“Цагаан сонголт”-ын цагаандаа гарсан үйлдэл

Улс төр / Б. Бат-Эрдэнэ
2017 оны 07 сарын 05

Чи улстөрөөр оролдохгүй ч улстөр чамаар оролдоно гэж үг бий. Улстөрийн увайгүй үйлдэлдээ зүгээр байсан хүнийг хэрхэн татан оролцуулдгийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль тод томруун харуулж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулиар урлаг соёлын алдартнууд сонгуулийн сурталчилгаанд олноороо оролцож, нэр дэвшигчдийг дэмжсэн. Түүнчлэн үзэл бодол, мэргэжлийн ур чадвараа сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг дэмжихгүй байгаа уран бүтээлчид ч цөөнгүй байсан.

Тэгвэл сонгуулийн өмнө хэсэг уран бүтээлчдийг намын нэр дэвшигчийн сурталчилгаанд зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хуурч мэхэлсэн шинжтэй үйлдэл гарсан нь VTV телевизээс бэлтгэсэн “Аавдаа би хайртай” богино хэмжээний видео байлаа. Богино хэмжээний уг видеонд оролцсон АЖ Г.Мягмарнаран, МУГЖ У.Батбаатар, СТА Д.Бямбацогт, СТА Н.Ялалт, СТА О.Долгор, П.Баттөр, Б.Анхбаяр, зохиолч Л.Таванбаяр нарт мэдэгдэлгүйгээр сонгуулийн сурталчилгаанд ашигласандаа VTV уучлалт гуйгаад өнгөрөв.

Харин өдгөө “Цагаан сонголт” гэх сурталчилгаанд залуу уран бүтээлчдийн зургийг зөвшөөрөлгүйгээр авч хэрэглэх явдал цагаандаа гарлаа.

“Нийгмийн хариуцлага”, “Хүүгийн бодол” гэхчлэн фэйсбүүкийн хуудсууд залуу уран бүтээлчдийн зургийг ашиглан Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнийг ч сонгохгүй байхыг уриалж байгаа бөгөөд зураг нь ашиглагдсан уран бүтээлчид өөрсдөө ч гайхан дургүйцэж байгаагаа илэрхийлсээр байна.