарлаг, адуу маллах нь түгээмэл. Жижиг биетэй ямаанууд хүнээс үргэх тул тэдний зургийг ойроос авахын тулд тайван хөдөлж, сониучирхан дөхөхөд нь зураг авлаа. 

15. Эндхийн кэмпүүд дунд халуун рашаан, тансаг зэрэглэлийн ресторанууд ч бий. Бэл бэнчинтэй дотоодын амрагчдын дийлэнх нь Улаанбаатараас ирж, хотын нүсэр амьдралын хэмнэлээс түр ч болов завсарлага авч, байгальд амрахыг хүснэ. Хотоос нааш ирэхэд машинаар нэг л өдөр явах бөгөөд амрагчид дийлэнхдээ нуурын эрэг дээр 7 хоногийн хугацаатай ирдэг. Намайг энд ирэхэд хэдийгээр зуны сүүл сар болж, сэрүү орсон байсан ч амрагчид олон байлаа. Жишээ нь энэ хоёр эмэгтэй амрахаар зээ дүүтэйгээ хамт иржээ. 

16. Хоёр залуу өөрсдийн камераар байгалийн зураг буулгаж байна. 

17. Гүн нуурын ус өдийд маш хүйтэн байх болно. Гэхдээ наранд биеэ ээн, усанд хөлөө дүрэн суух нь магадгүй үнэхээр тайтай байгаа бололтой. 

18. Эрэг дээрээс зах нь үл харагдах нуурыг харж суух нь хосуудын хувьд төгс амралт юм. Тэд ямар романтик байгааг, мөн тэд ямар дотно дулаан уур амьсгал дунд суугаа бол. Үүнийг тайлбарлах магадгүй хэцүү. Гэхдээ эрэг дээр тэдэн рүү ойртвол үүнийг ойлгож болно. 

19. Мэдээж хэрэг би дурангаа өөр зүгт эргүүлбэл “нуурын ус”-ыг шинэлэг байдлаар биедээ шингээсэн хүмүүс ч үзэгдэнэ. Тэд кэмпийн эргэн тойронд байх олон жижиг дэлгүүрийн аль нэгнээс худалдаж авсан зүйлээрээ өөрийн хязгаарыг энэ маягаар үзэж, тайван унтаж орхино.  

20. Жуулчдын хийх дуртай зүйл бол морь унах. Кэпмийн морьд тэдний эздээс өөр хүн унахад маш сайн сургагдсан байдаг төдийгүй, гадныхны хувьд монголь морь бол байгальд тун тохирсон “гоёл” юм. Дээрх зурагт эмээллэж, зэхсэн монгол морь кэмпийн гадаа байна. 

21. Кэмпийн адуучдын нэг нь өөрийн охиноо суулган морио хазаарлав. Энэ бяцхан охин жуулчдыг дагуулан нуурын эргээр аялах аавдаа туслах болно. 

22. Завь жолоодох нь мөн л зугаатай ажил. Энэ завийг хувийн амралт, эсвэл богино зайн аялал зохион байгуулахад хэрэглэнэ. 

23. Улаан хөх өнгө, шар соёмбо бүхий Монгол Улсын далбаа. Монголын далбааг хөлөг онгоцон дээр байгааг харах нь тийм ч түгээмэл зүйл биш. Учир нь Монгол бол далайд гарцгүй, том газар нутагтай улс. Улсдаа ганц Сүхбаатар III хөлөг онгоцоор Хөвсгөл нууранд аялаж болно. 

Гэхдээ Монголын хилээс гадна дэлхий даяар Монгол Улсад харъяалагдах 300 гаруй усан онгоц байдаг юм билээ. Тэдгээрийн дотор газрын тос тээвэрлэх 23 цистерн онгоцууд ч бий гэж уншсан. Яагаад нэг ч боомтгүй улс орны далбаа дэлхий усан зам дээр хийснэ вэ? Учир нь бусад оронтой харьцуулахад Монголын далбааатай хөлөг онгоцоор тээвэр хийх нь 10 хувиар бага татвартай байдаг. Зарим компаниудын хувьд энэ нь жилийн эцэх гэхэд 10 тээврийн зардалд асар их хэмнэлт болдог байна. 

24. Нутгийн иргэн усан дээгүүр завьтайгаа удаанаар явж буй нь. 

25. Хөдөлгүүр яагаад ажиллахгүй байна вэ? Магадгүй хэн нэгэн буруу юм хийжээ...!

26. Моторт завиар аялагчид нуурын дундах дөрвөх арал руу аяладаг. Модон, Хадан, Модот, Бага хэмээх эдээр дөрвөн арлын амьтан ургамал бүгд өөр өөр байдаг гэнэ. 

27. Арлын эрэг дээр ирээд буй нь. Завьны эзэд зорчигчдоо хүлээн өдрийн наран дор тус тусын завин дээрээ хэвтэн цаг өнгөрөөнө. Зөвхөн нэг нь л дэн буудлаас завь руу очих хүмүүст туслав. 

28. Арлын нэг талыг дээр харуулав. Шинэс, олон төрлийн навчит моддоор арал бүрхэгджээ. 

29. Бурхадад талархан тахих хүндэтгэлийн зан үйл Монголд түгээмэл. Уулын орой дээрх овоо шүтээнүүдээс гадна буддын шашны эд хэрэгсэл болох хадаг олон тоогоор харагдана. 

30. Гэр кэмп, жуулчны баазууд эргийн дагуух угаалгын газар, бие засах газруудыг байнга цэвэрлэх, ундны усаа татах шаардлагатай. Нуураас хэдхэн метрийн зайтай тул усаа татах нь тийм ч хүндрэлтэй биш. Ихэвчлэн нарийн хоолой татаж нуур луу холбодог байна. Ингэхдээ төмөр хоолой биш, хуванцар хоолой ашиглана. Хуванцар хоолойг газар дээгүүр татаж, өвсөөр далдлах бөгөөд ингэх нь ямар нэг асуудал гарлаа гэхэд хялбархан засч болно. Зураг дээр үзүүлснээр нэгэн эр том хуванцар хоолойг гүехэн ухсан нүхэнд хийж байна. 

31. Кэмп рүү ус хүргэхийн тулд ихэвчлэн мотор ашиглана. Жишээ нь, энэ тохиолдолд улбар шар хоолойгоор нуурын гүнээс ус татаж цагаан хоолойгоор дамжуулж байна. 

32. Өөр нэг төрлийн усны хоолой. Эдгээр богино төмөр хоолойг дулааны улиралд ашиглаад, нуур хөлдөх үед кэмп рүү нэг нэгээр нь зөөдөг бололтой. Зэвэнд идэгдсэн энэ хоолойнуудыг кэмпийн эзэд удаан хугацаанд хэрэглэжээ. Монголчууд өөрт тулгараад байгаад ямармаа нэгэн асуудлыг шийдэж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Жишээлбэл, жолооч нар нь машинаа өөрсдөө засчихаг. Ингэхдээ үнэхээр хачирхалтай шийдэлд албадан хүрэх нь ч бий. Тэр л жишгээр энэхүү хоолойн эзэд хоолойнуудаа тэгш өргөхийн тулд төмөр мод зэрэг зүйлсийг ашиглан бүгдийг гар ажиллагаагаар тогтоож шийджээ. 

33. Төмөр хоолойн эцсийн цэгт банз, ац мод зэргийг ашигласан байна. 

34. Цэвэр цэнгэг нуур, үзэсгэлэнт байгаль хэдий сайхан ч хогны асуудал тулгамдаад байгааг олж мэдлээ.  Хог болон хогийн сав. Кэмпүүдийн эргэн тойронд алхаж явахдаа би хог савнуудын эргэн тойрон дох хөрс ихээр бохирдож, доройтсоныг хараад энэ тал дээр ямар ч арга хэмжээ авахгүй байгаа мэт санагдлаа. Зарим жуулчид байгаль сүйдэж буйг харамсан харна. Учир нь хагас шатаасан хог, үнс нурам овоолжээ. 

35. Би эрэг дээр эргэн ирлээ. Эндээс харагдах байдал бахдам сайхан, тайлбарлах үг дутам санагдана. Нар жаргах агшин айсуй тэнгэр гүн цэнхэр өнгөөр эргэв. 

36. Нар жаргах үед ягаан шар өнгийн тусгал тэнгэр хаяа, усны мандалд тусав. Энд би тайван амгаланд умбав. Тэртээд өвс зулгаах цөөхөн морьдын үзэгдэнэ. Усны мандал дээр шувууд амарна. Монголын “Хөх сувд” сэтгэл татам гэрэлтэнэ.