Г.Эрдэнэбилэг: Хоорондоо хэмлэлдэх хүн сүргийг үүсгэж байна

Шар мэдээ / Admin
2017 оны 06 сарын 22

Дижитал хамтлагийн дуучин Эрка буюу Г.Эрдэнэбилэгийг хүүхэд залуус маань андахгүй мэднэ. Тэрбээр уран бүтээлч хүнийхээ хувьд сонгуулийн сурталчилгаанд оролцож явсан сэтгэгдлээсээ ийнхүү хуваалцжээ.

Тэрбээр “Миний улс төр мэднэ ч гэж юу байхав. Гэхдээ 2000, 2004 оны УИХ.ын сонгуульд урлаг соёлынхон идэвхитэй оролцдог байсан үед чамгүй олон улс төрчидтэй сонгуулийн ажилаар явж тайзан дээр болон хөшигний ард юу болж байгааг их ойроос харж байсны хувьд цаг өнгөрөх тусам улс төр ямар бохир заваан болж байгааг харьцуулан харж сууна. 

Ганцхан жишээ хэлэхэд өмнө нь сонгууль бол Монгол Улсын иргэн хүний хувьд хуулиар олгогдсон хамгийн том эрхээ эдлэх баяр байсан бол одоо айдас болж хувирчээ. Сонгууль дөхөөд ирхээр хөдөө гадаагүй баяр ёслол болох гэж байгаа мэт хөл хөөрцөг болцгоож хүмүүс цайлганаар инээд алдан ирж буй сонгуулийн талаар хөөрөлдөн суудагсан. Нэр дэвшигчдийн суртчилгааны штабууд зэрэгцэн өнгө алаглаж олон залуус хийж буй ажилдаа өөрийн итгэл үнэмшилээр оролцож их л сэтгэл хангалуун байдаг байж. 

Сонгуулийн өдөр болоход хүн бүхэн хамгийн сайхан хувцасаа өмсөөд сонгуулиа өгөхөөр яарах. Тэр үед сонгогчдын ирц хүрсэнгүй гэдэг асуудал сонсогдож байгаагүй санагдана. Бид мэтийн урлаг соёлынхон дэмжиж буй нэр дэвшигчээ дагаад хөдөө орон нутгийн буйдхан сум багт очиж ойр саахалтуудыг цуглуулан яриа таниулга хийж ая дуугаа өргөж явдагсан. Олон ч нэр дэвшигчийн яриа таниулгыг хажуугаас нь сонсож олон хоног хамт яваад ирхээр бараг цээжлэх шахам болдог байж билээ. Хувь хүнийхээ өнцгөөс хархад Монгол улс маань одоо сонгуулийн хямралд орчихвуу гэмээр сонгууль дөхөхөөр бүх зүйл улам хар бараан болоод байх юм. Олон нийтэд харьцангүй ил болдог байсан сонгуулийн суртчилгаа хэвлэл мэдээллийнхэний эзэн баримтгүй гүтгэлгэ хэлбэрдэлт хэн хаанаас явуулаад байгаа нь мэдэгдэхгүй эх сурвалж тодорхой бус хийссэн хар явган шогорхолууд /манайхны ёж байдалд дуртайг овжин ашиглаж байх шиг/ сошиалд тулалдах дайны талбараар хэмжигдэж хэнд итгэхээ мэдэхгүй өөр хоорондоо хэмлэлдэх хүн сүргийг үүсгэж буй нь харагдах боллоо. Бид ингэж улам харанхуй болох нь хэнд ашигтай вэ? Бид өөрсдийн ухаангүй юм гэжүү? Бүгдийг гуйвуулж харлуулж Монгол хүн Монгол хүндээ итгэх итгэл тэг хувь болтлоо буурлаа. Одоо болихгүй бол бидний улс хаашаа явах нь тодорхой. За муу дуучин юугаа мэдэж хуцаж байгаа юм гэж хэлэх хүн байх л биз. Гэхдээ би Монгол хүн учраас эх орон элгэн садандаа санаа зовох юм байна шүү ойлгоорой” хэмээн бичжээ.