Нийслэлийн неоклассик барилгууд

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 07 сарын 15

Улаанбаатар бол архитектурын хувьд олон янзын стиль холилдсон хот. Нийслэл хүрээний үеэс өнөөг хүртэл барилга байгууламжууд архитектурын хэд хэдэн урсгалаар баригдаж, устаж, сэргээгдэж, дахин цоо шинээр боссоор даруй 100-гаад жилийг элээжээ. 1960-аад оноос өмнөхөн ид бүтээн байгуулалтын жилүүдэд хотод неоклассик стилийн барилгууд шил шилээ даран сүндэрлэсний дотор төв талбайг тойрсон төр засгийн байр, театр, хүүхэд залуучуудад зориулсан ордон багтаж байна. Тэдгээрийн зарим нь өнөө цагт гадна төрхөө өөрчилж, заримыг нь өөр зориулалтаар ашиглаж буй ч нийслэлийнхний хувьд дурсамж үгүүлэх түүхэн дурсгал мөнөөс мөн. Энэхүү нийтлэлийг бэлтгэхдээ бид ахмад архитектор С.Одонгийн яриаг, мөн түүний тун удахгүй хэвлэгдэх “Монголын XX зууны архитектур” номыг эх сурвалжаа болголоо.

ТӨРИЙН ОРДОН

1947 оны дөрөвдүгээр сард Төрийн ордны барилгын суурийг тавьж, 1951 онд ашиглалтанд оруулжээ. Уг барилгад неоклассицизмын шинж төрхийг бүрэн тусгасан байна. Гол нүүрэн талд эртний Египетийн архитектурын шинж төрх бүхий тэгш хэмт сонгодог баганууд босгосон бол антаблемент* хэсэгт ардын хувьсгалын ялалт, хөдөлмөрийн яруу алдрыг илэрхийлсэн барельефийг* барималч С.Чоймбол хариуцан гардан гүйцэтгэжээ.

Ордны гадаргууг теразит шавраар бүрснээр “Саарал ордон” гэх нэршил бий болсон түүхтэй. 2001 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойн хүрээнд “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө” цогцолбор, “Монгол төрийн тамга хөшөө” босгох шийдвэр гарч, улмаар төрийн ордны урд талд залгаж байрлуулахаар төлөвлөжээ. Төрийн ордны энэхүү шинэ бүтээн байгуулалтын ажлыг архитектор М.Цэлмэг, Д.Цэвэлмаа, Б.Баяраа, барималч Л.Болд нар удирдан ажилласан байна.

Антаблемент- Байгууламжийн багана дээр тулгуурласан хэвтээ чиглэлийн даацын элемент- карниз, фриз, архитраваас бүрдэнэ.
Барельеф- Товойлгосон дүрс

ХӨРӨНГИЙН БИРЖ

Одоогийн “Монголын хөрөнгийн бирж” байрлаж буй барилга, хуучнаар “Элдэв-Очирын нэрэмжит кино театр” бол Монголд кино театрын зориулалтаар барьсан анхны барилга юм. Зөвлөлт Башкирын Уфа хотод архитектор М.С.Яншины зураг төслөөр боссон “Ялалт” нэртэй кино театрын зураг төслөөр уг театрыг барьсан түүхтэй.

Энэ талаар монголын анхны барилгын инженер Б.Мотоо гуай “Би Москва явж, зураг төслийн нэг байгууллагаар орсон, тэнд надтай хамт Барилгын дээд сургуулийн нэг ангид суралцаж байсан А.И.Русаков даргаар нь ажиллаж байв. Түүнд хүсэлтээ танилцуулахад нэлээд зураг төслийг, тухайлбал орон сууц, сургууль, кино театр, эмнэлэг зэрэг соёл, аж ахуйн чанартай нэг маягийн болон давтан хэрэглэх зураг төсөл үнэ төлбөргүй олгож намайг их баярлуулсан. Уг төслийн дагуу Нэгдүгээр төрөх газар, Нэгдүгээр сургууль, Элдэв- Очирын нэрэмжит кино театр зэрэг олон барилга барьсан юм” хэмээн дурссан байдаг. Уг барилгын төлөвлөлтийн шийдэл, чимэглэл нь сонгодог архитектурын тод жишээ болдог. 

Кино театрын хажуу, ар талд пиляструудын* дунд карниз бүхий цонхтой бөгөөд туслах хоёр орцыг тэгш хэмийн дагуу байрлуулж, өөр төрлийн пилястраар чимэглэжээ.

Пилястр- Барилгын хананаас гарсан хагас багана

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Эх орны дайны үед үндэс суурь нь тавигдсан, үндэсний мэргэжилтэн бэлтгэх анхны их сургууль бол МУИС юм. Зураг төслийг зөвлөлтийн архитектор Н.М.Шепетильников боловсруулжээ. Ерөнхий төлөвлөлтийг сонгодог архитектурын зарчимд тулгуурлан шийдсэн бөгөөд гол орцны хэсгийг хагас дугуй хэлбэрээр гаргаж, колоннадаар* сүр оруулан, монументаль байдлаар илэрхийлжээ. Баганууд коринф* ордертой, барилгын оройд ротонда* буюу тойрог байгуулалттай шилэн купол байршуулсан байна.

Колоннад- Баганууд
Коринф- Ургамал, цэцэгсийн чимэглэлтэй баганын дэг
Ротонда- Сонгодог архитектуруудын барилгуудын төвийн хэсгийг тодотгосон элемент

ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

1958 онд Пионерийн ордон нэртэйгээр анх ашиглалтанд орсон уг барилгын зураг төсөл нь ЗХУ-ын Рязань хотод 1957 онд сүндэрлэн боссон Пионерийн ордны зураг ажээ. Архитектор И.П.Антиповын гаргасан эл зургийг ЗХУ-ын олон хотод давтан хэрэглэж, ижил төрлийн ордонгууд барьж байгуулсан гэдэг. Монголын тухайд, ордны оройн цамхагийн хэлбэрт Монголын пионерийн гишүүний тэмдэг оруулснаас гадна хашааны хаалга, туслах павильонуудын зургийг архитектор Б.Дамбийням дорнын архитектурын хэв загварыг тусгаж гаргасан байна. Сонгодог архитектурын орд харшийн төлөвлөлтийг шинэ зориулалтад нийцүүлсэн шилдэг жишээ энэ юм.

Харин ордны дотор заслын ажилд монгол зураач, урчууд оролцжээ. Харамсалтай нь, арваад жилийн өмнө ордны баруун талын хашаа, павильонуудыг буулгаж, оронд нь Metromall худалдааны төв, орон сууцны хотхоныг барьж босгосон билээ.

Нийтлэлийг: Т.Гүндэгмаа
Гэрэл зургийг: О.Төгсбилэг

Эх сурвалж: "НийслэлGuide" №63/ 2017 долоо, наймдугаар сар