TIME TO TRAVEL: Монголын говиор 9 хоног

TIME TO TRAVEL / Ц. Анхзул
2017 оны 06 сарын 30

Аялал зугаалгын улирал эхэлж, аагим халуун зуны өдрүүд үргэлжилж байна. TIME.MN сайтын зүгээс аяллын хорхойтнуудад зориулсан “TIME TO TRAVEL” буландаа ажил амьдрал, хоббигоо аялалд нэгтгэж чадсан, туршлагатай аялагч Н.Байгалмааг урилаа.

Тэрбээр Монголынхоо бүхий л аймаг, сумын нутгаар аялснаас гадна дэлхийн 28 улсаар аялаад байгаа юм байна. Энэ удаа эх орныхоо үзэсгэлэнт говиор ес хоногийн турш аялсан туршлагаасаа бидэнтэй хуваалцах юм.

Фэйсбүүк: Baigalmaa Baikal

Инстаграм: Baigal  Baigalmaa

АЯЛЛЫН ТАЛААРХ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЛИЙГ ӨГНӨ ҮҮ?

Манай орны замын нөхцөл байдлаас шалтгаалаад жуулчид, аялагчид ихэвчлэн Оросын фургон, 69 маркын машинуудыг сонгодог. Гэхдээ нэг үеэ бодоход зам харьцангуй сайжирсан.

Миний хувьд канад хоёр, монгол нэг найзтайгаа дөрвүүлээ  өмнийн говиор ес хоног аялаад, хэдхэн хоногийн өмнө Улаанбаатартаа ирээд байна.

Бид  Улаанбаатар- Элсэн тасархай - Хархорин- Төвхөн хийд - Орхоны хүрхрээ - Говь гурван сайхан - Ёлын ам - Баянзаг - Хонгорын элс - Цагаан суварга - Дуут элс - Хэрмэн цав гэсэн маршрутаар нийт 2400 орчим километр аялсан. 

Монголын говь дэлхийд алдартай. Араб элстэй, би очиж байсан. Гэхдээ Монголын говьтой харьцуулашгүй.  Хонгорын элс шиг том манхан уулнууд Арабт байхгүй. Манай говь дэлхийд анхны динозаврын яс олдож байсан гэдэг утгаараа ч дэлхийн аялагчдын анхаарлын төвд байдаг болов уу.

Нийслэлээс эхлүүлсэн аяллын эхний буудал Элсэн тасархай байсан. Батхаан уул, Хөгнө хаан уул, Их Монгол уул гэх хайрхануудыг дамнан тогтсон 80 километр орчим урт элсэн манхан юм.  Баян заг, нуур, уул, элс бүгд нэг дор болохоор үзэсгэлэнтэй. Тэнд аялагчдад тэмээ унуулдаг хүмүүс байдаг. Гэхдээ говь руу, тэмээний нутаг руу аялахаар замд гарсан хүн мөнгө төлж, Элсэн тасархайд тэмээ унах хэрэггүй гэж зөвлөе.

Тэндээ хооллоод монголын анхны нийслэл Хархоринг зорьсон. Эртний нийслэлийн туурь, 108 суварга, Эрдэнэзуу хийд, музей, торгоны зам дагуух худалдааны газруудын суурь, Занабазарын бүтээлүүд гээд үзэх зүйл маш их. Аялал жуулчлалын төв цэг болохоор хоол,  хүнсний зүйлс нь  элбэг, үйлчилгээ нь ч сайн.

Хархорины дараагийн буудал бол  аглаг ойгоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог Төвхөн хийд. Уулын бэлээс хийд хүртэл таван километр өгсөж хүрнэ.  Богд Занабазар 14 настайдаа энэ газрыг олж, “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэсэн нь сунжирсаар өдгөө Төвхөн нэртэй болсон түүхтэй.  

Дараа нь Орхоны хүрхрээ үзсэн. Хархориноос 132 км зайтай, 20 гаруй метр өндрөөс буудаг, 10 орчим метр өргөн сүрлэг, үзэсгэлэнтэй хүрхрээ. Галт уул дэлбэрэн, халуун хайлмал нь Орхоны хөндийг уруудан урсаж, хүрмэн чулуун хучлага  үүсгэсэн, тэр хучлагыг нь Орхон гол хөрөөдөж урссаар хавцал үүсгэсэн түүхтэй юм билээ.

Хүрхрээнээсээ шууд Говь гурван сайхан руу давхисан.

Нар нь элсэн дундаас мандаад, элс рүүгээ жаргах шиг... байгалийн үзэгдэл, гайхамшгийн дэргэд хэн ч биш гэдгээ мэдэрч, эх орноо улам их хайрласан даа. 

Элсэн говиор аялж явсаар Ёлын аманд очиход уул, ус рашаан зэрэгцэн оршихыг харна.  Уулын спорт сонирхдог хүмүүс хадны авиралт хийчихээр тогтоцтой. Ёлын амны ус нь мөнхийн мөстэй, шүд хага ташим хүйтэн байдаг.

Ёлын амнаас үлэг гүрвэлийн өндөг, үүр олдсон Баянзаг руу, Баянзагаасаа Хонгорын элс үзсэн.  Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь үзэсгэлэнтэй.

Тэндээсээ эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн Цагаан суваргыг үзсэн.  Яг л цайран гэрэлтэх суварга мэт. Өндөр нь 60-аад метр, өргөөшөө 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Борооны дараа Цагаан суварганаас буух их ус асар том хүрхрээ мэт харагддаг гэсэн.

Үргэлжлүүлээд, хөлийн дор элс нь хүнгэгэн дуугардаг Дуут элсээр дамжаад Хэрмэн цаваар говийн аялалаа өндөрлүүлсэн дээ.

Холоос харахад их хотын балгас мэт, ойр орчиндоо хайлаас тоорой, сухай бүхий баян бүрдтэй, Даланзадгадаас 450 километрт байдаг.  

Бид нэг газарт нэг хоногоос илүү хугацаа зарцуулахгүй гэсэн төлөвлөгөөнийхөө дөгуу ес хоногт багтаан аялсан.

Магадгүй уран зураг, фото зураг, яруу найраг сонирхдог аялагчид арай урт хугацаанд аялах байх.

АЯЛЛЫН ҮЕЭР ОЧСОН ГАЗРУУДЫНХАА ТАЛААР СЭТГЭГДЭЛЭЭ ХУВААЛЦНА УУ?

Говьд очвол мэдрэмж шал өөр. Цэлийсэн зэрэглээт тал нь хараа үл хүрэм уужим.

Хүн амьдралд төөрөлдөх, тулгарсан асуудалдаа гарц хайх үе тохиодог. Тийм үед магадгүй говьд аялбал хамгийн зөв шийдлийг олж чадахаар санагдсан.

Говийн айлуудын хаалга үргэлж нээлттэй, хүмүүс нь тогтуун, сайхан ааштай.  Айлд яваад ороход цай ундаараа дайлж, хотын сонин сонсох дуртай.  Очсон айлынхаа өдөр тутмын ажилд нь оролцоод, ярилцахад бас их сайхан байсан.

Бидэнд борц нүдэж, хоол хийж өгөх үеэр асар хүчтэй элсэн шуурга дайрсан. Чих, нүд рүү элс орж, бүх зүйл элсэнд дарагдсан. Хоолоо идэхэд шүдэнд элс шаржигнан дуугарч байсан, гэхдээ гоё.

Ер нь аялал асуудалгүй өрнөвөл дурсах зүйл бага гэж боддог. Дугуй хагарах, хэн нэгний гэдэс гүйлгэх гээд бүгд л хожим аз жаргал шүү дээ.

Гадаа унтах их гоё. Одод яг нүүрэн дээр. Оддыг нөмрөөд унтаж байгаа юм шиг. Говийн тэнгэр, шөнө, нар, сар, од, салхи, элс бүгдийг нь мэдрээрэй л гэж зөвлөмөөр байна.

Ийм боломж байсаар байтал шалтаг заагаад суух хэрэггүй. Нэг л аялалд гарчихсан бол та төгсгөлгүй аялагч болно.

АЯЛЛЫН НИЙТ ЗАРДАЛ ХЭД БОЛСОН БЭ?

Нийт 800 мянган төгрөгөөр машиндаа түлш хийсэн. Тэгэхээр нэг хүн унаанд 200 мянган төгрөг төлсөн гэсэн үг.

Аялалд олуулаа явбал зардал хэмнэхээс гадна, хөгжилтэй, нөхөрлөл бэхэждэг, бие биенээ илүү сайн таньж дотносдог гээд давуу тал их бий.

Хоолны тухайд Элсэн тасархай, Хархорин зэрэг аялал жуулчлал хөгжсөн газруудад зоогийн газарт хооллочихож болно. Дунджаар нэг хүний хоол 7000 төгрөг.

Хотоос гарахдаа хатаасан ногоо, хатаасан жимс авч явах хэрэгтэй. Аялж байгаа газраасаа хоолны мах, борц зэргийг хямдхан үнээр эсвэл өөрт илүү байгаа хүнсээрээ солилцоод авчихаж болно. Тэгээд л өөрсдөө хоолоо хийгээд идчихнэ.

Булган сум, Даланзадгад, Мандалговьд нийтийн халуун усанд орох боломжтой. Нэг хүн 2500 төгрөг төлнө.

Урин дулааны улиралд буудалд мөнгө зарцуулах хэрэггүй. Майхандаа эсвэл гадаа унтсан ч гоё. Хүсвэл нутгийн малчныд оройн хоол идээд унтсан ч болно.

Говийн худгууд бүгд нээлттэй. Ус хэзээд үнэгүй. Тэгэхээр хоол хүнсний талд ч мөнгө тэгтлээ зарлагадахгүй.

Хийх хүн арга хайдаг гэгчээр аялая гээд шийдчихвэл ямар ч асуудал гарахгүй. Тэгэхээр миний хувьд баримжаагаар 400 мянган төгрөгөөр аялсан гэсэн үг.

АЯЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

Хүмүүс аяллыг мөнгө, ачаа бараа, унаа машин бэлдэх гээд их л нүсрээр төсөөлөөд, аялж чаддаггүй юм шиг санагддаг.

Миний хувьд аялал жуулчлалын мэргэжил эзэмшиж, ажил, хоббигоо нэгтгэснээс хойш 10 орчим жил аялж байна. Нөхөр маань ч, хоёр охин маань ч аялагчид. Бид гэр бүлээрээ маш их аялдаг.

Үнэгүй юманд шуна гэсэн үг биш шүү. Гэхдээ Монголдоо байгаа ийм сайхан байгалийг үзэх хэрэгтэй. Мөнгөтэй болохоороо, хүүхдээ том болохоор гэж хойш суух хэрэггүй.

Аялалд ямар ч дүрэм байхгүй. Та өөрөө дүрмээ зохио, хүсвэл зөрч.

Аль болох хүний явсан замаар биш өөрөө шинээр зам гаргаж аяла. Чиний гаргасан замаар бусад хүн аялана гэж бодоход гайхалтай биз дээ.

Говь руу аялахаар шийдсэн бол нарны тос, өглөө оройдоо өмсөх зузаан хувцас, түрийтэй гутал бэлд. Уух усаа бага хэмжээгээр зэх. Тэгээд л аялахад болно.

Нэгэнт л говьд очсон бол нарыг нь, салхийг нь мэдрээд явахад гоё шүү дээ. Сэвхтэнэ л биз, арав хоногийн дараа зүгээр болчихно, санаа зоволтгүй.

Нутгийн хүмүүстэй эелдэг сайхан мэндэл, хүндэл. Буцаагаад чи тэднээс хүндлэл мэдрэнэ. Хүүхдүүдэд өгөх жаахан чихэр, өнгийн харандаа зэргийг авч яваад малчдын хүүхдүүдийг баярлуулаад бас их гоё байдаг.

Хогоо ерөөсөө орхиж болохгүй. Чиний аялсан замаар хэн нэгэн аялна. Чиний үлдээсэн хог тэр хүний сайхан аялалд саад болно шүү дээ.

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХӨД ЮУ ДУТАГДАЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ ВЭ?

Аялал жуулчлал нь дээд түвшинд хөгжчихсөн Азийн орнуудтай харьцуулахад манай орны аялал жуулчлал хөгжиж байна. Хөгжүүлэх хэрэгтэй тулгамдсан асуудал олон байгаа. Хоол, буудал, зам тээвэр, бие засах газар, шүршүүр зэрэг. Дотоодын нислэгээ хямдруулбал дотоодын аялал бас их хөгжих байх. Гэхдээ нийтийн тээвэр хөгжиж байгаа нь сайн хэрэг. Гэх мэтээр өөрчлөгдөөсэй гэж хүссэн зүйл олон. Гэхдээ би Монголынхоо аялал жуулчлалыг шүүмжлэхгүй ээ, аажмаар урагшилж байна.

ТАНЫ АЯЛЛЫН ДАРААГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Европыг тэмээгээр аялахаар мөрөөдөж, төлөвлөж  байна. Энэ талаар дэлхийн хэмжээний маш том төсөл яригдаж байгаа. Биелээсэй гээд л хүлээж байна даа.  



TIME TO TRAVEL” булангаараа бид баасан гараг бүрт гадаад улс орнуудаар болон эх орныхоо үзэсгэлэнт нутгаар аялсан аялагчдын зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр зорьж байна. Хэрэв Та өөрийн аяллын түүхээсээ хуваалцахыг хүсвэл TIME.MN фэйсбүүк хуудас руу хандана уу. 



Өмнөх зочин: 

Зүүн Өмнөд Азиар 27 хоног аялсан хосууд            

         

 Тайландаар аялсан 17 хоног