Карьераа хэрхэн зөв эхлүүлэх вэ?

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 07 сарын 18

/Залууст зориулсан карьерийн зөвлөгөө/

Бидний ирээдүйн амьдрал,карьер өнөөдрийн сонголт,хандлага, туршлага, бэлтгэл,төлөвлөлтөөс шалтгаалдаг.Тэгвэл энэ бүгдийн суурийг хэрхэн зөв тавьж, хэрхэн удирдаж явах хэрэгтэй байдаг вэ? Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академийн сургалтын албаны дарга Т.Буяндэлгэр карьер ба түүнтэй холбогдох хүчин зүйлсийн талаар зөвлөж байна.

Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академийн сургалтын албаны дарга Т.Буяндэлгэр

Би хэн бэ?

Хүний амьдралд хоёр чухал үе тохиодог. Нэг нь хорвоо дэлхийд мэндэлсэн өдөр, нөгөөх нь өөрийнхөө амьдралд юу хийхээ олсон өдөр. Өнөөдөр залуучуудад юмтай болох буюу байр, машин, өөрийн гэсэн тодорхой өмчтэй болох философи хэт давамгайлж байна. Юмтай болохын тулд юу ч хамаагүйг хийхэд бэлэн болсон байна. Юу ч хамаагүйг хийгээд эхлэхээр би хэн бэ гэдгээ мартчихдаг. Уг нь эхлээд би хэн бэ, би юу хийхээрээ аз жаргалтай болдог вэ, би ямар авьяастай вэ, миний зорилго юу вэ гэдгээ тодорхойлж, өөрийгөө олох нь чухал юм. Тэгээд дараа нь юу хийхээ тодорхойлох ёстой.

Юмтай болно гэдэг бол үүний дараа ирдэг шагнал юм. Хүн чаддаг зүйлээ хийхээр үүнийг дагаад орлоготой болж, тодорхой карьер өөрөө бий болж эхэлдэг.

Эцэг эхчүүд хүүхдэдээ зөвлөх эрхтэй болохоос биш, шийдвэр гаргах болон сонгох эрхтэй биш

Ямар мэргэжлээр сурахаас карьер эхэлдэг гэж би боддог. Мэргэжлээ хэрхэн сонгох вэ гэдэг маш чухал. Учир нь, хүн амьдралынхаа хамгийн идэвхтэй цаг хугацааг тэр мэргэжлээ судлахад зориулдаг, мөн багагүй санхүүгийн зардал гаргадаг. Хөдөлмөрийн зах зээл дээр тухайн мэргэжлийн эрэлт хэрэгцээ хэр их байгаагаас, ирээдүйд цалин өсөхөөс хамаарахгүйгээр арай өөр шалгуураар мэргэжлээ сонгох хэрэгтэй. Учир нь, авьяасгүй хүн гэж байдаггүй, харин өөрийнхөө авьяасыг олж чаддаггүй хүмүүс л гэж байдаг. Чаддаг зүйлээ олж хийхгүй болохоор чадвар муутай юм шиг харагддаг. Дуртай зүйлээ олж хийсэн бол тухайн салбар унаж байсан ч та хөгжүүлж чадна.

Мэргэжил сонгохоосоо өмнө ирээдүйд ажиллахыг хүсч буй тэр ажлын байран дээрээ очоод нэг үз.

Хоёрдугаарт, мэргэжил сонгоход нөлөөлдөг олон хүчин зүйл байдгаас хамгийн түгээмэл нь гэр бүл юм. Өөрөөсөө ч илүү үр хүүхдээ хайрладаг эцэг эхийн ачийг мэдээж тоочоод баршгүй. Гэхдээ хүүхдэдээ хэтэрхий санаа зовж, алдаж эндэх вий гэсэн бодолдоо автан ирээдүйд суралцах мэргэжлийг нь хүүхдийнхээ өмнөөс сонгосноор хүүхдийнхээ ирээдүйн карьерийг үгүй хийх нь цөөнгүй. Магад, хүүхдийн тань өнгөрсөн 20 жилийн амьдрал эцэг эхтэйгээ салшгүй холбогдож байсан бол ирээдүйн 20 жил нь эцэг эхээс тусдаа өрнөнө гэдгийг ойлгох хэрэгтэй. Аав ээж нь эмч бол хүүхдэдээ эмч болохыг тулгах явдал цөөнгүй. Гэвч хүүхэд аав ээжийнхээ мэргэжлийг өвлөхийн тулд төрөөгүй. Хүүхэд өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн гэсэн авьяастай. Мэргэжил сонгохоосоо өмнө ирээдүйд ажиллахыг хүсч буй тэр ажлын байран дээрээ очоод нэг үз. Боломжтой бол дагалдаад ч болсон ажиллаад үз. Тохиолдлоор харсан зүйлээ өөрийнхөө мөрөөдөл болгочихоод дөрвөн жилийн дараа “Энэ биш байжээ” гээд сууж байвал маш харамсалтай.

Бидний амьдрал бол баллуур ашиглахгүйгээр харандаагаар зурах урлаг юм

Амьдрал дээр хүн бүрт харандаа өгсөн. Тэр харандаагаар хүссэн зүйлээ зурж болно. Гэхдээ зурснаа арилгах эрх бидэнд байхгүй. Эцэг эх, найз нөхөд, нийгэм гээд биднийг амьдралынхаа зургийг зурж байхад нөлөөлдөг хүчин зүйлс олон бий. Гэвч, харандаагаар зурах эрх зөвхөн танд л байгаа гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Бид өдөр бүрийн сонголтоо зөв хийж явах ёстой. Тухайлбал, бид хэнтэй нөхөрлөхөө, хэнтэй гэрлэж хамт амьдрахаа, ямар мэргэжил сонгохоо, хаана ажилд орохоо өөрсдөө л шийддэг. Тэгэхээр карьер гээд байгаа зүйл биднээс өөрсдөөс маань шалтгаалдаг. Ухаалаг сонголт хийснээс шалтгаалаад карьер өсөх боломжтой. Товчхондоо, тухайн үеийн сонголтоос ирээдүйн дүр зураг нь тодорхойлогддог гэсэн үг.

Сурах явцдаа туршлага хуримтлуул

Өнөөдөр ямар ч ажлын байран дээр хоёроос дээш жил ажилласан туршлагатай байх шаардлага тавигддаг болсон. Дөнгөж сургуулиа төгсөж буй оюутнууд хоёр жилийн туршлагыг хаана хуримтлуулах юм бэ гэж олон залуучууд асуудаг. Энэ бол боломжтой зүйл. Яагаад гэвэл, суралцаж байх хугацаандаа сайн дурын клуб, иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаад, цаг хугацаагаа зарцуулаад ирэхээр нэгт, үйл ажиллагааг зохион байгуулж сурдаг, хоёрт, харилцааны ур чадвар сайжирч эхэлдэг, гуравт, танилын хүрээ ч сайн нэмэгддэг. Цалин хөлс авахгүй ч гэсэн энэ хугацаанд маш үнэтэй зан чанарууд, туршлагыг эндээс бий болгож болдог. Ирээдүйн зурагласан карьераа бодитой болгохын тулд өнөөдөр маш сайн бэлтгэл хийх хэрэгтэй. Гэхдээ бидний ихэнх нь туршлага гэдэг зүйлийг ташаа ойлгодог.

Тухайлбал, тухайн ажлыг хийсэн хугацаагаар туршлагыг хэмжих сонирхол их байдаг. Гэтэл тухайн ажлыг хийх явцдаа ямар асуудалтай тулгараад тэндээс юу ойлгосон бэ, түүнийгээ хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдэг бол жинхэнэ туршлага юм. Тухайн ажлыг таван жил хийсэн хэрнээ нэг гаргасан алдаагаа давтсаар байвал туршлагатай гэж хэлэхэд хэцүү. Тэгэхэд, нэг жил ажилласан хэрнээ маш их туршлага хуримтлуулж чадсан байх тохиолдол олон.

Карьераа төлөвлөхөөсөө өмнө байг тодорхойл, байг онохын төлөө бүх хүчээ дайчил

Карьераа төлөвлөөд түүндээ хүрэхэд тууштай байдал маш чухал. Маш олон залуучууд сум тавьсан буюу харвасан тухайгаа л яриад байдаг. Угтаа тэр нь чухал биш, тухайн байг оносон уу гэдэг нь л чухал юм. Хэрвээ байг оноогүй бол хэчнээн тодорхой төлөвлөх тусам ирээдүйд чиглэсэн зорилго бодит амьдрал болох нь илүү хурдан байдаг. олон сум харвалаа гээд ямар ч үр дүнгүй. Жишээ нь, оюутнууд өөрсдийн гаргасан зориулалтаа маш их ярьдаг. Нойргүй хоносон, санаа зовсон, хүмүүстэй уулзсан, тухайн ажлыг хийсэн гэх мэт. Гэтэл тухайн суралцагч яг хүссэн үр дүнг гаргаж чадсан уу гэдэг нь хамгийн чухал. Үр дүн гараагүй бол тэр олон зориулалт зүгээр л салхинд хийсэх хамхуул мэт үнэ цэнгүй юм.

Байгаа олохгүй хаашаа хамаагүй харваад байвал ядарна, сум нь дуусна, залхана. Олон зүйл оролдож үзсэн хэвтээ тэнхлэгийн туршлагатай хүмүүс олон байдаг. Гэтэл өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр юм юмны булантайг биш, мэргэшсэн эсэхийг нь их анхаардаг болжээ.

Ирээдүйн карьераа зөвхөн өөрөөрөө битгий хараарай

Намайг дунд сургуулиа төгсөөд их сургуульд сурах гэтэл хамгийн том асуудал нь сургалтын төлбөр байсан. Ээжийн минь цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. Тэр мөнгөөр дөрвөн хүүхдээ өсгөөд, том хүүгээ сая гаруй төгрөгийн төлбөртэй сургуульд сургана гэдэг мөрөөдөл байсан. 

Тухайн үед би Хаан банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөж тэнцсэнээр 500 мянган төгрөгийн тэтгэлэг авсан юм. Энэ мөнгө маань яг үнэндээ хаана ч хүрэхгүй байсан болохоор дахин “Монголын андууд” сангаас олгодог байсан 800 мянган төгрөгийн тэтгэлэгт өрсөлдөж шалгарч билээ. Ингээд I дамжаанд элсэн орж, хуулийн ангид суралцаж байлаа. Хичээлээ хийж байхад миний нүдэнд гэр бүл маань харагддаг байсан. Надад сайн сурахаас илүү ямар ч боломж байгаагүй. Залуучуудад хэлэхэд, та нар ирээдүйн карьераа зөвхөн өөрөөрөө битгий хараарай. Таны ард гэр бүл, магадгүй хань ижил байгаа. Ирээдүйд та тэр хүмүүсийн дунд хэн байх вэ гэдэг нь чухал. Үүний тулд хичээхээс өөр арга зам байхгүй. Их, дээд сургуульд маш олон оюутан сурч байна. 

Таны амьдралын цаг агаар таагүй, бараан үүлтэй байгаа бол та өөрөө л тэр үүлийг хөөж чадна.

Тэр оюутнуудын төлбөрийг төлөхийн тулд хэн нэгэн өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн байгаа. Тэр их зориулалт гаргаж хөдөлмөрлөсөн мөнгийг нь авч суралцаж байгаа болохоор зүгээр сууж цагийг битгий хий хоосон өнгөрүүлээрэй. Учир нь, үр дүнгүй өнгөрүүлж буй цаг хугацааны хэрээр таны карьер унаж, ирээдүйд хүрэх цэг улам доошилж байдаг. Байгалийн хууль хүний амьдралын хууль хоёр их ялгаатай. Таны амьдралын цаг агаар таагүй, бараан үүлтэй байгаа бол та өөрөө л тэр үүлийг хөөж чадна. Та өөрөө л ирээдүйд хэн байхаа шийднэ.

Зориг бидний ирээдүйг гэрэлтүүлдэг

Залуучууд бол нисдэг онгоц. Онгоц газарт байхдаа л аюулгүй байдаг. Гэхдээ онгоц нисэхэд л зориулагдсан. Тиймээс нисэх хэрэгтэй. Юу ч хийгээгүй хүний гар цэвэр байдаг, хэн нэгний нүдэнд өртдөггүй, бас ямар ч алдаа гаргадаггүй. Гэхдээ юу ч сурдаггүй, урагшилдаггүй, байрандаа л байдаг. Залуучууд бидэнд хуримтлуулсан туршлага, цуглуулсан хөрөнгө байхгүй. Тэгвэл бидэнд юу байгаа вэ гэвэл ирээдүйн мөрөөдөл, түүндээ хүрэх гэсэн чин хүсэл зориг байна. Залуу хүнийг алдаа нь хүртэл гоёдог гэж үг бий. Тэгэхээр залуучууд бид алдаанаас айлгүй ахиж дэвжих боломжийг бүрдүүлэх нь чухал байна. Цаг хугацаагаа нарийн тодорхой төлөвлөх тусам ирээдүйд чиглэсэн зорилго бодит амьдрал болох нь илүү хурдан
байдаг.

Нийтлэлийг: Т.Гүндэгмаа
Гэрэл зургийг: О.Мягмардорж
Эх сурвалж: "НийслэлGuide" №63/ 2017 долоо, наймдугаар сар