TIME TO TRAVEL: Зүүн Өмнөд Азийн 6 орноор 27 хоног аялсан хосууд

TIME TO TRAVEL / Б. Бат-Эрдэнэ
2017 оны 06 сарын 23

Аялал зугаалгын улирал эхэлж, аагим халуун зуны өдрүүд үргэлжилж байна. TIME.MN сайтын зүгээс аяллын хорхойтнуудад зориулсан “TIME TO TRAVEL” буландаа үүргэвчтэй аялагч Г.Цэнгэлийг урилаа.

Тэрбээр найз охиныхоо хамт Зүүн өмнөд Азийн улс орнуудаар үүргэвчтэй аялсан туршлагаасаа бидэнтэй хуваалцах юм. Залуухан хосууд 27 хоногийн хугацаанд зургаан улсын нутгаар үүргэвчтэй аялахдаа ердөө 2 сая 850 мянган төгрөг зарцуулжээ.

Фэйсбүүк: Цэнгэл Г.

АЯЛЛЫНХАА ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛНА УУ?

Бидний хувьд аяллаа Солонгосоос шууд эхлүүлсэн гэж хэлж болно. Би өмнө Солонгост хоёр сар, Японд хоёр сар аялсан. Манай найз охин Японд сурдаг. Тэгээд Солонгосоос найз охинтойгоо хамт Сингапур, Малайз, Тайланд, Лаос, Вьетнам, Хятад Монгол гэсэн маршрутаар аялсан.

Япон, Солонгост байхдаа интернет, фэйсбүүкээс аяллын зураг мэдээлэл их үздэг байсан. Манай найз охин “Тайландийн Пипи арал, Пукет арал их гоё юм байна. Тийшээ аялъя” гээд надад хэлж байсан. Жаахан ажиллаад мөнгөтэй болоод ирсэн чинь санаанд багтаад аялахаар шийдсэн. Тэгээд үүргэвчээ үүрээд, маш бага зардлаар аялах төлөвлөгөөтэй гарсан даа.


Сөүлээс Сингапур руу 2 хүний билет, 1 талдаа 385 мянган вон

Солонгосоос Сингапур руу хоёр хүний 700-800 мянган төгрөгөөр ниссэн. Сингапурт маш найрсаг, хот нь цэвэрхэн санагдсан. Европууд, Америк, Энэтхэгүүд гээд олон улсын хүмүүс харагдаж байсан. Харин юмны үнэ нэлээд их санагдсан. Юунд үрсэн нь мэдэгдэхгүй нэг л мэдэхэд 300 доллар үрчихсэн байсан. Уг нь бид хоёр чинь аялахынхаа өмнө Дэлхийгээр аялагчид групээс хайлт хийж үзээд нэлээд их юм уншсан.

Гэхдээ олигтой дэлгэрэнгүй мэдээлэл олдохгүй байсан. Хүмүүс хаана юу үзсэнээ л бичээд, гоё гоё зураг оруулаад байхаас биш хаана ямар унаанд суух вэ, үнэ мөнгө хэр вэ гэдэг талаар мэдээлэл маш бага байдаг юм билээ. Зарим үед хаанаас дараагийн газарт явах унаанд суух вэ гэдгээ интернетээс хайж хоног алдах тохиолдол ч их байсан. Сингапурт гэхэд л автобус нь хаанаас явдгийг мэдэхгүй бүхэл өдөржингөө хотоор алхаад, сандал дээр суусан.

Сингапурт метрогоор явбал дээр юм билээ. Бид хоёрын хувьд “Little India” гээд хямдхан буудалд буусан. Хоногийн 20 доллар.


Сингапурт Universal studio, аквариум үзэх боломжтой.

Ер нь зүүн өмнөд Азийн орнуудаар явахад Монгол хүнд таарах хоол гэвэл хэцүү. Мах идмээр их санагддаг юм билээ. Хоолон дээр их мөнгө үрсэн. Өлсөөд ирэхээр идэхээс өөр аргагүй.

Том үүргэвчтэй цүнхээ би үүрсэн. Найз охиндоо жижиг цүнх үүрүүлсэн. Том цүнхэнд хувцас гута гээд хүнд юмаа, найз охины жижиг цүнхэнд бичиг баримт ойр зуур хэрэгтэй зүйлсээ хийж явсан. Нуруу их өвдсөн. Замдаа суугаад амраад л явсан. Хот хоорондын автобусанд шөнө их явсан. Шөнөөр явбал буудалд мөнгө үрэхгүй, ядаж л автобусанд унтах боломжтой. Хэрэв өдөр автобусанд суугаад хот хооронд явбал шөнө очоод буудалд буугаад хоног алдах юм шиг санагдсан.

Сингапураас шөнийн автобусаар Малайз руу 20 доллар төлөөд явсан. Энэ хот хоорондын автобусанд ороод их даарсан. Халуун орон учраас кондишн тавьчихсан байдаг юм билээ. Хэрэв дараа хүмүүс тийм автобусанд суухаар бол цамцаа ил аваад явахад буруудахгүй.

Малайзад өглөө 07.00 цаг гэж очсон. Тэгээд дэлгүүр газрууд нь 10.00 цагаас онгойно гээд. Бид хоёр автобусанд жаахан ядарчихсан очсон болохоор сандал дээр суугаад л жаахан дугхийгээд авсан. Жаахан дэлгүүрээр хэсч байгаад метронд суугаад “Twin tower” дээр очсон. Алдартай барилгын өмнө зургаа авахуулчихаад “Batu caves” гээд бурхан шашны газар руу явсан. Сармагчин ихтэй газар байна лээ.


"Twin tower"ийг тойроод селфи стик их зардаг юм билээ. Ингэж селфидээчээ гээд иргэд нь зарах гэж их үзсэн дээ.
Малайзаас Пукет арал руу газраар явах боломжтой эсэхийг мэдэхгүй байсан учраас автобус явах эсэхийг хүмүүсээс их асуусан. Мэдээлэл олдоогүй болохоор нислэг захиалсан. Малайзаас Пукет рүү 50 долларын нислэг байдаг юм билээ. Нислэгийн билетээ захиалчихаад онгоцны буудал дээрээ хоночихсон доо. Уг нь нислэгээ эртнээс захиалбал бүр тал үнээрээ байдаг юм билээ.

Өглөө нь нисээд Тайландын Пукет аралд очсон. Тэнд “Booking.com”-оос “Hostel” захиалсан. Буудал захиалах дээр жаахан мөнгө алдсан юм шиг санагдаад байгаа. Буудал үнэтэй, олон жуулчид нэг дор ордог Hostel-ууд нь хямдхан.

Пукет дээр аялал арай өөр, аятайхан болж ирсэн шүү. Малайз, Тайландад бид хоёр аюулгүй байдал талаасаа их айж байсан. Сөрөг мэдээлэл нэлээд байдаг юм билээ. Хар тамхины орон, хүмүүс алга болсон, монгол хүнийг алчихсан гээд л. Тиймээс ар гэрийнхэн хүртэл санаа зовч байсан. Тэгээд Пукет дээр ирээд их аятайхан болсон.

Хүмүүс нь чөлөөтэй, аялал жуулчлал хөгжчихсөн, бага сага англи хэлтэй. Бидний юу сонирхож байгааг мэдэж байсан. Шууд хаашаа явах вэ, юу үзэх вэ яах вэ гээд л эхэлдэг юм билээ.

Пукетэд таксинд суухаар бол метрийн гэрэлтэй таксинд суугаарай гэж зөвлөе. Пукетэд  мотоцикл түрээсвэл их хямдхан. Өдрийн 200-250 baht байсан. Тэр нь монгол мөнгөөр14-17 мянган төгрөг юм уу даа. Унаж чадахгүй хүнд бол заагаад өгчихдөг юм билээ. Жолооны үнэмлэх шаардлаггүй юм билээ. Пукетэд буудал захиалчихсан байсан нь нэлээд үнэтэй өдрийн 80 доллар байсан.

Пукет арлаас хоёр хүний 2200 baht төлөөд усан онгоцоор 2-3 цаг орчим яваад Пипи арал дээр очсон. Бид хоёр аяллын гол цаг хугацаагаа Пипи арал дээр өнгөрөөнө гээд төлөвлөчихсөн байсан л даа. Тэнд хамгийн үнэтэй буудлаа захиалчихсан байсан. Өдрийн 150 мянган төгрөгөөр 3 хоносон юм байна. Дотроо усан санатай, нэлээд тансаг буудал байсан.

Пипи арал дээр их юм зардаг юм билээ. Усны хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, гарын бугуйвч зүүлт гээд л.


Цаана харагдаж байгаа завиар ойрхон арлууд үзэх аялал 2 хүний 1600 baht болсон.

Яг нутгийн хоолнууд идэхэд жаахан тохиромжгүй. Европ хоолнууд нэлээд үнэтэй байдаг юм билээ. Стейк, бургер нь нэлээд үнэтэй. Байнгын цадахгүй жаахан тийм юм билээ.

Пипи аралд олон үзүүлбэр, үйл ажиллагаа зохион байгуулагддаг юм билээ. Шоу цэнгээний үйл ажиллагаа их. Тэр аралд хамгийн үнэтэй юм нь бэлгэвч юм билээ. Дэлгүүр орохоор л хаа сайгүй бэлгэвч. Пипи аралд шивээс хийдэг газар нэлээд их байдаг юм билээ. 

Усанд шумбадаг нэг үйлчилгээ байсан. Нэлээд үнэтэй. Бараг 110 долларын үнэтэй. Бид хоёр мөнгө үрэхгүй гэж төлөвлөсөн байсан учраас хараад л өнгөрсөн. Доошоо усны гүн рүү ороод л гоё юм шиг байна лээ.

Шүхрээр нисэх нь нэлээд үнэтэй юм билээ. Пипи дээр моторт завиар жаахан явсан.

Пипи арал дээр гурав хоноод буцаад Пукет руу явсан. Буцаад очиход хэзээний нутгийн хүн шиг буугаад шууд мотоцикл түрээслээд л буудал хайгаад явах жишээтэй.


Пукетэд мотоцикл түрээслэх нь хямд. Жолооны үнэмлэх шаардахгүй, 1 өдрийн 200 baht

Пукет дээр бид хоёр нутгийн мотоциклтой хүмүүстэй таараад дагаж явж байгаад нэг цэцэрлэгт хүрээлэнд очсон. Мотоцикл түрээслэхэд гадаад паспорт барьцаанд нь авдаг.

Пукетээс Бангкок руу автобусаар явсан. 12 цаг шахуу явсан байх. Нэг хүний 900 baht төлж явсан. 

Бангкок бол кинон дээрээс харахад эвгүй санагдаж байсан ч яваад очиход өөр, гоё санагдсан. Бангкокт таксинд суугаад хэрэггүй юм билээ.

Бид хоёр буудлаасаа хотын төв рүү 30 минут шахуу алхаж очоод юм үзэж байгаад орой буудал руугаа буцахдаа ядраад таксинд суучихсан. Тэгсэн чинь зам нь нэг урсгалтай гээд тойрч яваад нэлээд үнэтэй гарсан. Бангкокт буусан hostel нэг хүний 80 baht гэж байсан. Бангкокт 3 хоносон. Бараг дэмий шахуу 3 хоносон гэж бодогдоод байгаа. Тайландад бол байгалийн сайхныг үзэх л сайхан байсан. Сүүлийн хоногтоо “Ayutthaya” гээд газар байдгийг мэдсэн. Бас л бурхан шашны газар юм билээ.


Нэлээд халуун. Гадаа +40 хүрч байсан

Бангкокоос найз охин маань орой буцаад Япон руу явсан. Манай найз охин намайг шууд Улаанбаатар руу нисчих гэж байхад нь би газар үзэж явна гээд нислэг захиалаагүй. Улаанбаатар руу шууд нислэг нь 800 мянга гэж байсан байсан. Бээжин рүү 400-500 мянга гэж байсан. Тэгээд би нисэх буудал дээр хоноод аяллаа үргэлжлүүлсэн.

Миний дараагийн очсон газар Лаосын Vientiane хот руу автобусаар явсан. Тэр нь бас 12 цаг гаруй явсан. Автобус 1200 baht гэж байсан. Лаос руу явахад автобусанд жигнэмэг, халуун анар жимсний шүүс, ус өгдөг юм билээ. Лаост 30 доллар л үрнэ гээд зорилго тавьчихсан байсан. Тэгээд мөнгөө бага солиулчихсан байсан болхоор хоолонд мөнгө хүрэхгүй тохиолдол байсан. Лаост метро байхгүй дандаа автобусаар явсан. 

Лаост хотын төвөөр үзэх юм байхгүй. Шууд хөдөөгүүр явбал зүгээр юм билээ. Лаост хэл ус нэвтрэлцэхгүй жаахан хэцүү байсан. Англи хэлтэй хүн ховор. Ер нь  интернетээс автобусны буудал, очих газрынхаа зургийг татаж  аваад хүмүүст үзүүлэхээр ойлголцоод яваад байсан.


Хэрэг болох байх гээд хот хоорондын автобусны зураг хийлээ. Vientiane хотын автобусны терминал 

Лаосын мөнгөн тэмдэгт нь лао гээд байдаг. Тэнд 200 мянган лаогоор Вьетнамын Ханой руу автобусаар 27 цаг явсан. Доллараар тооцвол 25 доллар юм билээ. 27 цаг автобусанд явна гэдэг чинь сүүлдээ тэнэг болдог юм билээ. Утсаараа оролдож явж байгаад сүүлдээ утасны цэнэг ч дууссан. Сүүлд сонсох нь ээ автобусны урд талд утас цэнэглэгч байдаг юм билээ. Гэхдээ утсаа цэнэглэж байгаа бол хажууд нь өөрөө сахиж суух хэрэгтэй юм билээ.

Автобусанд би Солонгосын үүргэвчтэй аялагчтай танилцсан. Тэр “Утсаа цэнэглэх аюултай шүү. Автобус зогсож байхад мотоциклтой хүмүүс хажуугаар өнгөрөхдөө цэнэглэж байгаа утас шүүрээд зугтаадаг” гээд хэлж байсан. Тэгээд Ханойд шөнө буусан.

Автобус нь хотын төвөөсөө нэлээд хол зайтай эцсийн буудал нь байдаг юм билээ. Би буудал захиалахаасаа илүүтэй очоод шууд явж байгаад нэг газар олоод хононо гэж бодож явсан. Тэгээд Ханойд буугаад буудаллах газар захиалаагүй, яах учраа олохгүй, нисчихдэг байж дээ гэж хүртэл шантарсан. Хотын төв рүү цаг шахуу алхаж явахдаа нөгөө Солонгос аялагчийн хэлж байсан газар очиж хоноё гэж шийдсэн. Тэр нь жуулчид их очдог газар гээд надад зааж байсан юм. Тийшээ нь нэг мотоцикл тааралдаад үнээ тохироод хүргүүлсэн.

Тэр очсон газар нь гадаад хүн ихтэй, нэг нуурын эргийн газар байсан. Хоногийн 10 долларын hostel-д орж хоносон.

Ер нь hostel-уудад үүргэвчтэй аялагчид их байдаг учраас шууд аяллын маршрут үйлчилгээ санал болгоод байдаг юм билээ. Тэндээс нь харж байгаад 25 доллараар тусгай микронд суугаад хотоос гараад хөдөөгүүр явсан. Тэр тусгай аялал бол хөдөө байгалийн үзэмжит газруудад зогсоод танилцуулаад аятайхан аялал байсан.


Вьетнамаас Хятадын хилээр гарахад байдаг автобусны товчоо. Хот руу ороход 100 юань. Тэндээсээ Гуанжоу, Макао ороход 220 юань байдаг юм билээ.

Ханойгоос Хятадын Nannin явахаар төлөвлөсөн байсан болохоор буусан Hostel-ын хүмүүсээс асуугаад суух автобусны цагийг мэдсэн байсан. 100 юаниар автобусанд суусан. Хятадын хил хүртэл яваад хил хөлөөрөө гараад Хятадын автобусанд суусан.

Nannin-д орой буусан. Тэнд үзэж хараад байх юм байхгүй. Гадны жуулчин бараг харагдахгүй. Намайг Монгол хүн гэж мэдэхгүй, хятад л гэж бодоод байх юм билээ. Уг нь Nannin хотоос Макао, Хонгконг орж болох байсан. 220 юаниар Гаунжоу эсвэл Макау руу явдаг юм билээ. Дараа очих гэж байгаа хүн байвал юмыг яаж мэдэхэв. Даанч надад 100 доллар л үлдсэн байсан. Тэгэнгүүтээ онгоцны буудал дээр очиж хоноод 50 доллараар Бээжин хүртэл ниссэн.  Бээжинд метрогоор их явсан. Нэг буудал нь 2 юань. Бээжингээсээ автобусанд суугаад Замын-Үүд, тэндээсээ хамгийн хямдаар вагонд сугаад л Улаанбаатартаа ирсэн дээ.

ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ГАЗАР, ХИЙЖ ҮЗЭХ ЗҮЙЛСИЙН ТАЛААР НЭРЛЭНЭ ҮҮ?

Сингапурт гоё гоё гудамжууд их байсан. Хятад хорооллуудаар нь явж үзсэн. Бид хоёрын байрласан “Little india” гээд энэтхэг хорооллын буудал бас их гоё санагдсан.

Мэдээж Сингапур орсон юм чинь “Marina bay sands”-ыг очиж үзэх хэрэгтэй юм шиг байх. Бас Сентоза арлыг үзэх хэрэгтэй. Бас аквариум, Юниверсал студийг үзэх боломжтой. Аквариум нь 40 доллар байсан.

Малайзад Twin tower, Batu caves-ыг үзэх хэрэгтэй юм билээ.

Тайландын Пукет, Пипи арал бол тэр чигээрээ байгалийн сайхан, далайн эрэг,  янз янзын үйлчилгээ их байдаг. Тэнд мотоцикл унаж явах их гоё байсан.

Лаост, Вьетнам бол сайхан байгалийг нь үзэх хэрэгтэй юм шиг санагдсан.

АЯЛЛЫН НИЙТ ЗАРДАЛ ХЭД БОЛСОН БЭ? ЗАРДЛАА ХЭРХЭН ОЛСОН БЭ?

Зардлаа бичээд яваад байсан учраас сүүлд ирээд тооцоход 2 сая 850 мянган төгрөг болсон байсан. Солонгосоос шууд ниссэн зардлаас эхэлж тооцсон байгаа. Гэхдээ Улаанбаатараас Бээжин хүртэл яваад тэндээсээ нисэхэд зардал хямд л даа. Буудал, унаанд бараг тал мөнгө үрэгдсэн. Дараагийн мөнгө үрэгдсэн зүйл бол хоол. 

АЯЛАХ ГЭЖ БУЙ ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

Сингапурт санхүүгээ сайн тооцоолоорой. Хоолон дээр л их мөнгө үрэгддэг юм билээ. Яг бид хоёр шиг явъя гэвэл ядрах л байх. Нэлээд алхсан, шөнө нь автобусанд явсан гээд. Үүргэвчтэй аялж явж байхад ер нь хэрэглээндээ л хямгатай байх хэрэгтэй.

Хаана ч очсон таксинд битгий суугаарай гэж зөвлөе. Метротой бол метронд, автобус байвал автобусанд суугаарай. 

Буух газраа эртнээс захиалаад, hostel-уудад хоновол их хямдхан гэж зөвлөе.

Шингэн саван, шампон зэргийг 100 мл-аас дээш битгий аваарай. 

Сингапур, Малайзад юмыг яаж мэдэхэв хар тамхи шургуулчихдаг гэсэн гээд цүнхээ дандаа л урдаа барьж явсан.

Hostel-д ус байхгүй. Буудалд буувал ус бол байж байдаг. Онгоцны буудлууд дээр ус байж байгаа учраас хоосон савандаа ус хийгээд авах хэрэгтэй юм шиг санагдсан.

Шашинлаг газар болохоор Тайландад богино банзал, ил майк, бэлхүүсээ гаргахыг хориглох тохиолдол их ажиглагдсан. Малайзад метронд үнсэлцэж болохгүй гэх жишээтэй. 

ТАНЫ ДАРААГИЙН АЯЛЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН ОЧИХЫГ ХҮССЭН ГАЗАР?

Азийн орнуудаар нэг мөр тойрчихдг юм билүү гэж анх бодож байсан. Гэхдээ нэг дор олон газраар явж байхаар мөнгөө цуглуулж байгаадд дахиад явбал гоё санагдсан. Филиппийн, Индонез зурган дээрээс их гоё харагддаг. Дараагийн удаа найз охинтойгоо тийшээ явъя гэж бодож байгаа. Бас санаа нийлсэн хүмүүстэй олуулаа найзуудтайгаа явбал гоё байх. Энэ наймдугаар сард явах төлөвлөгөөтэй байна.

МОНГОЛДОО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ИНГЭЭД ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙСАН ЗҮЙЛ БИЙ ЮУ?

Автобусыг янзлаад гоё байлгах хэрэгтэй юм болов уу. Ядаж л Хөвсгөл рүү явдаг автобус ус өгдөггүй, суудал нь 45 хэм л налдаг байх жишээтэй.

Гудамжны хоолыг ариун цэвэр хангасан, цэвэрхэн, олон сонголттой, хямд хийвэл гоё байх. Гэхдээ шорлогийг хэлээгүй шүү.

Монголд сайхан байгаль нь байгаа ч аялах газар, авч болох үйлчилгээний талаарх мэдээлэл нь жаахан дутмаг байдаг юм болов уу. Интернет орчинг сайн ашиглаад улсаа сурталчилбал гэж боддог.



“TIME TO TRAVEL” булангаараа бид баасан гараг бүрт гадаад улс орнуудаар болон эх орныхоо үзэсгэлэнт нутгаар аялсан аялагчдын зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр зорьж байна. Хэрэв Та өөрийн аяллын түүхээсээ хуваалцахыг хүсвэл TIME.MN фэйсбүүк хуудас руу бичээрэй. 

Өмнөх зочин: Тайландаар аялсан 17 хоног



Зүүн Өмнөд Азийн орнуудаар аялсан МАРШРУТ


Сөүлээс Сингапур руу 2 хүний билет, 1 талдаа 385 мянган вон


Сингапураас Куала Лумпур хүртэл автобусаар 20 доллар төлж явна.


Куала Лумпураас Пукет арал руу онгоцоор. Нислэгийн үнэ 50 доллар


Пукетээс Пипи арал руу 2 хүний 2200 baht төлж, завиар 2-3 цаг явсан.


Пукетээс Бангкок руу 1 хүний 900 baht-аар автобусаар явсан.


Бангкокоос Вьентьян руу 1200 baht-аар 12 цаг орчим явсан.

 


Сингапур Сентоза арал. Хүмүүс нь их найрсаг, цэвэрхэн гоё байгальтай газар байна лээ.


Шашнаасаа болоод метронд үнсэлцэж болохгүй юм билээ.


Онгоцны буудлаасаа хотын төв рүү автобус 200 baht


Пукетэд энэ мото 200-250 baht гэдэг юм билээ


Энэ онгоц 1 хүний 1100 baht. Ойрхон арлуудаар аялуулдаг. Нэг эрэг дээр зогсоход 200 baht гэдэг юм билээ.


Viewpoint. Энд гарахад 100 baht төлдөг юм билээ. Пипи арал дээр буудал н доод тал нь 50 мянган төгрөг орчим.

 


Бангкокоос Ayutthaya гэзэг газар руу галт тэргээр 150 baht


Ayutthaya ихэнх хөшөө дурсгал нь толгой байхгүй. Гайхалтай газар байна лээ.


Бангкокоос Vientiane хот руу 900 baht төлсөн. Гол нь унаанд их мөнгө үрэгдэх юм билээ.


Лаосоос Вьетнамын Ханой ороход 27 цаг автобусаар явна. 24 орчим доллартой тэмцэн мөнгөөр билет авдаг.


Ханойгоос Наннин явах автобус 25 доллар.